Мэдээ

НУРУУНЫ БӨГТРӨӨ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ?

Нурууны бөгтгөрийг засахын тулд тууштай байх хэрэгтэй. Үр дүнд нь гадаад төрхөнд тань гарсан өөрчлөлтийг хараад өөртөө итгэх итгэл ямар их нэмэгдэнэ гэж санана. Хэрвээ та өөрийгөө буруу суудаг, бөгтөр нуруутай гэж боддог, үүндээ сэтгэл хангалуун биш байгаа бол одооноос эхлэн дараах алхмуудыг хийж эхлээрэй. Учир нь буруу сууж, бөгтийх нь урт хугацаандаа эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг билээ.

ЗӨВ БАЙРЛАЛАА ОЛ

Нурууныхаа зөв байрлалыг олохын тулд дараах алхмуудыг хийхийг зөвлөе.

1. Эрүүгээ тэгшил
2. Мөрөө цэхэл
3. Гэдсээ сулла. Үүний дараа хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад биеийг тань таазнаас унжсан утас өргөж байгаагаар төсөөлөөрэй. Ингэж төсөөлснөөр та нуруугаа цэхэлж, зөв байрлалаа олж чадна.

1. ХАНАТАЙ АЖИЛЛА

Нуруугаа тэнэгэр байлгахад ашигладаг хамгийн түгээмэл арга бол хана эсвэл хаалга налах юм. Ингэхдээ толгойнхоо арын хэсэг, мөр, өгзгөө хананд тулгаж суух хэрэгтэй. Гэхдээ хөл тань хананаас 5-10 см зайтай байх ёстой гэдгийг анхаараарай.

Хана налахдаа нурууны хотгор хэсэг болон хананы хооронд хэр их зай байгааг гарын алгаараа шалгаж үзээрэй. Хэрвээ гар тань чөлөөтэй багтах хэмжээний зай байвал гэдсээрээ нуруугаа шахаж тухайн зайг багасгаарай. Учир нь зай бага байх тусмаа таны нуруу зөв байрлалд орж байна гэсэн үг. Эсрэгээрээ гар орох зайгүй байгаа бол нуруугаа чадах чинээгээрээ хотойлгоорой. Дээрх үйлдлүүдийг хийж дууссан бол тухайн байрлалаа хадгалж хананаас холдоно. Энэ байрлалаа алдахгүйг хичээж, нуруугаа тогтмол засаж байх нь үр дүнтэй шүү.

Хэрвээ та дээрх аргыг ашиглах боломжгүй байгаа бол толгойгоо гэдийлгэн эрүүгээ тэгшилж, хэвлийн хэсгээ тэнийлгэх төдийд л мөр, цээж, гэдэс тань зөв байрлалдаа өөрийн эрхгүй шилжинэ. Та яг одоо үүнийг туршаад үзээрэй. Хэрвээ та толгойгоо гэдийлгээд, эрүүгээ тэгшилбэл цээж тань өөрийн эрхгүй урагш төвийх болно. Харин мөрөө тэнийлгэснээр хэвлийн хэсгийн байрлал өөрчлөгдөж, нурууны хэсэгт зөв хэлбэртэй муруй үүснэ.

2. НОМ АШИГЛА

Толгой дээрээ ном тавьж алхах нь хамгийн шалгарсан арга юм. Энэхүү дасгалыг гэртээ байх хугацаандаа тогтмол хийж хэвшвэл гадуур гарахдаа толгой дээрээ ном байгаа мэтээр төсөөлөхөд хялбар байх болно. Цэх алхаж сурах нь цэх зогсож сурахаас эхэлдэг. Толгойгоо өргө, мөрөө тэгшил, цээжээ төвийлгө, хараагаа шулуун байлга.

3. ЗӨВ СУУХ БАЙРЛАЛАА ОЛ

Шалан дээр суугаад, хоёр алгаа доош нь харуулж, өгзөгнийхөө доор байрлуул. Хоёр алган дээр тань биеийн жингийн ачаалал ирэхээс гадна алга бүхэлдээ газарт байрших хүртэл нуруугаа тэгшлээрэй. Энэ нь таны зөв суух хамгийн сайн байрлал юм.

Харин сандал дээр суух үед хөлийн ул шалан дээр бүрэн тавигдсан байх ёстой. Хөлөө ачих, хоёр хөлөө зөрүүлж суух зэрэг нь нуруунд ирэх ачааллыг нэмэгдүүлж байдаг. Хэрвээ таны хөл газарт хүрэхгүй байгаа бол сандлынхаа өндрийг тохируулах эсвэл хөл амраагч ашиглаж хэвшээрэй.

4. КОМПЬЮТЕРЫН ДЭЛГЭЦИЙГ ТОХИРУУЛ

Хэрвээ та компьютерын өмнө олон цагаар суудаг бол дэлгэцийнхээ өнцгийг зөв тохируулаарай. Дэлгэцээ 90 градусын тэгш хэмтэй байрлуулахаас илүүтэйгээр дэлгэмэл өнцөг үүсгэж гэдийлгэх нь таныг зөв суухад тусална.

5. НУРУУГАА АМРАА

Хэрвээ та урт хугацаагаар сууж ажилладаг бол цаг тутам суудлаасаа өндийж, хөдөлж хэвшээрэй. Завсарлахаа мартаад байгаа бол сэрүүлэг тавихыг зөвлөе.

6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ

– Далавчны дасгал: Сандал дээр сууж байх үедээ нуруугаа тэгшлээд мөр болон далавчаа хооронд нь шахаж 5 хүртэл тоолоорой. Үүнийг өдөрт 3-4 удаа хийж хэвшвэл үр дүнтэй.

– Оцон шувууны хөдөлгөөн: Тохойгоо мөртэйгөө зэрэгцүүлээд гараа мөрөндөө хүргэж буй байрлалыг аваад, хоёр гараа хойш нь сунгаж тэнийлгэнэ. Энэхүү дасгалыг вэб хуудас ачаалж байх зуур эсвэл талх шарж байхдаа гээд хэзээ ч хийж болох юм.

– Иог: Мөрөө тэгшилж, уян хатан байдлаа сайжруулахын тулд иог хийх нь ихээхэн үр дүнтэй. Иог нь биеийн тэнцвэр, булчингийн хөгжил, биеийн зөв хэлбэрийг бий болгоход тань тусална. Интернетэд байршсан иогийн үнэгүй хичээлүүдийг үзээрэй.

Эх сурвалж: Wikihow

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!