Эрүүл мэнд

Жингээ хасах гэж байгаа бол эхлээд дотор өөхөө хасах хэрэгтэй

“Цахим эмч” төрийн бус байгууллагын тэргүүн, их эмч Б.Баярбямбатай ярилцлаа.

-Биеийн илүүдэл жин манай иргэдийн нэлээд том асуудал болж байх шиг. Ер нь сүүлийн үед таргалалт улам нэмэгдэх хандлагатай байна уу?

-Илүүдэл жингийн талаар хийсэн хоёр удаагийн том судалгаа бий. Тухайлбал, 2009 онд манай иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт 31 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар иргэдийн 50 гаруй хувьтай болоод өсчихсөн. Дөрөвхөн жилийн дараа ингэж их өссөн гэсэн үг. Түүнээс хойш цогц судалгаа гараагүй байна. Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул барагтай бол хөдөлгөөний дутагдалд ордоггүй байж. Харин сүүлийн үед ихэнх нь суурин соёл иргэншилд шилжээд, өглөө гараад ажилдаа автобус эсвэл машинаар явчихдаг. Орой мөн унаагаар хариад хоолоо идчихээд, зурагт үзэж байгаад унтчихдаг. Мөн маш буруу хооллож байна. Дэлгүүрт хэт олон төрлийн хүнс байгаа ч түүнээс өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэж чаддаггүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

Жингээ хасах хамгийн зөв арга юу вэ?

-Эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд би сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтой вэ гэж их асуудаг. Уг нь сарын дотор би эрүүл амьдралын дадал хэр эзэмших бол гэж асуух хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурчихдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд тийм ч олон зүйл шаардлагатай биш. Өдөрт би хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсвэл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулчихаад байна уу гэдгийг л мэдчих. Түүнээс биш зөвхөн жингээ хасна гэдэг бодолд автаад буруу аргаар жин хасаад, эргээд таргалчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хохироодог тохиолдол нийтлэг байна.

Турах дэглэм барих хүсэлтэй эмэгтэйчүүд олон бий. Ямар дэглэм сонгож барих нь зөв бэ?

-Хүн нэг өдөр гэнэтхэн илүүдэл жинтэй болчихдоггүй. Нэг хоёр, тав арван сар, тав, арван жилийн турш хуримтлагдсан зүйл. Ингээд өөрийн мэдэлгүй шахуу жин нэмж байгаад гэнэтхэн жингээ хасах ёстой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Хамгийн түрүүнд богино хугацаанд жин хасах ёстой гэж буруу эм бэлдмэл хэрэглэж, хоол хэт сойж эрүүл мэндээ алдаж байна. Жин хасах хоолны янз бүрийн дэглэм бий. Тэр дэглэмүүдийг судлаад үзэх хэрэгтэй. Хоол хэт сойсон дэглэм л байвал буруу гэсэн үг. Харин уураг, өөх тос, нүүрс зэргийг тооцсон хоолны зөв хөтөлбөр байвал шинжлэх ухааны үндэслэлтэй гэж ойлгож болно.

Сүүлийн үед бүсгүйчүүд мацаг их барих болсон. Мацаг барих нь хэр зөв бэ?

-Монголчуудын уламжлалт амьдралаас судлаад үзэхээр дулааны улиралд их хэмжээгээр хоол иддэггүй байж. Харин өвөлдөө идэш хийгээд махаа идчихдэг. Зунаас намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан юм билээ. Зөв цагт мацаг барих нь зөв гэж үздэг. Гэхдээ өөрийн бие махбодид дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг. Хэт илүүдэл жинтэй хүн гэнэт мацаг барих нь бол буруу. Тиймээс заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд, өөрт тохирсон мацаг барих нь зөв. Жингээ хасах гэж байна хэмээн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй.

Жин хасахад хоол хүнснээс гадна, дасгал хөдөлгөөн маш чухал уу?

-Бид өдөрт хоёр мянган калори энерги шатааж байгаа мөртлөө 3000 калори илчлэгтэй хоол идээд байвал нэг мянган калорийн зөрүү нь өөх болж хувирдаг гэсэн үг. Харин идсэн хоолноосоо илүү энерги зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байгаа нь өөх эрчимтэй шатаахад тустай. Мөн дасгал хөдөлгөөнийг шинжлэх ухааны үүднээс хоёр төрөлд хуваачихаж байгаа юм. Аэробик, усанд сэлэх, сагс тоглох, 108 мөргөх, бүжиглэх зэрэг нь аэроб төрлийн дасгалдаа орно. Энэ төрлийн дасгалыг сонгож хийх юм бол өөх шатаалтыг илүү дэмжиж өгдөг. Харин өөхөө шатаачихсан булчингаа галбиржуулах гэж байгаа, булчингийн масс авах гэж байгаа хүмүүс гантел өргөх, хөл мөр, гарын дасгал зэрэг хэсэгчилсэн булчингийн дасгалууд хийх нь зөв. Гэтэл зарим фитнес клубууд буруу, зөрүү зөвлөгөө өгдөг. Жингээ хасах гэж байгаа хүмүүст жижгээс нь эхэл гээд жижиг гантел бариулаад зогсоочихдог. Жингээ хасах гэж буй хүмүүс эхлээд хэвлийн өөх, дотор өөхөө шатаах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд хөнгөн гүйх, усанд сэлэх зэрэг дасгалуудыг хийх нь зөв.

