Амьдрал

Хашаандаа алимны мод тарих амархан аргыг сураад аваарай

Талбайг сонгох:

Алим тарих талбай нь хаана хаанаасаа нар чөлөөтэй тусдаг, тэгш буюу бага зэргийн налуу гадаргуутай, хүйтэн хургаж тогтдоггүй, ээвэр нөмөр дулаан газар байвал зохино. Хөрсний усны түвшин 1,5-2м-ээс доош байх шаардлагатай бөгөөд алиманд үржил шимээр баялаг хар шороон хөрс хамгийн тохиромжтой.

Хөрсийг бэлтгэх:

Тарих газраа урьдчилан сонгоод тэндээ байгаа бусад мод ургамал, чулуу, дов, сондуул зэргийг авч хотгор гүдгэрийг тэгшилнэ. Хөрсөө аль болох гүн хагалж боловсруулвал зохино. Алимны мод суулгах нүхийг 1м-ийн диаметртэй 70см-ээс доошгүй гүн ухаад бууц 25-30кг, суперфосфат 100-200г, хлорт кали30-40г-ийг тус тус шороотой хольж нүхэндээ хийнэ. Ингэж бэлтгэсний дараа нүхээ дүүртэл нь ус хийгээд бүтээж хонуулна. Шөнөдөө ус бүрэн шингэж хөрсний усны нөөц нэмэгддэг сайн талтай.

Суулгах хугацаа:

Манай оронд алимны суулгацыг тарих хамгийн ашигтай хугацаа нь 4-р сарын 25-аас 5-р сарын 10-ны хоорондох хугацаа юм. Хавар хөрс гэсэсний дараа 7-10 хоногт багтаан суулгавал амьдралт нь төдий чинээ өндөр байна. алимны суулгацыг намар тарьж болно. Гэвч энэ үед амьдралт нь батжаагүй учраас өвлийн хүйтний тэсвэрлэлтийг даадаггүй.

Алимны суулгацыг тарих ба тарьсаны дараах арчилгаа:

Манайд модыг аль болох гүнд суулгадаг, энэ нь модны амьдрах чадварыг бууруулдаг. Анх суулгацыг ямар гүнд байсан яг тэр гүнд нь суулгах хэрэгтэй. Суулгасны дараа нүхний амсарыг тойруулан шороогоор 20см-ээс намгүй хамар гарган тогоо хийнэ. Суулгасны дараа модоо заавал усална.

Залуу модыг арчлах:

Хавар хөрс гэсэсний дараа 8-10 см гүнд сийрүүлж ууршилтыг багасгах арга хэмжээ авна. 2-3 жил тутамд 1 удаа нэг ам дөрвөлжин метр талбайд 2-4кг буюу 1 га-д 20-40тн бууцаар бордоно. Нэг модонд азот 0,2-0,4кг, фосфор 0,8-1,2кг, кали 0,2-0,3кг орохоор бодож бордоно. Бордохдоо фосфор, калийн бордоог намар, азотын бордооны тал хувийг хавар эрт нахиа задрах үеэс цэцэглэлт хүртэл үлдсэн хэсгийн хагасыг 6-р сард хийж үлдсэн хэсгийг нь намар бусад бордоотойгоо хамт хийнэ.

Жимслэж байгаа модыг арчлах:

Жимслэлтийн үед 3 жил тутамд бууц нэг удаа 3-4кг-ийг хийж, эрдэс бордоогоор жил бүр бордоно. Эрдэс бордоог хавар 4,5-р сард азот 30г, фосфор 40г, кали 15г-аар бодож модны шилбэ орчимд хийнэ. Алимны модонд үхрийн баас юмуу шувууны сангасны шингэн илүү тохиромжтой байдаг. Анхны нэмэлт бордоог 5-р сарын эцэс буюу модны өсөлт эхлэх болон цэцэглэхийн өмнө, хоёр дахь нэсэлт бордоог 7-р сарын гурав дугаар 10 хоногт өгнө.

Алимны модыг өвөлд бэлтгэх:

Модыг намар будах ажил юм. Үүнийг 9-р сарын 2-р хагасад дулаан хуурай үед хийдэг. Модны шилбэ, гол иш үндсэн бүдүүн том мөчрүүдийг будна. Үүний тулд шохойн уусмалыг бэлтгэж хэрэглэнэ. Үүнд: 2кг шохой, 3кг шавар, 0,5кг үхрийн баасыг 8л усанд хольж хэрэглэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!