Амьдрал

Төрөх үед минь эмч нарын буруугаас болоод тархинд гэмтэл үүсээд би тархины саажилттай болчихсон юм

Төрөх үед минь эмч нарын буруугаас болоод тархинд гэмтэл үүсээд би тархины саажилттай болчихсон юм. Тархины саажилт дотроо маш олон янз хэвтрийнээс авхуулаад, энгийн хүмүүсээс ялгагдахгүй зүгээр харагддаг ч байна. Харин минийх эмнэлгийн нэршилээр 4-н мөчний тархины саажилт гэж явдаг юм. Бага насандаа өвөө, эмээ дээрээ өссөн. 2-настайдаа сувилал яслийн тусгай 10-р цогцолбор цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн.

Уг нь намайг бага байхад 8-н нас хүрээд л сургуульд ордог байлаа. Би сургуульд орох гэж гэр бүлтэйгээ 2,3-н газар очиж уулзаж үзсэн боловч тэр үед миний бэрхшээлийн хэлбэр одоо байгаагаас жаахан хүнд, өөрийгөө бусдад бүрэн ойлгуулж, илэрхийлж чаддаггүй байсан юм. Миний гаднах байдлыг хараад бид нар энэ хүүг авах боломжгүй, ийм хүүхэдтэй ажиллахад тусгай багш шаардлагатай байдаг юм гээд оруулаагүй. Тэрнээс болоод цэцэрлэгтээ 11-н нас хүртлээ сурсан.

Тэгж байтал манай цэцэрлэгийн удирдлагууд хөөцөлдөж байгаад Германы хөрөнгө оруулалтаар 25-р сургуульд тусгай анги нээгээд надтай хамт сурч байсан 10-н хүүхдийг цэцэрлэгээс 25-р сургууль руу шилжүүлж оруулсан юм. Сургуульд сурах болсондоо би үнэхээр баяртай байлаа. Гэвч 3,4 дахь жилээсээ надад уйтгартай сонирхолгүй санагдаж эхэлсэн. Яагаад гэж бодож байна? … Би өөрийгөө бусад энгийн хүүхдүүдтэй л адилхан сурч боловсорч байна гэж ойлгосон боловч бид нарын сургууль нь өөрөө бас тусгай гэсэн нэршилтэй сургууль байсныг нь мэдсэн юм.

Энгийн ​ЕБС сургуулиудыг бодвол илүү хөнгөн программаар хичээлүүд нь явагддаг байсан нь тэр л дээ. Жишээ нь бид нарын 9-р ангийн хичээл ерөнхий боловсролын сургуулийн 3,4-р ангийн хичээл үзнэ гэсэн үг.

Би багшдаа илүү хүнд хичээл үзмээр байгаагаа хэлтэл “Чамайг ойлгож байнаа. Чиний толгойнд илүү мэдлэг хэрэгтэй. Уг нь чи манайд байх ёсгүй, чи ЕБС-д суралцах бүрэн боломжтой. Хүсвэл гэр бүлд чинь хэлээд чамайг өөр сургууль руу шилжүүлэх талаар ярилцая гэлээ. Би гэрийнхэндээ энгийн хүүхдүүдийн явдаг өөр сургуульд сурмаар байгаагаа хэлсэн ч тэд зөвшөөрсөнгүй. Яагаад гэхээр 1-рт Бүр багаасаа хамт сурсан найз нараас минь салгахыг хүсээгүй байх. 2-рт манай сургуульд зөвхөн бид нарыг зөөдөг тусгай автобус байсан учраас л тэр нь амар байсан байх. Би тэрэнд нь гомдож байсан.

Нэг өдөр манай сургууль дээр надтай адилхан тэргэнцэртэй хүмүүс ирж яриа хийхээр боллоо. Шинээр нээгдэж буй “Түгээмэл хөгжил” гэдэг нэртэй төрийн бус байгууллага гэв. Зорилго нь юу юм гээд л ярьж эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд бие даан амьдруулах мөн гэр бүлээсээ тусдаа амьдрахад нь туслах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа байгууллага байлаа. Би тухайн үедээ яг юу яриад байгааг сайн ойлгоогүй. Жаахан байхдаа би зөвхөн бид нар л ийм гэж боддог байсан юм. Гэтэл дэлхийд бид нар шиг зөндөө хүмүүс жирийн амьдралаар амьдардаг байсныг тэнд олж мэдсэн юм. Яриа хийж байсан байгууллагын тэргүүн нь Ундрахбаяр гээд тэргэнцэртэй ах байсан, өөрөө нугасны гэмтэлтэй хүн. Тэр хүний хэлсэн нэг үг нь зүрхэнд гүн туссан юм. Нэгэнт л хүн болж төрсөн юм бол хүний хийдэг бүх зүйлсийг хийж хүн шиг амьдрах хэрэгтэй гэж.

