Бизнес

Омахагийн зөнч- Уоррен Баффетийн хөрөнгө оруулалтын зарчим

Ихэнх хамтрагчдынх нь баталснаар Уоррен Баффет бол хувьцаанд хөрөнгө оруулж өөрийн баялгаа бүтээсэн хамгийн азтай хөрөнгө оруулагч мөн. Энд “аз” гэдэг үг тийм тохиромжтой биш ч байж магад. Хөрөнгө оруулах объектоо сонгохын тулд Баффет гагцхүү суурь шинжилгээнд тулгуурлан үйлдвэрлэгч-компаний санхүүгийн болон үйлдвэрлэлийн үзүүлэлтэнд ач холбогдол өгдөг. Тэрээр зүгээр нэг хувьцааг биш харин энэ үнэт цаасны цаана байгаа амжилттай бизнесийг худалдаж авдаг. Баффетын бодож байгаагаар дутуу үнэлсэн үед нь л эдгээр хувьцааг авахыг илүүд үзнэ. Мэдээж Баффет урт хугацааны хөрөнгө оруулагч, тэр хувьцааг ойролцоогоор 10 жил барьдаг. Хувьцааг худалдаж авсны дараа бирж дээр юу болж байгаа нь түүний санааг нэг их зовоодоггүй гэнэ.
Өөрийнх нь ойлголтоор сайн хувьцааг хэзээ хангалттай ашиг авчрах чадвартай болно тэр хүртэл барих хэрэгтэй. Хугацаанаас нь өмнө зарах шаардлагагүй энэ нь Berkshire Hathaway (BRKA) (BRKB) санхүүгийн үзүүлэлтийг бууруулахад хүргэнэ гэж үздэг. “Амжилттай хөрөнгө оруулалтын нууц нь сайн хувьцаануудыг оновчтой үед нь сонгож аваад, тэдгээрийг сайн хэвээр үлдтэл нь барьж байх хэрэгтэй” гэж “Омахагийн зөнч” хэмээгддэг Баффет өөрийн хөрөнгө оруулалтын онцлогоо тодорхойлдог. Баффетийн стратегийн амжилтын хамгийн алдартай буюу хамгийн их яригддаг нэг зүйл нь 1965 онд түүний компанид оруулсан 10000 доллар нь өнөөдөр 30 сая болсон бол, S&P 500 индекст оруулсан 10000 доллар нь дөнгөж 500 мянга болсон байна. Баффет өөрөө “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтад байнга 2-р байрт бичигддэг бөгөөд түүний одоогийн хөрөнгө 42 тэрбум доллар юм. Уоррен Эдвард Баффет 1930 оны 8-р сарын 30-ны өдөр Небраска мужийн Омаха хотод төржээ.
Эцэг Говард Баффет нь биржийн амжилттай трейдерүүдийн (арилжаачдын) нэг байсан. Баффетынх 4 хүүхэдтэй ба тэдэн дотор ганц эрэгтэй нь Уоррен байжээ. Тэрээр бүр багаасаа л тооны ой тогтоолт нь гойд гэдэг нь тодорч, АНУ-ын янз бүрийн хотуудын хүн амын тоог нэг удаа сонсоод л тогтоодог байсан байна. Уоррены өвөө нь Омахад хүнсний лангуутай байсан бөгөөд түүнд нь Баффетын одоогийн хамтрагч Чарли Мангер ажилладаг байв. Бяцхан Баффет 6 настайдаа анхныхаа мөнгөний ажлыг хийсэн нь өвөөгийнхөө дэлгүүрээс ширхэгийг нь 25 центээр 5 лонх кока кола худалдан авч гэрийнхэндээ 50 центээр зарсан явдал байв. Эцгийнх нь ажил Уоррены сонирхлыг ихэд татсанаар 11 настайдаа биржийн худалдаанд өөрийгөө сорьж эхэлжээ. Том эгч Дористойгоо хамтран эцгээсээ мөнгө зээлж “Cities Servise” компаний 3 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 38 доллараар худалдан авчээ.
