Сэтгэл зүй

Өглөөний хүн болохын тулд хийх 6 алхам

Залуу хүн бүр өөрийгөө эртэч шувуухай юу аль эсвэл шөнийн шар шувуу юу гэдгийг тодорхойлсон байгаа байх. Өөрийгөө энэ хоёр төрлийн аль нь гэдгээ тодорхойлж чадахгүй яваа нэгэн ч бий. Гэвч эдгээрийн аль нь ч байсан нийгэм биднээс эртэч шувуухай байхыг шаарддаг нь үнэн. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар хүн өөрөө л хүсвэл эртэч шувуухай буюу өглөөний хүн болох бүрэн боломжтой гэжээ.

Хүн, амьтан, ургамал зэрэг амьд организм бүр өөрийн гэсэн циркадын хэмнэл буюу унтах, сэрэх хэмнэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэмнэлээс бид өглөөний цагаар сэргэг байх уу оройн цагаар сэргэг байх уу гэдэг нь хамаардаг. 2009 онд тархи судлаачид эртэч шувуухайнууд өглөөний 09:00 цагт хамгийн сэргэг, харин эсрэгээрээ шөнийн шувуухайнууд оройн 21:00 цагт хамгийн сэргэг байдаг хэмээн дүгнэсэн.

Үнэндээ шөнийн шар шувуухай байх тийм ч буруу зүйл биш. Ийм байх нь  өөрийн давуу талтай. Гэхдээ сургууль, ажил болон нийгмийн бусад үйл явдлууд биднээс яалт ч үгүй өглөөний хүн байхыг шаарддаг. Өглөөний цагаар идэвхтэй байдаг хүмүүсийн хувьд  азтай хэрэг. Гэхдээ эндээс шөнийн цагаар идэвхтэй байдаг хүмүүс яах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ.

2014 онд хийгдсэн бас нэгэн судалгаагаар эрт босож, өглөөний 08:00 – 12:00 цагийн хооронд байгалийн гэрлийг хүлээн авдаг, биедээ шингээдэг хүмүүсийн биеийн жингийн индекс бусад цагт нарны гэрлийг мэдэрдэг хүмүүсээс харьцангуй бага байв. Уг судалгааг удирдсан судлаач Phyllis C. Zee-гийн хэлж буйгаар “хүн шаардлагатай үедээ буюу үдээс өмнө байгалийн гэрлийг хүлээн аваагүйгээс үүдэн бодисын солилцоо нь удааширч, цаашлаад энэ нь жин нэмэх шалтгаан болдог” байна. Энгийнээр бол илүүдэл жинтэй байх нь эртэч байгаагүйтэй шууд холбоотой байдаг байна.

Тэгвэл та өглөөний хүн болохын тулд юуг хийх шаардлагатай вэ?

1. СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛ

Өглөө эрт сэрэхэд жаргалтай байх уу эсвэл зовлонтой байх уу гэдэг нь таны сэтгэлгээнээс шалтгаална. Шөнийн шар шувуухайнуудын хувьд өглөө эрт сэрнэ гэдэг эхэндээ ял мэт санагдахыг үгүйсгэхгүй. Үнэндээ өглөө эрт сэрэх гэж оролдож үзээгүй хүн байхгүй байх. Гэхдээ сэрүүлгээ унтраагаад унтсан хүмүүст “за эрт сэрэхгүй байсан ч яахав дээ” гэсэн бодол төрсөн учраас  унтаад үлддэг.

Тиймээс та “би өглөөний хүн биш ээ” гэж боддог бол энэ бодлоо “би өглөөний хүн болж байгаа” гэж өөрчлөөрэй. Энэ бодол нь маргааш сэрүүлэг дуугарахад таны сэтгэлзүйг бэлдэж байгаа хэрэг. Тиймээс өөртөө хэлээд л бай. Энэ богино өгүүлбэр таны амьдралд хэчнээн том үр дагавар гаргахыг та төсөөлөх ч үгүй.

