Түүх

Польшийн нэрт хөгжмийн зохиолч, дайны баатар, Нацистуудын хоморголон устгалаас амьд үлдсэн Владислав Шпилман

ХӨГЖИМ ЭЦГИЙН МИНЬ АМИЙГ АВАРСАН

Польшийн нэрт хөгжмийн зохиолч, дайны баатар, Нацистуудын хоморголон устгалаас амьд үлдсэн Владислав Шпилманы тухай ТӨГӨЛДӨР ХУУР киног үзээгүй хүн ховор биз ээ. Түүний хүү Андрей Шпилман:
Миний эцэг дайны дараа Коммунист намын эсвэл засгийн газрын ямар нэг байгууллагын гишүүн болоогүй ч Польшийн Радиогийн нэгээхэн хэсэг байсан. Түүний өдөр тутмын ажлын нэг хэсэг Шопен байсан юм. Тухайн үед Шопений хөгжмийг зогсоохыг хориглодог, эцгийг минь тоглож байхад тасалдуулахыг зөвшөөрдөггүй байсан гэдэг.
Хөгжим миний эцгийн амийг аварсан. Гэхдээ зөвхөн Герман офицерын өмнө тоглосон нь ч нөлөөлсөн юм биш. Үнэн хэрэгтээ тэр Герман офицер олон хүний амийг аварсан нэгэн байсан юм. Тэрээр Католик, Еврей хүмүүсийн амийг аварсан тухай түүхэнд өгүүлсэн нь бий. Дээрээс нь миний ойлгосноор аав минь хөгжмийн хүчээр л дайны он жилүүдийг тэсэж гарсан болов уу.
Эцэг маань дайны үед гэр бүлийнхнийгээ тэжээхийн тулд төгөлдөр хуур тоглодог байсан. Бидэнд ч зааж сургасан. Ер нь хараад байх нь ээ эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжим тоглуулж сургах их хэрэгтэй зүйл. Хүүхдийн бага нас хөгжимгүй өнгөрнө, хөгжмийг ойлгохгүй байна гэдэг харамсалтай юм. Жишээ нь Моцартын хөгжмийг багаасаа сонсож өсвөл сэтгэн бодох чадварт нөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэхэд тустай гэдэг.
Бага залуудаа хөгжмийн боловсрол олж авснаар тархины зарим хэсгийг эрчимтэй хөгжүүлдэг. Хэрэв хөгжим байхгүй бол тэр хэсэг нь огт хөгждөггүй гэнэ лээ. Мөн хөгжим заримдаа хүнд хэцүү цаг мөчийг өнгөрүүлэхэд тустай гэдэг.
Эцэг минь дайны дараа олон алдартай хөгжим бичсэн. Хаана ч хамаагүй хөгжим бичдэг л байсан. Саяхан би аавынхаа УЛААН АВТОБУС дууны хөгжмийг амны цаасан дээр бичсэн байхыг нь олсон шүү. Нэг удаа Зальцбургт болсон хөгжмийн наадмын үеэр төгөлдөр хуурч нь өвчтэй ирж чадахгүй гэдэг юм байна. Аав маань түүний тоглох ёстой байсан нотыг хальт харчихаад л тайзан дээр гарсан. Дээрээс нь тэр орой морин хийл хүртэл тоглосон шүү. Ер нь миний эцэг хөгжмийн нотыг сонин уншиж байгаа юм шиг л ойлгодог байлаа.
Зөвхөн Герман офицерын ачаар миний аав амьд үлдээгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэдэн зуун сайн санаат хүмүүс өөрсдийн амь насыг эрсдэлд оруулан байж мөнгө цуглуулж түүний амьд үлдэхэд тусалсан. Харин үүнийхээ хариуд тэд талархал хүсээгүй, мөнгө авахыг бодоогүй. Тэд зүгээр л сэтгэлийнхээ угаас аавд минь тусалсан юм.

Эх сурвалж: Сонирхолтой, Сургамжит, бодит түүхүүд

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!