Дэлхий дахинд

Холливудын сайхан бүсгүй Дрю Бэрриморын айдас, зовлонгоор дүүрэн өнгөрсөн амьдралын түүх

Жүжигчин Дрю Бэрримор (Drew Barrymore) 7 настайдаа E.T. кинонд тоглож карьераа эхлүүлж байсан бөгөөд тэрээр 90-ээд оны үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон. Гэвч тэрээр бага наснаасаа алдартай болсон жүжигчдын нэгэн адилаар алдар нэрийн хараалаас зугтаж чадаагүй юм. Насанд хүрсэн хойноо тэрээр өөрийгөө төлөвшүүлж чадсан ч амьдралын саад тотгороос бүрэн ангижраагүй байгаа аж.

Дрю Бэрримор кино од болохын тулд худал ярьсан

Дрю 2015 онд хэвлэгдсэн намтартаа анх 11 сартайдаа сурталчилгаанд тоглож дэлгэцийн карьераа эхлүүлсэн хэмээн дурссан байдаг. Өмнө нь хэлсэнчлэн тэрээр E.T кинонд тоглож алдартай болсон бөгөөд хачирхалтай нь, Дрю худлаа ярьсныхаа хүчээр тус кинонд дүр авч чадсан байна. Тухайн үед зургаахан настай байсан тэрээр сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд юу ч хамаагүй хийхэд бэлэн байсан гэнэ.

Дрю анх Poltergeist кинонд дүр авахаар шалгуулж байхдаа өөрийгөө Хоол хийдэг, хамтлагт дуулдаг хэмээн  ярьж байжээ. Тус киног найруулж байсан Стивен Спилбергт Дрюгийн сэргэлэн зан таалагдсан тул дараагийн бүтээл E.T-дээ урьсан байна.

Архитай мөхөөлдөс

Тэр цагаас төд удалгүй Дрю хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон юм. Үүнээс хойш Дрю ээжийгээ дагаж элдэв цэнгээний газраар орж, Холливудын үдэшлэгүүдэд оролцох болжээ. Дөнгөж долоон настайдаа Дрю мөхөөлдөс дээрээ архи асгаж долоогоод согтож байсан бөгөөд есөн настайгаасаа бор дарсанд шимтэж эхэлсэн байна.

11 нас хүрээд охин бүр дордсон ба Babes in Toyland киноны зураг авалтын үеэр зочид буудлын өрөөндөө ганцаараа ууж эхэлсэн юм.

12 настайгаасаа кокайн хэрэглэж эхэлсэн

Бусад охид барбигаар тоглож байхад Дрю хар тамхи хэрэглэж эхлэв. Тэрээр 10 настайдаа марихуан татаж эхэлсэн бөгөөд энэ үеэр хэдийн тамхинд донтсон байжээ. Аажимдаа марихуан түүнд нөлөөлөхөө болсон учраас илүү хүнд хар тамхи, кокайн сонирхох болсон.

Дрю нэг л мэдэхэд 13 настайдаа хоёр дараалж донтолтын эмчилгээнд орсон байна.

Хар тамхинаас гаргах эмчилгээ тус болж чадаагүй

1989 онд People сэтгүүлийнхэн донтолтын эмчилгээнээс гараад байсан Дрюгийн талаар нийтлэл бичихээр шийдсэн юм. Түүний тухай нийтлэл 1990 онд дөнгөж гарсны дараахан Дрю дахин мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн тухай шуугиж эхэлсэн.

Энэ удаад тэрээр 6 сарын турш эрүүл байснаа тэмдэглэн, найзуудтайгаа цуг өвс татсан байхдаа машинаар зугаалж яваад осол гаргасан ч азаар бэртэл аваагүй гэнэ. Энэ бүхнээс болоод Дрю сэтгэл санаагаар унаж, ээжээсээ хүртэл хөндийрч эхлэв. Тэрээр гэрээсээ нүүсэн бөгөөд сэтгэл санааны хямралтай байх үед нь холбоо барилгүй удсан аав нь залгаж, охиноосоо мөнгө гуйжээ. Үүний дээр найзууд нь ч түүнээс нүүр буруулсан болохыг ойлгосон Дрю амиа хорлохыг завдаж байсан.

18 сарыг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өнгөрөөсөн 

Дээрх явдлын дараа ээж нь Дрюг  сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ. Өсвөр насандаа сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн тэрээр эмнэлэгт нийт 18 сарыг өнгөрүүлсэн байна. Анх ээж нь охиноо зугтаах вий гэж эмээн, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх гэж байгаагаа хэлээгүй гэнэ. Дрю ч хожим нь охиноо гэсэн ээжийнхээ энэ үйлдлийг өөрийнх нь сайн сайхны төлөө байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Эмнэлэгт байхдаа тэрээр тэсвэр хатуужилтай болж, энгийн хүүхэд шиг сэтгэж эхэлжээ.

