Амьдрал

Орон сууц худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай

Байр орон сууц авна гэдэг бол амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг бөгөөд үүнийг даган танд том хариуцлага ирдэг. Нөгөө талаасаа тав тухтай, тохилог орон сууц, амьдрах орчныг бүрдүүлнэ гэдэг таны бол танай гэр бүлийн аз жаргалын чухал хэсэг.

Амьдралдаа том алхам хийх гэж буй та дараах зүйлсийг анхааран шийдвэрээ гаргаарай

АМЬДРАХ ОРЧИН

Та худалдаж авч буй байраа өөрийнхөө таалалд нийцүүлж яаж л бол яаж өөрчилж болно. Харин танай байр байрлаж буй орчин тэр бүр таны хүсэлд нийцэн өөрчлөгдөөд байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд анхаарах зүйл бол амьдрах орчин билээ.

Таны амьдрах орчин тав тухтай байна уу, ойр орчинд нь шинээр барилга баригдах уу, машины зогсоол хангалттай байна уу, хүнсний дэлгүүр, фитнесс заал, кофе шоп зэрэг таны амьдралын хэмнэлд нийцэх худалдаа үйлчилгээний газрууд ойр байрлаж байна уу, хэрэв хүүхэдтэй бол цэцэрлэг, сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байна уу, ойр орчин нь аюулгүй юу зэрэг өөрт тань чухал зүйлс бүрдсэн эсэхийг анхаараарай.

Өдөр тутамд хэрэгтэй зүйлс гэрт ойр байж, гэрээс гарах болгондоо машинаа асааж, түгжрэл дунд зогсохгүй байх хичнээн үнэ цэнэтэйг та өөрөө мэдэж байгаа болов уу.

БАРИЛГЫН ТҮҮХ БОЛОН ЧАНАР

Худалдан авах гэж буй орон сууцны барилгынхаа өмнөх түүхийг сайтар судлаарай. Хэдэн онд баригдсан, ямар компани барьсан, тухайн компанийн хэд дэх барилга болох, хаанахын ямар материал, түүхий эд ашиглан барьсан, өмнө нь ямар хүмүүс, хэдий хугацаанд амьдарч байсан, ямар шалтгаанаар байраа зарах болсон, засвар хийж байсан эсэх, тийм бол хаана нь ямар засвар хийсэн зэрэг нь танд тухайн байрны талаар ихийг өгүүлэх болно.

Эдгээр зүйлсийг илэн далангүй асууснаар та худалдан авах гэж буй байрныхаа талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл авч, авсан мэдээлэлдээ тулгуурлан холбогдох судалгаа, анализыг хийх боломж бүрдэнэ. Нэгэнт л та тухайн байранд хэдэн зуун сая төгрөг зарцуулж, урт хугацааны турш таны томоохон өмч болох тул сайтар судлах нь маш чухал юм.

ДЕТАЛЬ БҮРД НЬ АНХААРАЛ ХАНДУУЛАХ

Шинэ байр худалдан авах гэж үзэж, судалж байгаа хүмүүс зөвхөн нүдэнд ил харагдаж буй зүйлсэд нь ихэнх анхаарлаа төвлөрүүлж, зарим нэг нарийн зүйлсийг анзааралгүй орхигдуулах гээд байдаг талтай. Гэтэл та тухайн байрыг зөвхөн харж суух биш, амьдарна гэдгээ дахин нэг санаад жижиг деталь бүрийг нь анзаарч шалгаарай.

Өнгөц харагдах хананы өнгө, шалны материал, хаалга цонх зэргийг шалгах нь чухал ч хэрэв танд таалагдахгүй бол солиход амархан, зардал ч бага. Харин сантехник, усны даралт, цахилгаан, холболт зэрэг нь зөв зохистой ажиллаж байгаа эсэхийг сайтар анзаарч шалгахгүй бол дараа нь ямар нэг асуудалтай болохыг нь мэдсэн тохиолдолд түүнийг засаж, янзлахад ихээхэн хүндрэл бэрхшээл, зардал мөнгө гарах магадлал бий. Тэгэхээр байр үзэж байхдаа гадаад үзэмжид нь хэт их анхаарал хандуулахаас зайлсхийж, функционал зүйлс нь асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг илүүтэйгээр анхаараарай.

САНХҮҮГИЙН НАРИЙН ТООЦОО, ТӨЛӨВЛӨГӨӨ

Байр, орон сууц худалдан авах нь маш том хөрөнгө оруулалт тул та нарийн тооцоолол хийх шаардлагатай. Банк таны санхүүгийн нөхцөл байдал, урьдчилгаанд өгөх мөнгө зэргийг тань харгалзан үзэж таны авч болох зээлийн дээд хэмжээг болон сар бүр төлөх дүнг тодорхойлж өгнө. Үүнээс та үлдсэн орлого тань таны бусад санхүүгийн хэрэгцээнд хангалттай хүрэх эсэхийг тооцоолон үзэх хэрэгтэй.

Байр худалдан авахад байрны үндсэн үнээс гадна татвар, даатгал, шаардлагатай бол засвар хийх зэрэг нэмэлт зардлууд гарч ирдэг тул тэдгээрийг тооцоололдоо тусгахаа бүү мартаарай. Мөн таны худалдан авч буй байрны мөнгө, СӨХ-ийн мөнгө зэргийг асууж тодруулан сар бүр гарах зардалдаа оруулан тооцоорой. Эдгээрийг тооцоолсны үндсэнд та хичнээн төгрөгт багтаан байр авах нь тодорхой болно. Мөн хэрэв ямар нэг шалтгаанаар байраа зарах шаардлага гарах тохиолдолд үнэ цэнэ нь өсөхүйц байр сонгохыг эрмэлзээрэй.

ӨӨРТ ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХЫГ ТОДОРХОЙЛОХ

Байршил, чанар, үзэмж, үнэ гээд л бүх талаараа таны таалалд зуун хувь нийцэх байр олно гэдэг тийм ч амар биш. Ихэнх тохиолдолд та ямар нэг зүйлтэй эвлэрэх хэрэг гарна. Тиймээс танд болон таны гэр бүлд юу хамгийн чухал бөгөөд юуг хүлээн зөвшөөрч болох вэ гэдгээ өөртөө тодорхой болгоорой. Ингэвэл танд оновчтой шийдвэр гаргахад илүү амар болно.

Хэрэв та үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар дамжуулан байр хайж байгаа бол таны шалгуур тодорхой байх нь тэдэнд ч илүү амар болж танд тохирсон байрыг олж өгөхөд илүү дөхөм болно. Мөн та өөртөө юу хамгийн чухал гэдгийг тодорхой болгосноор байр зарж байгаа хүний эсвэл зуучилж байгаа зуучлагчийн гэх мэт хэн нэгний гадны нөлөөнд автаж шийдвэр гаргах эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм.

Ирээдүйд урт хугацаанд амьдрах байраа сонгож байгаа гэдэг утгаараа та гадны нөлөөнд үл автан, яаралгүй тайван бодож, ул суурьтай шийдвэр гаргаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!