Дасгалын үед ус уух нь зөв үү?

-Биеийн өөх багатай тамирчид булчин нэмэх зорилготой тул ус бага уух нь зөв. Харин өөх шатаах зорилготой хөдөлгөөн хийж байгаа илүүдэл жинтэй хүмүүс дасгалын үед бага, багаар ус ууж өөхөө шатаах ёстой. Мөн идэвхтэй дасгал хийсэн үед хөлсөөр их хэмжээний бодисын солилцооны хорт нэгдэл, эрдэс давс гадагшилдаг. Үүнийг шүршүүрт орж цэвэрлэж байх учиртай. Цэвэрлээгүйгээс болж арьсны pH орчин өөрчлөгдөж бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Иймд бэлтгэл хийсний дараагаар заавал шүршүүрт орж занших хэрэгтэй.

Жингээ хасах 10 үр дүнтэй арга

108 мөргөх нь өөх хайлуулахад их үр дүнтэй байгаа бололтой?

-108 мөргөхөд биеийн бүх булчин ажиллаж, амьсгалын дасгал хүртэл орж байна. Мөн залбирч, бясалгаж болно. Маш сайн төвлөрдөг дасгал. Тиймээс бодисын солицоог маш сайн эрчимжүүлж байгаа юм. Эрт дээр үеэс л монголчуудын хийж байсан гол дасгал шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд агаарын солилцоо сайн явуулж байх хэрэгтэй. Мөн аливаа дасгалыг хүчилтөрөгч сайтай, агаартай орчинд хийх нь илүү үр дүнтэй. Гэтэл зарим зааланд орохоор битүү хөлс үнэртсэн ч хүмүүс дасгал хийж байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин.

108 мөргөх “Fit club Mongolia”цахим хуудсыг та хоёр жилийн өмнө анх нээсэн гэл үү?

-Би анх санаачлаад үүсгэж байсан юм. Сүүлдээ идэвхтэй хүмүүст админ эрхийг нь өгчихсөн. Хүмүүс өөрийнхөө сайн дураараа бие, биедээ мэдээлэл түгээгээд нэгдээд дасгалаа хийгээд, үр дүнд хүрээд явж байгаа.

Туранхай харагдаж байгаа хэрнээ өөх ихтэй хүмүүс бий. Би туранхай юм чинь зүгээр гээд яваад байдаг. Өөх хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өөх ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг. Малтай зүйрлэвэл сэмж гэсэн үг. Хэвлийн өөх их байвал цаашлаад элэг өөхөлнө. Цусан доторх өөх тосны агууламж ихэснэ. Судасны хатуурал бий болно. Тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйл эндээс үүсч эхэлж байна. Зарим нь өөх нь багасаад жин буурч байгаад сүүлдээ жин хасагдахгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөхөө хасаад булчин нэмээд ирэхээр биеийн галбир өөрчлөгдөж, хувцасны размер жижгэрдэг ч жин хасагдахгүй байж болно. Тиймээс жинд биш, биеийн бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Нэг кг өөх, нэг кг булчин хоёр бүтцийн хувьд харьцангуй өөр. Өөх илүү хөвсгөр шүү дээ.

Өөх биед байх ёстой юу?

-Өөх байх ёстой. Өөх нь биеийн дулааныг хадгалах үүрэгтэй, мөн бодисын солилцооны үүрэгтэй. Бага хэмжээгээр байх ёстой гэсэн үг.

-Огт давсгүй хоол идэх ёстой, давс тодорхой хэмжээгээр идэх нь зөв гээд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг?

-Давс дутагдчихсан явж байгаа монгол хүн гэж байхгүй. Манайхны давсны хэрэглээ хэт илүүдэлтэй гэх судалгаа бий. Давс ихтэй хүнс идэхээр ам их цангадаг. Ийм шалтгаанаар шингэн их уудаг. Тэгэхээр хүний эс бие махбодид өөхнөөс гадна хаван үүсгэж байгаа юм. Цусан дахь сахар нэмэгдэж, даралт ихэснэ. Гадуур зарж буй бүх хүнсэнд давс агуулагдаж байгаа тул гэртээ хийж буй хоол цайныхаа давсыг бага багаар хасаад, аль болох бага давс хэрэглэх ёстой. Хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой ч монголчууд 10-аас дээш граммыг хэрэглэж байна.

Энэ мэт эрүүл мэндийн боловсролыг монголчууд хаанаас олж авах боломжтой байна?

-Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс бизнес хөөсөн хүмүүсийн арганд орж хохирч байна. Хөгжилтэй орнууд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох талд их анхаардаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол олгох ямар ч бодлого байдаггүй. Хүнд өвчинд хүмүүсийн зарцуулж буй мөнгө улсын эдийн засагт тодорхой хэмжээг эзэлдэг тул урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маягийн талаар улсын бодлогын хэмжээнд анхаарах ёстой юм. Ямартай ч бид “Цахим эмч” фэйсбүүк хуудсаараа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн тодорхой мэдээллүүдийг түгээж байна.

Эх Сурвалж: Цахим эмч

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!