2. ТОГТМОЛ ЦАГТ УНТАЖ, ТОГТМОЛ ЦАГТ СЭР

Өглөөг хэрхэн эхлүүлэх нь өчигдөр орой бие махбод, сэтгэлзүйгээ хэрхэн бэлдсэнээс шалтгаалдаг. Харин шөнийн шар шувуухайгаас эртэч бялзуухай болох шилжилтэд тууштай байдал хамгийн чухал. Учир нь та өдөр бүр тогтмол цагтаа унтаж, тогтмол цагтаа сэрэх хэрэгтэй. Ингэж байж л өөрчлөлт бий болно.

Нойрны мэргэжилтэн Britney Blair-ийн хэлж буйгаар “хэрэв та гадаад хүчин зүйлийн нөлөөтэйгөөр буюу сэрүүлгийн тусламжтайгаар өглөө бүр тогтсон цагтаа сэрвэл хэдхэн долоо хоногийн дараа гэхэд сэрүүлэг дуугарахаас 10-20 минутын өмнө сэрдэг болно” гэжээ.

3. ОРОЙН ХООЛОО ЭРТ ИДЭХ

Шөнийн шар шувуухайнууд оройн хоолоо оройтуулж идэх хандлагатай байдаг. Шөнийн цагийн хуваариараа амьдарч байгаа бол энэ хэвийн. Гэхдээ та өглөөний хүн болохоор сэтгэл шулуудсан бол оройн хоолоо ч мөн эрт идэж хэвшээрэй. Эрт гэдэг нь орондоо орохоос хамгийн багадаа гурван цагийн өмнө гэсэн үг. Бие тань амрах гээд хэвтсэн ч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо ажилласаар байвал өглөө ядарч сэрдэг байна.

4. КАФЕЙНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ кафейн хэний ч нойрны хэмнэлд нөлөөлж чаддагийг цөөнгүй судалгаагаар тогтоожээ. Өдрийн 14:00 цагаас хойш уусан кофе, энергийн ундаа, цай зэрэг кафейн агуулсан уух зүйлс нэг бол таны унтах цагийг хойшлуулна, аль эсвэл шөнө дунд сэрэхэд хүргэнэ.

5. ХӨШГӨӨ БАГА ЗЭРЭГ НЭЭЛТТЭЙ ОРХИ

Нарны гэрэл бол байгалийн сэрүүлэг л гэсэн үг. Шөнийн шувуухай та хөшгөө дутуу хааснаас болж өглөө нарны гэрэлд уцаарлангуй сэрдэг байсан байх. Гэхдээ өглөөний хүн болохоор шийдсэн бол энэ гэрэл танд тусална. Сэрүүлгээс өмнө нарны гэрэлд сэрвэл  тайван, амгалан байдаг байна.

6. ӨГЛӨӨНИЙ ХУВААРЬТАЙ БАЙХ

Өглөө хэчнээн эрт боссон ч онцын зүйл хийлгүй өнгөрөөдөг бол маргааш нь эрт сэрэх урам зориг бага байна. Тиймээс өглөө сэрээд хийхэд аз жаргалтай байдаг зүйлээ олоорой. Зөвхөн өглөөний цагаар л дуртай зүйлээ хийх орчин нөхцөл бүрддэг байвал сэрэхдээ ч дуртай байна.

Зарим хүмүүс өглөө сэрээд биеийн хүчний дасгал хийдэг бол зарим нь бодлын тэмдэглэл хөтөлдөг. Эсвэл зүгээр л бясалгал хийж болно.

Эцэст нь гэж хэлэхэд өглөө эрт сэрдэг болох нь хэний ч хувьд боломжтой зүйл. Тиймээс өглөөний цагаар хийх утга учиртай зүйлээ заавал олоорой. Мөн нар мандахтай зэрэгцэн сэрэх нь зовлон биш жаргал.

Эх Сурвалж: Yolo.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!