Ээжийгээ орхисон нь

Дрю ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан. Миний ээж охиноо сургуульд хүргэж өгөхийн оронд цэнгээний газраар дагуулж явахдаа эх хүн байх эрхээ алдсан гэж тэрээр дурсаж байсан. Эмнэлгээс 14 настайдаа гарсан тэрээр амьдралаа өөрчлөхийн тулд ээжээсээ харилцаагаа таслах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Дрю өнөөг хүртэл ээжтэйгээ бараг харилцдаггүй ч санхүүгийн тал дээр тусалдаг.

14 настайдаа ажил олоход хэцүү байсан

Өнөө үед бид Дрюг насанд хүрсэн хойноо тоглож найруулсан олон киногоор нь мэднэ. Гэвч дөнгөж 14 настай байхдаа ажил олоход хэцүү байсан талаараа тэрээр олон нийтэд хуваалцаж байсан юм. Түүний нэр хүнд тухайн үед унасан учраас сонгон шалгаруулалтад оролцох үед шүүгч нар Дрюг хараад энд юугаа хийж яваа юм гэсэн байртай ёжилдог байжээ.

Тэрээр аргагүйн эрхэнд зөөгч хийж эхэлсэн бөгөөд ажилдаа тийм ч сайн байгаагүй аж. Байнга шахуу алдаа гаргадаг түүнд нэг өдөр дарга нь Явж амьдрах өөр арга ол гэж хэлээд хөөжээ. Хожим Дрю энэ  үгний ачаар карьеараа дахин эхлүүлэх хүч олсон байна.

Девид Леттермэн түүний хувьд эргэлт авч ирсэн

1995 онд Дрю алдарт Девид Леттермэний ток шоунд орсон юм. Тэрээр ярилцлагын үеэр ширээн гарч бүжиглэсэн байна. Үүний дараа өөрийнхөө ярилцлагын бичлэгийг үзэж байгаад үнэхээр тэнэг зүйл хийсэн болохоо ойлгосон гэнэ. Тиймээс Дрю хэт насанд хүрэгчдэд зориулсан үзэгдэлд (жишээ нь камерын өмнө нүцгэн гарах, бэлгийн харьцаанд орж буй мэт харагдах гэх мэт) тоглохгүй байхаар шийдсэн бөгөөд илүү гэгээлэг, өөдрөг кинонуудад тоглох болжээ.

Анхны нөхрөөсөө 19 хоноод салсан

1994 онд Дрю нэг залуутай 19 хоног гэрлээд салсан байна. Тэр нөхрийг Жереми Томас гэдэг бөгөөд нэгэн шөнийн цэнгээний газрын эзэн байжээ. Тухайн үед Дрю 19 настай байсан бол Жереми 31-тэй байв. Хосууд Жеремигийн цэнгээний газар танилцаж уулздаг болсон аж. Нэг удаа үүрийн 4 цагт найзуудтайгаа наргиж байгаад Жереми 24 цаг ажилладаг номлогч олсон бөгөөд тэд үүрийн 5 цаг 30 минутад гэр бүл болжээ. Дрю тэр даруй алдаа хийснээ ухаарч гэрлэлтээ хэдхэн хоногийн дотор цуцлуулж байжээ.

Том Грийнтэй хамт өнгөрөөсөн жил

Харин Дрю 90-ээд оны үед алдартай байсан инээдмийн жүжигчин Том Грийнтэй жинхнээсээ дурлалцаж, гэрлэсэн юм. Хосууд 2000 онд Charlie’s Angels киноны зураг авалтын үеэр танилцаж, 2001 оны 7-р сард гэрлэжээ. Энэ удаад арай удаан буюу 163 хоногийн дараа хосууд салцгаасан байна.

Тэдний хамтын амьдрал тийм ч амар байгаагүй. 700 мянган ам.долларын үнэтэй байшин нь шатаж, Грийн төмсөгний хорт хавдартай хэмээн оношлогдсон гээд таагүй зүйлүүд тэднийг хүрээлсээр байв. Ийнхүү 2001 оны төгсгөлд хэн хэн нь нэгнээсээ залхсан тул салах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хачирхалтай нь хосууд оюуны өмчөө хувааж авсан гэнэ. Дрю 46, Грийн 52 киноны эрх эзэмшдэг.

Одоо үе

Дрюгийн өнөө үеийн амьдрал өмнөхтэй нь харьцуулбал үнэхээр тайван гэж хэлж болно. Тэрээр 2012 онд зөвлөх Уилл Коппелмэнтэй гэрлэж, хоёр охинтой болжээ. Дрю хүүхдүүдээ жинхэнэ хуучинсаг аргаар өсгөхөөр шийдсэн бөгөөд өөр шигээ болгохгүй гэдэг.

Харамсалтай нь хосууд 2016 онд салсан юм. Тэрээр үүнийгээ амьдралынхаа хамгийн том алдаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дрю охидоо өсгөхөөр хэдэн жилийн турш урлагийн ертөнцөөс холдоод байсан ч өдгөө сэтгэл зүйн хувьд бэлэн болсон учраас хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа аж.

Эх Сурвалж: Caak.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!