Би энэ үгийг сонсоод нээрээ яагаад бусад хүмүүс шиг нийгэмд оролцоотой амьдарч болдоггүй юм гэж бодлоо. Тэгээд тэндхийн гишүүн нь болсон. Би олон сургалт, лекцэнд хамрагдаж олон улсын чиг хандлага, хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголтыг олж авсан. Манай байгууллагын гол зорилго нь ямар ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан тухайн хүмүүсийг нийгэмд оролцуулах, бие даан амьдруулах зорилготой юм. Яагаад гэж гайхаж байж магадгүй. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр нь хүндрэх тусмаа хүмүүс гэртээ л байдаг, гэрээсээ огт гардаггүй. Гаръя гэсэн ч гэр бүлийн хэн нэгнийг гуйж царай алдана. Тэрнээсээ болоод гарахаас төвөгшөөж нэг үгээр хэлбэл гэрийн тэжээвэр амьтан эсвэл гэрийн тавилга мэт болдог. Жилдээ ганц хоёр л гарна, тэр нь яагаад гарч байгаа юм гэхээр грүпп буюу улсаас олгодог мөнгө тэтгэмж байдаг. Тэрийгээ сунгуулахын тулд заавал эмчид үзүүлэх ёстой тэгж л гарна. Өөр гарах шалтгаанаар гарах боломжгүй байдаг.

2015 онд манай байгууллага өөр байгууллагатай хамтарч “хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32-р зүйл заалтан дээр туршилтын төсөл хэрэгжүүлж эхлэв. Тэгсэн Ундрахбаяр ах над дээр ирээд одоохондоо чамаас өөр энэ төсөлд оролцох хүн байхгүй байна чи оролцох уу? гэж санал тавилаа. Төслийн зорилго нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хувийн туслах үйлчилгээг үзүүлж тухайн хүнийг гэр бүлээс нь тусад нь бие даан амьдруулах байлаа. Над дээр өдөрт 3-4н хүн ээлжээр цагийн ажил хийж, цалинждаг тогтолцоо. Чи гэр бүлээсээ тусдаа амьдарна чамд зүгээр үү гэсэн. Тэр үед ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэгээд гэр бүлийнхэндээ тусдаа амьдарна гэдгээ хэлсэн чинь чи өөрөө хувцсаа өмсөж, шээж баахаа ч чадахгүй байж яаж хол амьдрах гээд байгаа юм гээд дургүйцсэн ч би чаднаа гээд л зүтгэчиxсэн. Байгууллагын маань тэргүүн хүртэл гэр бүлийнхэнтэй минь уулзаж бүгдийг тайлбарласан. Тэгээд л тусдаа амьдарч эхэлсэндээ. 2016 онд манай байгууллага дээр нэг хөөрхөн охин ирсэн юм. Тэр бас бага зэргийн хөнгөн бэрхшээлтэй. Надад хөөрхөн охин шиг санагдсан. Хэрэндээ л найрах гэж үзнэ. Сонирхол, юу хийх дуртай гээд янз бүрээр яриа өднө.

Нэг удаа бид хэд гишүүдээрээ Тэрэлж рүү зугаалгаар явах боллоо. Тэгсэн нөгөө охин чинь над дээр ирээд ‘Чи надад таалагддаг гэж хэлсэн. Тухайн үед надаар тоглож байна гэж бодоод зүгээр инээгээд өнгөрөөчиxсөн. Тэрэнд нь итгээгүй ч өөрөө тэр хүнд сайн гэдгээ мэдрээд сайн гэдгээ яаж хэлэх учраа олохгүй л байлаа. Тэгээд нэг удаа яаж байгаад ч билээ хэлчихгүй юу. Тэгсэн өөдөөс ‘Мэднээ. Би чамд өөрөө түрүүлж хэлж байсан шдээ’ гэхээр нь би ‘Би чамайг тоглож байна л гэж бодсон’ гэтэл ‘Тийм юмаар хэзээ тоглож байсан юм’ гэдэг байгаа. Тэгээд тэрнээс хойш бид 2 ын харилцаа эхэлсэн. Би тэр үедээ хөлдүү байсан болохоор үерхэх санал ч тавиагүй ээ. 2 жил бид хоёр гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй үерхсэн. Гадуур болзоно, бид 2т яваагүй газар бараг үлдээгүй байх. Хувийн туслахын үйлчилгээг авахад дүрэм гэж байна. Туслах авахаасаа 10н хоногийн өмнө төлөвлөгөөгөө гаргах ёстой, тэдэн сарын тэдний өдөр тийм газар луу явна тэгээд тэдэн цаг хүртэл тэгнэ гээд. Төлөвлөгөөгөө өөрөө гаргаад тэрнийхээ дагуу явна гэсэн үг. Тэгэхээр хүн төлөвлөгөөний дагуу амьдарч эхэлдэг, тэр нь давуу талтай. Тэгээд туслахаараа хүргүүлээд болзоондоо явна даа. Охин хүүхэд гарч ороод байхаар ээж аав нь гадарлана шдээ. Гэрийхэн нь мэдчихээд дургүйцсэн. Чи өөрөө хөгжлийн бэрхшээлтэй тэгчихээд ийм хүнтэй үерхэнэ гэж юу яриад байгаа юм гээд. Надтай уулзуулахгүй гэж гэрийн хорионд хүртэл оруулж байлаа. Зарим шаардлагатай тохиолдолд хувийн туслахын үйлчилгээг 24н цагийн өмнө хэлээд авдаг юм.

