Шар мэдээ

Ерөнхийлөгчийн баасан гарагийн улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны тухай санал солилцлоо.  Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчилна хэмээж байсан ч энэ айлчлал албан ёсоор цуцлагдсан нь тодорхой болов. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах сонирхолгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан ч  үнэний ортой бололтой.  Ийнхүү Төрийн тэргүүн нар утсаар асуудлаа ярилцав.

Тэд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр ОХУ-ын эрдэмтэд  цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.

Үүний хариуд Ерөнхийлөгч В.Путин Монголын талаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.  Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов. Мөн төгсгөлд нь  В.Путин удахгүй биечлэн уулзана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Мөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга амласан ёсоор УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан.   Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрсөнгүй.

Өмнө нь УИХ-аар батлахад нь ч хориг тавина гэдгээ мэдэгдэж байв. Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж,  гишүүдийн 78.8 хувь нь дэмжиж баталсан. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм.

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй.   Тэд Д.Солонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв.   Түүнчлэн  ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!