Сэтгэл зүй

Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

Сэтгэл гутрал нь хүн болгонд нийтлэг тохиолдож болох, сэтгэл хөдлөлийг сулруулж, биеийг тамирдуулдаг өвчин гэж хэлж болно. Хэцүү асуудлаас болж гуниглах зэрэг мэдрэмж байх ч гэлээ сэтгэл гутралд урт хугацаагаар автах нь таны ажил төрөл, хооллолт, нойронд нөлөөлж цаашлаад амьдралыг таашаахад тань хүртэл саад болдог. Тиймээс сэтгэл гутралд автсан эсэхээ эртхэн танин мэдэж, яаралтай арга хэмжээг өөрийн зүгээс авч, шаардлагатай бол сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй юм.

1. Итгэл найдвараа алдсан мэт мэдрэмж.

-Өөрт тохиолдсон асуудлаа давж гарахааргүй, юу ч хийж чадахааргүй болсон мэт санагдах.

2. Өдөр тутам хийж буй зүйлсээсээ залхах.

-Сонирхдог зүйлсээ ч тоохоо больж, нийгэмд оролцохоос зайлсхийх.  Ямар нэгэн зүйлийг таашаах болоод тайван байх чадвараа алдах.

3. Хоолны дуршил эсвэл жингийн өөрчлөлт.

-Мэдэгдэхүйц жин хасагдах эсвэл нэмэгдэх – нэг сарын дотор биеийн жин 5 хувиас илүү өөрчлөгдөх.

4. Нойр солигдох.

-Нойргүйдэл ч гэж хэлж болохоор уг шинж тэмдэгт үүрээр хэт эрт сэрэх эсвэл хэт их унтах зэрэг орно.

5. Уур уцаар ба зөрүүд байдал.

-Уур уцаартай, догшин эсвэл хэрцгий болох. Тэвчээр чинь багасаж, хурдан бухимдаж, бүх зүйл ба хүн болгон таны уур уцаарыг барах.

6. Тамирдах.

-Сульдсан мэт мэдрэгдэх, хөдөлгөөн удаашрах, бие махбодоороо тамирдах. Бүх бие чинь хүнд оргиж, маш багахан ажил ч гэсэн урт хугацааг зарцуулах юм шиг хэцүү санагдах.

7. Өөрийгөө жигших.

-Өөрийгөө ямар ч үнэ цэнгүйгээр эсвэл нүгэлтэйгээр мэдрэх. Өмнө хийсэн алдаа эндэгдлээ хэт хурцаар зэмлэн шүүмжлэж, өөрийгөө дорд үзэх.

8. Тогтворгүй зан суртахуун.

-Хүч хэрэглэх зэрэг балмад зан суртахуун илрэх, мөрийтэй тоглоом зэрэгт донтох, хайхрамжгүй машин барих, эсвэл эрсдэл өндөртэй спортоор хэт их хичээллэх.

9. Анхаарал хандуулах чадвар муу байх.

-Юманд төвлөрөх, шийдвэр гаргах, хийсэн зүйлсээ санах зэрэгт хүндрэл үүсэх.

10. Шалтгаангүй загатнах, өвдөх.

-Толгой, нурууны өвчин мэдрэгдэх нь ихсэж, булчингийн хэсгээр загатнаж, гэдсээр хатгуулах.

Сэтгэл гутарсан үед хонгилын үзүүрт өчүүхэн ч атугай гэрэл байхгүй юм шиг мэдрэгддэг. Гэхдээ та хичээж чадвал өөрийнхөө сэтгэл санааг өргөж, дээрдэж болох хэд хэдэн арга бий.

1. Бусадтай харьц.

Бусдад төвөг учруулмааргүй, ганцаараа баймаар санагдсан ч ганцаардал гэдэг таны сэтгэл гутралыг улам гүнзгийрүүлэх тул хайртай дотнын хүмүүс болоод найз нөхөдтэйгөө уулзаарай. Хэн нэгэнтэй нүүр тулж уулзаад өөрийнхөө асуудлыг хуваалцана гэдэг танд маш том тус хүргэнэ. Ярилцагч тань таныг шүүмжлэхгүй, яриа таслахгүй тэвчээртэй сонсогч байхад л болно.

2. Дасгал хөдөлгөөн хий.

Сэтгэл гутралд автсан үедээ орондоо хэвтэхийн оронд энгийн хялбар дасгал хий. Гадаа хэсэг алхаж, хөгжим тавиад бүжиглэсэн ч болно. Хамгийн гол нь багахан дасгал хөдөлгөөнөөс эхлээд алхам, алхмаар сайжруулаарай .

3. Сэтгэл санааг дэмждэг хүнс хэрэглэ

Таны сэтгэл зүйг хордуулж болох кофеин, алкоголь, сахар, тослог ихтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэхээс зайлсхий. Харин сэтгэл хөдлөлийг дэмждэг шим тэжээл ихтэй, Омега-3 агуулсан хүнсийг (Хушга, өндөг, загас, далайн байцай, брокколи г.м) хэрэглээрэй.

4. Дахин нийгэмтэй хөл нийлүүлэн алхах гарц хай

Байгальд хэсэг цагийг өнгөрөөж, амьтан тэжээж, сайн дурын ажил хийж, хуучин сонирхдог байсан зүйлсээ үргэлжлүүл – эсвэл шинийг ол. Эхэндээ тааламжгүй санагдсан ч хугацаа өнгөрөх тусам сэтгэл тань дээрдэх болно.  Гэр бүл, найз нөхдийн дэмжлэг болоод дээрх зүйлс ч үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн хүнд хандах цаг нь болжээ гэсэн үг. Сэтгэл гутралыг эмчилж болох маш олон гарц үргэлж байдаг.

Эх үүсвэр: iToim.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!