Тун удалгүй уг хувьцааны үнэ 27 доллар хүртэл бууснаа, 40 доллар хүртэл өссөн үед хувьцаагаа зарж 6 долларын ашиг гаргажээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Cities Servise” компаний хувьцаа 200 доллар хүртэл өссөн байна. Баффет одоог хүртэл өөрийн тэр алдааныхаа тухай дурсаж, амьдрал түүнд хөрөнгө оруулалтын үндсэн зарчим болох “Тэвчээр амжилт дагуулна” гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулсан гэдэг. 13 настай залуу Уоррен “Вашингтон пост” сонины түгээгчээр ажиллаж сард 155 долларын орлого олох боллоо. Энэ амжилтаараа гэр бүлийнхнээ гайхшруулснаар барахгүй, хэрэв би 30 насандаа саятан болохгүй л юм бол Омахын хамгийн өндөр байшин дээрээс үсэрнэ гэж мэдэгджээ. Эцэг эх нь Уорреныг тэр үед улам их ухаан сууна гэдэг бодлоор өөрсдийгөө тайвшруулж байлаа. Тэдний итгэл талаар болсонгүй, мөн тэдний хүссэнээр ч болоогүй юм. Баффет 30 насыг сайхнаар үдсэн бөгөөд өөрийг анхны 1 сая долларыг 31 насандаа олж чаджээ.
How Warren Buffett Won His Multi-Million Dollar Long Bet | by Ahmed Kabil | Long Now | Medium
1947 онд ахлах сургуулиа төгссөний дараа Пенсильван мужийн их сургуулийн санхүүгийн факультетэд орж 2 жил суралцаад Небраска мужийн их сургуульд шилжин 1950 онд бакалаврын зэрэгтэй төгсжээ. Үүний дараагаар тэр өөрийн амьдралын бизнесийн хамгийн гол их сургууль болох Колумбын тойргийн их сургуульд элссэн байна. Энэ сургуульд орохын өмнө Харвардын сургуульд элсэх өргөдөл өгсөн боловч түүнийг элсүүлээгүй юм. Их сургуулийн сонголттой холбоотой дараа дараачийн сонголтууд нь цаашдын амьдралд нь чухал нөлөө үзүүлжээ. Колумбын их сургуульд байхад нь алдарт Бенжамин Грэхэм үнэт цаасны дүн шинжилгээний семинар заадаг байсан ба энэ семинарыг Баффет “A+” дүнтэйгээр төгсөж байсан нь Грэхэмийн багшлах хугацаандаа анх удаа тавьсан дүн байлаа. Сургуулиа төгссөнийх нь дараа Грэхэм өөрийн компанидаа Баффетыг аваагүй бөгөөд тэрээр ажлынхаа гарааг эцгийнхээ фирмийн хөрөнгө оруулалтын худалдаа хариуцсан менежерийн ажлаар эхэлсэн юм.
Сонирхолтой нь түүний өөрийн үйлчлүүлэгчиддээ хувьцааг нь авахыг санал болгож байсан хамгийн анхны компаниудын нэг нь “GEIKO” даатгалын компани байсан нь одоо Berkshire Hathaway холдингийн тулгын чулууны нэг юм. “GEIKO” даатгалын компанитай ихэнх алдар нэртэй суут хүмүүсийн амьдралын ямар нэг түүх холбоотой байдаг билээ. Их сургуульд үнэт цаасны дүн шинжилгээний семинар заадаг байсан Бенжамин Грэхэм энэ компаний захирлуудын зөвлөлийн гишүүн гэдгийг тэр л үед мэджээ. Компаний тухай энэ дэлгэрэнгүй мэдээллийг сонссон Баффет тэр дороо галт тэргэнд суун Вашингтонд очиж “GEIKO” даатгалын компаний оффисын хаалгыг амралтын өдрийг ч үл харгалзан тогшин зогсож байсан байна. Тохиолдлоор энэ үед компаний санхүүгийн дэд ерөнхийлөгч оффистоо байж таарснаар Баффеттай нэлээн хэдэн цагийн турш ярилцжээ. Энэ ярилцлагын явцад Баффет даатгалын бизнесийн болон эрсдлийн удирлагын зарчим, онцлогуудын талаархи мэдээллийг “Анхдагч эх үүсвэр”-ээс нь авсан гэж хэлэхэд болно. Энэ нь түүний ирээдүйд маш их тус болсон юм. Тун удалгүй Баффет Небраска мужийн их сургуульд хөрөнгө оруулалтын талаар өөрийн семинарыг явуулж эхэлжээ.
