Амьдрал

Амьдралын маань хамгийн сүүлчийн гэгээлэг өдөр байсан болохоор би тэр өдрийг ингэж тод санадаг

Амьдралын маань хамгийн сүүлчийн гэгээлэг өдөр байсан болохоор би тэр өдрийг ингэж тод санадаг байж магадгүй юм. 2016 оны хавар ажлынхаа хажуугаар хоёр жил гаран магистрт сурсны эцэст хамгийн сүүлийн шалгалтаа өгчихөөд сэтгэл дүүрэн багын найзуудтайгаа караокед дуулж байлаа.

Оройны арван цаг болж байхад бичвэрийн ажлыг удирдсан профессор маань залгаж байна. Шалгалтын хариу гарсан байж магадгүй гээд бушуухан чимээгүй газар очоод утсаа авсан чинь төгсөлтийн чинь тухай ярих чухал яриа байна, сургууль дээр хүрээд ирж чадах уу гэж байна. Найзууддаа явлаа гээд хэлтэл ийм орой дэмий байх гээд явуулахгүй гэсэн ч надад багшийн хоолой их нухацтай сонсогдсон болохоор санаа зовсондоо сүүлийн микронд амжиж суугаад очлоо. Сургууль арван цагаас хойш хаалгаа түгжчихдэг, очоод хаалгыг нь нүдтэл жижүүр ах байдаггүй. Хориод минут нүдэж байгаад багш руугаа залгаж байж хаалга нээлгүүллээ. Жижүүр ах гуай угаасаа уудгаараа алдартай хүн байсан. Тэр өдөр ч бас шал согтуу унтаж байхад нь багш түлхүүрийг нь аваад намайг оруулсан юм. Бид хоёрыг багш нарын конторт ороход ширээн дээр нь талд нь ортол уусан виски байсан. Гэхдээ багш ерөөсөө согтуу байгаагүй.

Би 24 хүрч байсан болохоор юмны учир мэдэхтэйгээ байсан үе л дээ. Эхлээд багш виски уух уу гэж нэг асуухад нь би татгалзсан. Би ганц шил пиво л уусан байсан. Дахиж надаас уух тухай асуугаагүй. Намайг шалгалтандаа тааруу оноо авсан гэх вий гэж их санаа зовж байлаа. Гэтэл миний шалгалтын цаасыг гаргаж ирээд дээр нь 97% гэсэн бичиг байгааг харуулсан. “Шавьдаа магистрын зэрэг авч байгаад нь баяр хүргэе. Миний хамгийн сайн шавь амжилттай ажиллаарай.” гээд духан дээр үнсэв. Миний санаа амарч багштай хэсэг буу халж суулаа. Багш энэ хооронд үлдсэн вискигээ хөнтрөөд дуусгачихав. Нилээн согтсон бололтой нэг ярьсан юмаа давтаад эхлэв. Цаг 12 дөхөж байсан юм. Би багшид маргааш ажилтай болохоор эрт харих ёстойгоо хэлтэл багш ч бас харья гэж байна. Бид хоёрын гэр нэг зүг болохоор хамт таксинд сууя гээд гарахаар болов. Багшийн пальтог нь өмсүүлж байтал гуйваад намайг түшлээ. Тэгснээ миний хүзүүн дээр үнсэх гэж оролдсон. Надад эвгүй санагдаад холдох гэтэл тас зуураад тавихгүй байсан.

Би болиоч гээд орилох тусам улам хүчтэй дайраад нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Байдаг чадлаараа хичнээн орилсон ч жижүүр согтуу байсан болохоор сонсоогүй байх. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Маш их өвдсөн. Шалны цагаан хулдаасан дээр цус дуссан байсан нь одоо ч нүдэнд тод харагдаж байна. Багш гэнэт эрүүл болчихсон юм шиг гараад зугтаачихсан. Би хамгийн түрүүнд багын найз руугаа залгаж дуудсан. Манай найз шууд цагдаа дуудчихсан юм билээ. Цагдаатай зэрэг шахуу ирэхэд нь би юу ч болоогүй юм шиг сууж байсан гэсэн. Дараа нь сэтгэл зүйчээс цочролд орсны дараа хүнээс санаад оромгүй авир гардаг гэж хэлж байсан. Яг үнэндээ тэрнээс хойших хэдэн цагийн турш надад ямар ч дурсамж байдаггүй. Нэг мэдэхэд ээж маань эмнэлэг дээр ирчихсэн намайг тэврээд уйлж байсан. Тэгэхэд л гэнэт сэхээ орсон юм шиг асгартлаа уйлсан. Өвдсөндөө ч юмуу хүчиндүүлсэн дээ уйлсан юм биш. Гомдсондоо уйлсан. Итгэж, хүндэлж явсан хайртай багш минь надад тийм зүйл хийсэн гэж бодохоор ээжээсээ өөр хэнд ч дахиж итгэмээргүй санагдсан. Хэдэн сар гэрээсээ гараагүй. Тэгээд гэрээр сэтгэл зүйчтэй уулздаг болсон. Гэхдээ яагаад ч юм би бусад хүчингийн хохирогч болсон эмэгтэйчүүдээс арай илүү хүчтэйгээр энэ бүхний даван туулж чадсан. Зургаан сар нийгмээс өөрийгөө тусгаарласны дараа би бараг бүрэн шахуу эдгэрлээ. Бие махбодын ч хувьд, сэтгэл санааны ч хувьд.

