Түүх

Нэгэн бизнес эрхлэгч өр зээлэнд дарагдаж сэтгэл санаагаар унаж гэнэ

Ялна гэсэн итгэлтэй хүн л ялалтанд хүрдэг. 
Нэгэн бизнес эрхлэгч өр зээлэнд дарагдаж сэтгэл санаагаар унаж гэнэ. Хөөрхий залууг банкнаас ч тэр, харилцагч нар нь ч тэр байнга өрөө төл гэж шахаж дарамтална. Нэгэн удаа залуу цэцэрлэгт хүрээлэнд компаниа дампуурлаас аврах талаар бодож суув.
Тэгтэл түүний өмнө нэгэн буурал үстэй өвгөн гарч ирээд: “Сайн байна уу, Та зүгээр үү? Байгаа байдлыг тань ажихад ямар нэг асуудал таны сэтгэлийг түгшээж байгаа бололтой!” гэж хэлэв. Залуу өөрт нь тохиолдсон явдлыг дэлгэрэнгүй ярьж өгөв.
Түүний түүхийг сонссон өвгөн: “Юу гээч, би танд тусалж чадах юм шиг байна.” гэжээ. Өвгөн залуугийн овог нэрийг нь асууж аваад карманаасаа мөнгөний чек гаргаж бөглөөд залуугийн гарт атгуулжээ. “Яг жилийн дараа энэ газраа, миний өгсөн мөнгийг эргүүлж өгөөрэй” гэж хэлээд гарч ирсэн шигээ нүд анивчихын зур алга болоод өгөв.
Залуу гарт нь байгаа чекийг дэлгэж харвал Джон Рокфеллерын (дэлхийд толгой цохидог баячуудын нэг) гарын үсэгтэй 500.000$ -ын чек байв!
– “энэ мөнгөөр би өөрийн бүхий л асуудлуудыг ганцхан хормын дотор шийдчих юм байна” гэж дотроо бодоод маш ихээр баярлав.
Гэхдээ тэрээр энэхүү мөнгийг ашигласангүй. Харин сейфэндээ хадгалаад өөрийн ажлыг цоо шинээр итгэл дүүрэн эхлэв. Дансанд нь 500.000$ байгаа гэдэг ганц бодол л түүнд маш их урам, эрч хүч, итгэл найдвар өгч байв. Ингэж явсаар тэрээр ашигтай хэд хэдэн худалдаа наймаа хийж, томоохон байгууллагуудтай гэрээ байгуулж эхэлжээ. Хэдхэн сарын дотор тэрээр өр зээлээсээ салж ашиг олж эхлэв.
Яг жилийн дараа залуу тохирсон ёсоор нөгөө цэцэрлэгт хүрээлэндээ өвгөний өгсөн 500.000$ чекийг барин очжээ. Өвгөн ч удалгүй гараад ирж гэнэ. Залуу чекийг нь буцааж өгөөд өөрийн түүхээс хуваалцах гэтэл нэг сувилагч эмэгтэй гүйж ирээд өвгөнийг бариад авлаа.
– “Ёоох, ашгүй дээ! Энэ хүн танд төвөг учруулаагүй биз? Эмнэлгээсээ зугтчихаад байдаг юм. Тэгээд хүмүүст өөрийгөө Джон Рокфеллер гэж худал яриад явдаг хэцүү зөнөг толгой байгаа юм.” гэж хэлээд нөгөө өвгөнийг түргэний машины зүг дагуулаад явав.
Залуу шоконд орон хэдэн хором хөдөлгөөнгүй зогсоно. Бүтэн жилийн турш тэрээр сейфэнд нь хагас сая ам. доллар байгаа гэсэн итгэлтэйгээр худалдаа наймаа хийж бизнесээ явуулж ирсэн байж. Тэгтэл дөнгөж сая л түүний амьдралыг төсөөллийн 500.000$ тэр чигээр нь өөрчилсөн болохыг ойлгож гэнэ.
Чухал мөчид итгэл үнэмшил, зориг хамгийн чухал байр суурь эзэлдэг гэдэг энэ дээ.

Эх сурвалж: Сонирхолтой, Сургамжит, бодит түүхүүд

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!