Энэ үед тэрээр 21 настай байсан ба оюутнуудынх нь дундаж нас түүнийхээс 2 дахин их байв. 1954 онд Бенжамин Грэхэм түүнд өөрийн компанидаа шинжээчийн албан тушаал санал болгосноор Уоррен тэнд 2 жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа биржийн үйл ажиллагааг судалж, өөрийгөө их хэргийг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгээ ухаарч эхэлсэн. Ингээд 1956 онд Вашингтоноос буцаж Омахад ирээд “Buffet Associates” компаниа байгуулсан юм.
Түүний гэр бүл, найз нараас бүрдсэн 7 хүн 105 мянган долларын хөрөнгө оруулалтыг компанид хийжээ. Сонирхолтой нь Баффет өөрөө энэ шинэ төсөлдөө ердөө л 100 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүний хувийн хөрөнгөний хэмжээ 140 мянган доллар байсан ч үүнийгээ бусдын мөнгийг амжилтгүй хөрөнгө оруулалт болгосон тохиолдолд эргүүлж төлөх зорилгоор хадгалж байжээ. 100 долларын хөрөнгийг өөрийн төсөлдөө оруулсан шалтгаан нь зөвхөн энэ байсан.
Баффетийн удирдлаган дор 1958 онд компаний хөрөнгийн хэмжээ 1956 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байв. Түүний хөрөнгө оруулалтын бодлогын түүх одоог хүртэл үргэлжилсээр байна. Ихэнх тохиолдолд гаргасан шийдвэрүүд нь зөв байж өөрт нь болон хувьцаа эзэмшигчдэд нь байнга ашиг авчирсаар байгаа юм. Баффетийн стратеги 1984 онд гарсан удирдлагын 13 зарчим дээр тулгуурладаг. Хамгийн тэргүүнд Баффет өөрийгөө болон Berkshire компаний бусад удирдлагууд, хувьцаа эзэмшигчдээ зөвхөн хувьцааг худалдагч болон худалдан авагч талууд гэж хэзээ ч үздэгггүй, харин хувьцаанд өөрсдийн хөрөнгөө хамтран оруулж буй хамтрагчид гэж үздэг.
Энэ бол зүгээр ч нэг хоосон үг биш юм. Баффет хувьцаа эзэмшигчиддээ бичсэн нэгэн захидалдаа Berkshire Hathaway компаний хувьцаанд өөрийн хөрөнгөний 99%-ийг оруулсан гэдгээ мэдэгджээ. Түүний дотны хамтрагч Чарли Мангер ч мөн адил хөрөнгөнийхөө 90%-ийг оруулсан байдаг. Мөн түүнчлэн компаний захирлуудын гэр бүлийн гишүүд, тэдний найз нөхөд, танилууд нь компаний тодорхой хувийг эзэмшдэг байна.
Ийнхүү маш өндөр хөрөнгө оруулалтыг хийсэн алхам нь тэдний эрсдэлийг бодитоор багасгадаг гэдгээр Баффет өөрийгөө зөвтгөдөг. Түүнийхээр хөрөнгө оруулалтын ийм стратеги нь “Хэрвээ хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээвэл компаний захирлууд ч адилхан хэмжээний алдагдал хүлээнэ” гэсэн нь холдингийн захирлууд болон хувьцаа эзэмшигчдийн холбооны үндсэн зарчмыг тодорхойлдог. Berkshire Hathaway холдингийн захирлуудын зөвлөл 11 хүнтэй. Бүрэлдэхүүнд нь Баффетын хамтрагч Чарли Мангер, хүү Говард Баффет болон 2004 онд Баффетын эхнэрийг нас барсны дараа түүний найз, компаний хувьцаа эзэмшигчдийн нэг Билл Гейтс орсон юм. Түүний бас нэг чухал зарчим бол худалдаж авсан компанийхаа удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй байх явдал аж. “Омахийн зөнч” өөрт таалагдсан компанийг худалдаж аваад цорын ганц шийдвэр гаргадаг нь Ерөнхий захирлыг томилж, түүнийг шагнах журам ба хэмжээг тодорхойлдог.