Манай зохицуулагч сул туслахууддаа хэлээд завтай байгаа нь ирчихнэ. Тэгэхээр нь би туслахаа дагуулаад гэрийнх нь гадаа нууцаар очдог боллоо. Тэр болохоор гэрийнхэндээ худлаа яриад гараад ирнэ. Эмэгтэй найзтайгаа уулзлаа ч гэдэг юм уу. Жил орчим тэгж явлаа, бас л чанга шдээ. Байгууллагын маань шинэ жил боллоо. Бид 2 шинэ жилдээ орчихоод л орой нь манай найз охин шууд надтай хамт явья гэдэг юм. Бараг хамт байя ер нь яадаг юм гэсэн ухааны үг хэлсэн байхаа. Хамтдаа 1 сар гадуур хамт байчихсан. Дундуур нь би ‘Чи ингэж олон хоног гэртээ очихгүй байж болохгүй, харих хэрэгтэй’ гэхээр нөгөөх чинь аймар зөрүүд ҮГҮЙ гэнэ. Гэрийнхэн манайд хүрээд ирж магадгүй болохоор очиж хувцсаа соличихоод л найз нөхдийнхөөрөө хононо. Заримдаа бүр буудал орно шд. Түүний гэрийхэн нь надтай хамт байгааг мэдэж байсан тийм болоод ч тэр үү учиргүй бас эрэл сурал болоогүй. Бид 2оос болж манай найзууд дашраараа худлаа ярьсан, залгаж асуухад нь манайд байхгүй гэж ирээд л. Манай ажлынхан бас худлаа ярьсан. Бүгд оролцсон шд. Ёстой хөгжилтэй үе байсан.

Тэгээд эцэст нь манай ажил дээрээс намайг бариж аваад бөөн юм болсон доо. Аав ээж нар юу гэж загинадаг уу тэгж л загинасан. Хэсэг бид 2ыг уулзуулаагүй ээ.10-аад хоног байхаа. Бид 2 юу гэж тэгж амархан бууж өгөхөв. Гарч ороод буцаад л уулзаад эхэлсэн. Яваандаа хамт амьдардаг ч боллоо. Тэгж байтал найз охин маань жирэмсэн боллоо. Ээж аавд нь яаж хэлэхээ мэдээгүй. Гаднаа зүгээр юм шиг харагдаж байсан ч дотроо яаж хэлэх үү гэсэн айдастай. Тэгсэн манай найз охин аймар сэргэлэн, төрсөн өдрөөрөө хэлчиж байгаа байхгүй юу. Ээжтэйгээ хамт явж байснаа хэлчихсэн чинь ээж нь сонсоод аймар баярласан гэсэн. Тэрнээс хойш гэрийнхэн нь гайгүй болчихсон. Ямарч л байсан би дийлсэндээ (инээв) Манай ээж гадаадад амьдарч байснаа эмээ болох сургаараа бөөн баяр болоод хүрээд ирсэн. Аав болох мэдрэмж сонин л байдаг юм байна лээ. Уйлах шахсан гэхдээ гаргаагүй ээ. Урьд нь би зөвхөн өөрийгөө л авч явдаг байсан бол одоо эхнэр хүүхэд 2 хүн нэмэгдэж байна. Маш хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо 3уулаа амьдраад жил болж байна. Тун дажгүй байгаа шүү. Би ухаан орсон цагаасаа л өөрийгөө гэр бүлтэй болно гэж бараг боддоггүй, чадахгүй гээд итгэчиxсэн байсан. ‘Нэгэнт хүн болоод төрчихсөн бол хүн шиг л амьдрах хэрэгтэй’ энэ үг надад 2 зорилгыг өгсөн. Тусдаа амьдрах тэгээд өөрийн гэсэн гэр бүлтэй болох. Энэ үгийг сонсоогүй бол би магадгүй 4н хананы дунд тэжээвэр амьтан шиг л байх байсан. Зорьсон 2 зорилго минь биелчихсэн бас би нийгэмд ажиллаж хөдөлмөрлөөд оролцоод л явж байна. Одоо харин би шинэ зорилготой болсон, нийгмийн амьдралд оролцоод надад мэдрэгдсэн сайхан бүхнийг олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст адилхан мэдрүүлмээр байна. Тэрний төлөө л ажиллана даа.

Эх Сурвалж: Choirongoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!