Охид Залуус

Эрчүүд шиг тоглож эмэгтэйгээрээ үлдэх нь

Эмэгтэйчүүд яагаад нийгмийн өрсөлдөөн дунд эрчүүдийн ард хоцордог юм бэ? гэсэн асуулт амбицтай хүүхнүүдэд тулгардаг. Зарим нь энэ үнэнийг хүлээн авч чадахгүй “Өнөөдрийн монголын амьдралыг эмэгтэйчүүд л авч явж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар ч ялгаа байхгүй” гэж гөжүүдлэх нь ч бий.

Гэвч “уучлаарай”, эрэгтэй, эмэгтэй хүмүүст өчүүхэн жижгээс эхлээд асар том ялгаа байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Тэр ялгаанууд юу вэ? заримаас нь жагсаан бичихийг оролдъё.

Юуны өмнө хүүхэд ухаан орохдоо эргэн тойрныхоо томчуудын зан үйлийг дууриан тоглож эхэлдэг. Охид хоёр гурваараа айл гэр, ээж, багш болон тоглож байхад хөвгүүд байлдаж тоглоно. Үүнд ирээдүйд үүсэх асар том ялгаа оршдогийг бид мэддэггүй. Учир нь хөвгүүд ийнхүү багийн тоглоомоор тоглохдоо заавал нэгийгээ “даргаар” эсвэл атаманаар сонгож, удирдагчгаа хүлээн зөвшөөрөх, нөгөө нь манлайлах ур чадварт суралцах зэргээр тоглоомын дүрэмд хүүхэд суралцаж өрсөлдөөнт орчинд дасан зохицож эхэлдэг.

Аль ч соёлд байдаг ёс суртахууны уламжлалт суртал. Охид төлөв даруу, цэвэр ичимтгий байх, хөвгүүд эрэлхэг зоригтой, холын хараатай байх тухай багаас нь сургадаг нь охидыг идэвхгүй байдалд дасгаж, өөрийгөө илэрхийлэх, “би” –гээ мэдрэхэд саад болдог.

Үерхэл нөхөрлөлд эмэгтэй хүн цэвэр сэтгэл хөдлөлөөр ханддаг бол эрэгтэйчүүд ихэнхдээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Охид сурагч, оюутан үеийн найзуудтайгаа амьдралын аар саар зовлон жаргалаа хуваалцахаас хэтэрдэггүй байхад, хөвгүүд хамтран мөнгө олох, нэг нэгнийгээ дэмжих зэргээр илүү ажил хэргийн харилцаанд ордгоороо ялгаатай. Билл Гейтс оюутан цагийн найзтайгаа хамтран “Майкрософт”-ын эзэнт гүрнийг байгуулсан жишээ бэлээхэн байж л байна шүү дээ.

Эмэгтэйчүүд бие биенийгээ өрсөлдөгчийн нүдээр хардаг нь харилцан холбоо тогтоож, хамтын амжилтанд хүрэхэд нь садаа болдог бол эрэгтэйчүүд хүчирхэг хамтрагчаа хайж байдаг нь бидний хоорондхи асар том ялгаа юм. “Эр хүн эр хүндээ хайртай” байхад эмэгтэйчүүд бие биенээ хялайн үздэг нь эрт омгийн байгууллын үеийн элэнц хуланц эмгэдээс маань уламжлагдан ирсэн хамгийн хорт зуршил юм. Америкийн нэгэн судлаач иомоохон корпорациудын удирдах зөвлөлийн гишүүн эмэгтэй захирлуудын дунд судалгаа хийж үзэхэд тэд зөвлөл дотроо голдуу ганцаараа эмэгтэй байдаг учраас маш их ганцаарддаг, өөртэйгээ адил албан тушаалтай эмэгтэй захирлуудтай танил биш, харин эрэгтэйчүүд хүрээлэлдээ бараг оруулдаггүй гэсэн нийтлэг “зовлонтой” нь илэрсэн байна.

Эрсдэлээс айх айдас. Эмэгтэй хүн амьдралдаа томоохон эрсдэлтэй алхам хийхээс айдаг. Харин эрчүүд сүүлчийн зоосоо гөвж байгаад мөрий тавихаас эхлээд, зүүдэнд ормооргүй “мөрөөдлийн” төсөлд үл хөдлөх хөрөнгөө төвиад хөрөнгө оруулж аз туршихаас буцдаггүй.

Хамтын эрх ашиг. Бүхэл бүтэн хаус авах мөнгөөр очир алмас аваад зүүчихдэг бэлтэй бүсгүй нэг улстөрч эмэгтэй, эсвэл найзынхаа сонгуулийн кампанид аравны нэгээр нь хандив өргөх тухай бодох нв бараг үгүй. Харин эрчүүд аль илүү “шанстай” нэгнийхээ төлөө хэтэвчээ гөвж байгаад хор найруулна.Дараа нь ялалтын найрыг хамтдаа хийх юм чинь. Бүр адгийн архичин ч найзынхаа шарыг тайлахын тулд халаасаа тэмтэрнэ.

Эмэгтэйчүүд ажлаа ширээний ард суухаар хязгаарладаг бол эрэгтэйчүүд биллиардын ширээ, саун, ан авд явж дампуурч байхдаа ч ажил хэргийн амин эрх ашгаа мартдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний андын нөхөрлөл, зугаа цэнгээн, ажил хэрэг нь хоорондоо сайн гэгч холилдсон байдаг.

Ер нь ч тэдэнд ажлыг сайн хийх нь гол биш эрчүүдийн эцсийн зорилго нь мөнгө, засаглал хоёр байдаг бол эмэгтэйчүүд таашаал авахын тулд ажил хийдэг нь амжилтанд хүрэхэд нь саад болдог байна.
Эдгээр нь “тэдний” болон бидний тоглоомын дүрмийн ялгаанууд юм. Гэхдээ эцэст нь анхааруулахад эрчүүдийн тоглоомын дүрмээр ялалтанд хүрсэн бүсгүй эмэгтэйгээрээ үлдэх нь хамгийн чухал дүрэм юм шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!