Warren Buffett 2019 Shareholders Letter: 3 Criteria for 'Elephant' Buy | Observer
Бусад бүх шийдвэрийг удирдлагын гарт үлдээдэг ажээ. Ихэнх тохиолдолд энэ хандлага нь түүний хүсэж байсны дагуу удирдлагууд нь компаний хөрөнгийг нэмэгдүүлэх, шагналын хэмжээгээ өсгөх гэж хичээх зэрэг байдлаар эерэг үр дүнд хүргэдэг байна. Баффетын стратегийн тулгын чулууны нэг нь эрсдлийг хамгийн бага хэмжээтэй болгох явдал. Баффетын стратегийн тулгын чулууны нэг бол эрсдэлийг хамгийн бага байлгах юм. Өөрийн компаний өрийн дарамтыг ихэсгэхгүйн тулд сонирхол татах төдий зүйлээс тэр аль болох зайлсхийдэг. Түүний Berkshire Hathaway холдинг өнөөдөр Moody`s агентлагийн гаргасан жагсаалтанд – AАА үнэлгээ авч хамгийн өндөр итгэлцлэлтэй 7 хүчирхэгийн нэг болсон нь тохиолдол биш гэдгийг харуулдаг юм. Бага үнэтэй капитал нь Баффетад маш өндөр итгэлцэлтэй байх боломжоор хангадаг.
Орчин үеийн эдийн засагт дарамт үзүүлж байгаа хамгийн гол хор хөнөөлийн нэг нь санхүүгийн зах зээлийн оролцогчдыг дэмждэг урамшууллын буруу систем гэж Баффет үздэг. Түүний бодлоор, хөрөнгийн зах зээлд банкаар арилжаалагдаж байгаа хувьцааны нилээд хэсэг нь брокер, трейдер зэрэг янз бүрийн зуучлагчдыг өөрсдийг нь баяжуулахын тулд хийгдэж байгаа гэнэ. Хэрэв хүн бүр бүх амьдралынхаа туршид тодорхой тооны зөвшөөрөгдсөн арилжаалагдах хувьцаатай байдаг бол боломжийн ухаалаг хэрэг байхсан.
Түүнд алдаа гаргах тохиолдлууд ч бас байжээ. 2005 онд долларын ханшны уналт болно гэж тооцоод оны төгсгөл гэхэд 21.4 тэрбум долларын богино хугацааны арилжааг хийсэн байдаг. Баффетын тооцоогоор 1 евро 1.4 доллартай тэнцэх хэмжээнд хүртэл унах ёстой байсан. Гэтэл FRS-(ХНС)-ийн явуулсан мөнгөний хатуу бодлогын үр дүнд долларын ханш 14%-аар өсч Berkshire Hathaway-ийн валютын алдагдал 955 сая долларт хүрсэн байна.
Баффеттай хамт Жорж Сорос, Билл Гейтс зэрэг томоохон тоглогчид нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн юм. Гэхдээ 2002-оос 2005 оны төгсгөл хүртэл Berkshire Hathaway Баффетын гавьяагаар валютын арилжаанаас 2 тэрбум долларын ашиг олсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. 2002 оноос эхлэн тэрээр амьдралдаа анх удаа гадаадын валютанд хөрөнгө оруулж эхэлсэн тухайгаа 2004 оны 3-р сард хувьцаа эзэмшигчиддээ бичсэн захидалдаа дурдсан байдаг. Berkshire Hathaway-ийн нэгэн хувьцаа эзэмшигч Баффетын валютын арилжааны тухай мэдээд маш их гайхсан гэдэг.
Энэ хүн Gardner, Russo & Gardner-ийн хамтрагч Том Руссо байсан бөгөөд тэрээр 15 жилийн турш Berkshire Hathaway-ийн жилийн эцсийн тайлангийн хуралд тасралтгүй оролцдог байжээ. Түүний хэлснээр Баффетад долларын болон валютын арижааны тухай асуулт тавих бүртээ “АНУ-ийн эсрэг та хэзээ ч мөнгө хийж чадахгүй” гэдэг хариултыг байнга сонсдог байсан байна. Баффет сүүлийн жилүүдэд валютанд хөрөнгө оруулах хэмжээгээ багасгаж байна. Үүнийгээ тэр гадаадын компаниудын хувьцааг худалдан авах, эсвэл ашгийнхаа ихэнх хэсгийг гадаадаас олдог АНУ-ын компаниудын хувьцааг худалдан авах замаар нөхөж байсан.