Гэхдээ миний туулсан зургаан сар цаашид надад тохиолдох аймшигтай зүйлсийн ердөө эхлэл байсныг би тэр үед огт мэдээгүй, өнгөрснийг мартаад цааш амьдарнаа л гэж бодсон. Харамсалтай нь хүмүүс надад юу тохиолдсоныг маш сайн санаж байсан. Эргээд хуучин амьдралдаа орж ажил төрлөө хийж найз нөхдөөрөө хүрээлүүлэхийг хүссэн ч бүр мөсөн тэгэх боломжгүй болсон байлаа. Ээж минь ажлаас маань чөлөө авах санаатай цагдаагаас түр хугацаагаар ажиллах боломжгүй гэсэн тодорхойлолт гаргуулах гэтэл цагдаагийн байгууллагад надад юу тохиолдсоныг мэдэгдчихсэн байсан. Найзууд маань ч дам дамаа сонсоод бүгд мэдчихсэн. Гэхдээ би тэдний надтай харьцах харьцаа тэгж өөрчлөгдөнө гэж бодоогүй. Найзуудтайгаа удаан хугацааны дараа уулзаж суутал надаас нэг л жийрхсэн, төвөгшөөсөн ч юм шиг эсвэл өрөвдсөн ч юм шиг байдал ажиглагдаад олигтой ч ам нээхгүй байсан.

Найзын маань танил биднийг цугласны хойно бидэн дээр ирснээ намайг анзааралгүй, “Нөгөө хүчиндүүлсэн найз чинь ирэхээ больчихсон юм уу? Ашгүй дээ. Тийм хүний хажууд байж чаддаггүй юм.” гэв. Надад тэр үг их хүндээр туссан ч тэр дорхноо үнэхээр тийм юм болсон л юм чинь яахав дээ гэж бодоод “Тэр хүн чинь би байнаа. Эвгүй байлгахгүйн тулд явлаа.” гэж чин сэтгэлээсээ хэлээд явсан. Найзууд маань намайг үлдээх гэж хэрэндээ хичээсэн ч надад үнэхээр тэдний дунд үлдэх орон зай байгаагүй. Ажилдаа эргэж ороод зургаа хоног ажиллаад л гарсан. Ажлынхан маань цайны цагаараа юм ярьж байгаад намайг ороод ирэхээр дуугаа хураачихдаг. Өмнө нь нийлдэг байсан эгч нараасаа тэгэхгүй байхыг гуйж өөрийгөө зүгээр юу ч болоогүй юм шиг амьдрахаар шийдсэн гэдгээ уудалж ярьсан ч гэсэн байдал өөрчлөгдөөгүй, харин ч улам дордчих шиг болсон. Өөр ажилд орж үзлээ. Мэргэжлийн ажил олдохгүй нэг л ёозгүй байснаас удаан ажиллаж чадалгүй гарсан.

Одоо би Японд ирээд зургаан жил болж байна. Эхлээд би Солонгост амьдрахаар шийдээд тэндэх амьдралаа хаяад ирсэн юм. Солонгост очоод Монгол ямар жижигхэн юм бэ гэдгийг ойлгосон. Монголчууд дэндүү олон газар яаж ийгээд 10 жилийн паралел ангийн хүүхэдтэйгээ таарчихваа хөөрхий. Тэгээд л тэнд амьдардаг бараг бүх хүн миний тухай мэддэг болчихоод дахиад л өнөөх байдал үргэлжлээд сүүлдээ “Өөрөө алцгараасаа болоод л тэгээ биз.”, “Багшдаа биеэ үнэлсэн” гэх мэт яриа гарсан байсан. Хөдөө тосгонд 2 сар амьдарсан. Харин Японд Монголчууд арай цөөхөн. Тэгээд ч энд амьдардаг хүмүүс хов живэнд анхаарахгүйгээр урд урдахаа л хийж амьдардаг. Нийгэм нийгмээсээ хамаараад хүмүүс өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Ээжийгээ их санаж хааяа уйлдаг. Нисээд очмоор санагддаг ч удаан байж чадахгүй юм билээ. 3 жилийн өмнө нэг очиж 7 хоног ээждээ эрхэлсэн. Үс нь бууралтчихсан байсан. Надад санаа нь зовсон доо л эрт бууралтчихсан байх. Ээж маань намайг тэнд байх дургүйг мэддэг болохоороо ир барь гэдэггүй ч би намайг санаад бэтгэрч байгааг нь мэддэг. Монголд байдал дээрдэхээр энд авчирч хамт амьдарна гэж бодож байгаа. Би нөхөртэйгөө энд ирээд сарын дараа танилцсан. Япон хүн. Бид 2 хөөрхөн охинтой. Миний өнгөрсөн амьдралыг мэддэггүй. Мэдвэл бусад хүмүүс шиг намайг өөрөөр хараад эхлэх юм шиг санагддаг. Яг үнэнийг хэлэхэд хамгийн дотны хүн минь болохоор хамгаа уудалж яримаар санагддаг ч өмнөх амьдралаас минь үлдсэн сэтгэлийн шарх одоо болтол хөндүүрлэдэг. Гэмгүй хүнийг жигшдэг нийгэмд би эргэж очихыг хүсэхгүй.

Эх Сурвалж. Choirongoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!