Баффет урьдын нэгэн адилаар АНУ-ын одоогийн явуулж буй бодлогод тийм ч таатай ханддаггүй хэвээр байгаа аж. Сүүлийн үед дээд цэгтээ хүрээд байгаа гадаад худалдааны дефицитийн хажуугаар хөрөнгө оруулалтаас орох орлогын баланс түүний таамгаар удахгүй сөрөг үр дагаварт хүргэнэ. Түүгээр ч барахгүй АНУ-ын эдийн засаг энэхүү сөрөг үр дагаварыг тийм ч удаан хугацаанд барьж байх чадваргүй гэж үзээд хэрвээ энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол цаашдаа бүр ч хүнд байдалд орно гэдгийг сануулсаар. Баффет Berkshire Hathaway-ийн удирдлагад хөрөнгө оруулалтын түлхүүр зарчим болох “хүлээх чадвартай” байх талаар байнга зөвлөдөг юм. Энэ чадварыг тэрээр бүр залуу байхдаа өөртөө бий болгожээ. 2003 оны 3-р сард хэвлэгдсэн хувьцаа эзэмшигчиддээ түүний бичсэн захидалд энэ тухай нэлээн дэлгэрэнгүй туссан байдаг ба өөрийнхөө тухай, орлогчийнхоо тухай, захирлуудын зөвлөлийн дэд дарга Чарли Мангерын тухай мөн бичжээ.
Тэр захидалдаа “Бид хувьцааны хувьд бараг юу ч хийхгүй байгаа билээ. Чарли болон миний бие одоогоор Berkshire Hathaway-д оруулсан томоохон хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун байгаа нь эдгээр хувьцаанууд хангалттай ашиг авчрахын зэрэгцээ үнэ цэнэ нь улам өсч байгаатай холбоотой. Одоо байгаагаас илүү их хувьцаа худалдаж авах сонирхолгүй байна. Эдгээр компаниудын ирээдүй нь гэгээтэй байгаа бөгөөд хувьцаанууд нь дутуу үнэлэгдсэн гэж бид боддоггүй. Гэхдээ бидний бодлоор хувьцааны зах зээлийг бүхэлд нь хамрах ёстой. Сүүлийн 3 жилийн уналт нь энгийн хувьцаанд хандах хандлагыг харьцангуй өсгөсөн ч бидний сонирхлыг татахаар хувьцаа маш бага байгааг хэлмээр байна.
Энэхүү баримт нь үнэ цэнийн шинж чанарын үл ойлгогдох байдлаар батлагддаг. Жишээ нь 1990 оны сүүлчээс 2000 оны эхэн үе хүртэл хувьцаанууд маш их үнэтэй байсан ба энэ үеийг агуу их хөөсний үе гэж нэрлэдэг байлаа. Харамсалтай нь хэтэрхий их магтаал тэр чигээрээ эсрэгээр эргэх нь ч бий. Чарли болон миний одоо хэлж буй хувьцаануудын тааламжгүй байдал гэдэг нь тэдний төрөлхийн шинж ч бас биш юм. Бид таалагдсан үнээрээ худалдаж авсан энгийн хувьцааг эзэмших дуртай… Гэвч заримдаа амжилттай хөрөнгө оруулалт нь юу ч хийхгүй байхыг шаарддаг” гэж бичжээ. 2003 оны 10-р сард Барроны санхүүгийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн алдааныхаа тухай ярьж, Wal-Mart Stores компанийн хувьцааг яг хэрэгцээтэй үед худалдаж авч чадаагүйдээ харамссанаа илэрхийлжээ. Тэдгээр хувьцааг хэт их үнэтэй гэж тооцсон.
Энэ алдаа нь Баффетынхаар 8 тэрбум долларын үнэтэй байжээ. 2005 оны 12-р сарын 31-ний байдлаар Berkshire Hathaway-ын 47 тэрбум активуудын ихэнх хэсгийг дараах компаниудын хувьцаа эзэлж байжээ. Үүнд- American Express (AXP), Ameriprise Financial (AMP), Anheuser-Busch (BUD), Coca Cola (KO), M&T Bank (MTB), Moody`s (MCO), PetroChina (PTR), Procter&Gamble (PG), Wal-Mart (WMT), Washington Post (WPO), Wells Fargo (WFC), White Mountains Ins. (WTM) компаниуд багтаж байна. Эдгээр өгөгдлүүд нь Berkshire Hathaway-ын 2005 оны жилийн эцсийн тайланд тусгагджээ.
2005 оны дүнгээр Berkshire Hathaway-ын ашиг 16.6%-аар буюу 8.5 тэрбум доллар хүрсэн бөгөөд өөрөөр хэлбэл 2004 онд 7.31 тэрбум долларын ашигтай байсан. Berkshire Hathaway-ын хувьцааны балансын үнэ 6.4%-иар өссөн ба эдгээр хувьцаа 41 жилийн турш задрах эрсдэлд орогүй байна. Баффет 10-ын тоог санал болгодог. Санхүүгийн арилжаанд оролцогч бүр бүх амьдралдаа арваас илүүгүй арилжаалагдах хувьцааг эзэмшиж байх юм. 2005 оны дүнгээр “Berkshire Hathaway”-ын ашиг 16.6%-иар өсч 8.5 тэрбум доллар буюу нэгж хувьцааны тооцоо 5538 доллар болж байна. 2004 онд нийт ашиг 7.31 тэрбум доллар буюу нэгж хувьцаа 4753 доллар байв. Бүтэн жилийн дотор 5 удаа шингэх арилжаа хийгджээ. Berkshire хувьцааны балансийн үнэ 6.4%-иар өслөө.
Berkshire Hathaway-ын үйл ажиллагааны тухай Баффетын бичсэн жилийн тайлан болон хувьцаа эзэмшигчиддээ хандсан илгээлт зэрэг нь хөрөнгө оруулалтын ертөнцөөс давсан магтаал сайшаалыг хүлээгээд байгаа билээ. 2005 оны 2-р сард америкийн гэр бүл, сургууль, коллежийн суралцагсдад зориулсан зохиолчийн бүтээлийн Үндэсний комисс Баффетын уран зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ. Энэ комисс Баффетад түүний “оновчтой, гүн утга агуулга, хурц ухаан”нь ажил хэрэгч Америкт хүчтэй нөлөөлж чадсаных нь төлөө 2005 оны шагналаа гардуулсан. Баффет өдөр тутмын амьдралдаа хуучинсаг үзэлтэй эдийн засагч нэгэн. Юуны өмнө тэр бүтээгдхүүнийг нь өөрөө хэрэглэдэг компаниудыг худалдан авахыг илүүд үздэг.
Berkshire Hathaway-ын хувьцаа эзэмшигчдэд бичсэн нэгэн захидалдаа өдөр бүр Cherry cokie 5 шилийг уудаг гэдгээ дурджээ. Тэрээр саяхан Сoca Сola-ын захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд дахин сонгогдохгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Berkshire Hathaway-ын бусад чиглэлийн ажлуудад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Гэхдээ энэ компанид оруулсан өөрийн хувийг зарах бодолгүй байгаа. Яг одоогоор Сoca Сola-ын 8.4%-ыг эзэмшдэг. Pepsi-ээс ч мөн адил татгалзах бодолгүй байна. Баффет маш арвич хямгач нэгэн билээ. Тэр 1957 онд 31500 доллараар худалдаж авсан Омахын Фарнхэм гудамжинд байрлах байшиндаа амьдардаг хэвээрээ байна.
Жолоочийн зардлыг хэмнэн машинаа өөрөө барьдаг. Түүний машины дугаар дээр гамтай унасныг нь илтгэсэн тэмдэглэгээ байнга байдаг гэнэ. Баффет McDonalds-ын 4.3%-ыг эзэмшдэг бөгөөд гамбургерын үнэнч хэрэглэгч. Тэр хэдийгээр өндөр технологи бүхий салбарт ажиллаж байгаа компаниудыг дэмждэг боловч тэнд мөнгөө оруулах гэж нэг их яардаггүй байна.
Орчуулсан: Баасандоржийн БҮРЭНЖАРГАЛ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!