Амьдрал

Энэ амьдралдаа ээж рүүгээ залгах бүх дуудлагын минь тоо энэ 14 гэх тоогоор эцэслэгдсэн. Одоо би яасан ч утасныхаа дуудлагыг тасалж, сүлжээг нь хаадаггүй

Зуны халуун өдөр, би хэзээд цээжээрээ мэдэх цор ганц дугаар луугаа залгаад “Ээж, та сумын 90 жилээр ямар дээл өмсөх юм бэ? Ээж би зуслан явмаар байна, удахгүй зуслан явах нас дуусчихна, Ээж би улаан шугамаар зөндөө дээгүүр жагссан юм чинь та миний хүслийг биелүүлнэ гэсэн, Ээж хоёулаа хэзээ зааланд тоглох вэ? Ээж… Хорвоогийн сонин хачинг хамж шимж яриад л, утсаа таслаад таван минут ч болохгүй дахиад л залгаад. Би өмнө нь ээж рүүгээ ингэж олон залгах нь битгий хэл түрүүлж залгах нь ч тун ховор байлаа. Тэр үед би ер нь л утсаар ярих дургүй, дандаа сүлжээг нь хаачихдаг, дуудлага ирэхээр тасалчихдаг яах гэж ч утас барьдаг юм гэмээр байдаг байсан юм.

Ээж минь эмч, өглөө ажилдаа гараад орой ирдэг. Би өдөржин гэртээ ганцаараа, айлын ганц ер нь л их эрх хүүхэд. Ээж үргэлж түрүүлж залгаад “Өдөр боллоо одоо босоорой, ороо хураагаарай, хоолоо идээрэй, гэрээ цэвэрлээрэй, махаа гаргаарай, ээж нь очиж байна” гэнэ. Өдөрт дор хаяж гурван дуудлага утсанд минь зөвхөн ээж гэж хадгалсан дугаараас ирэх бөгөөд дуудлага бүр нь л намайг халамжилж надад санаа зовсон. Гэтэл хариуд нь өгч байгаа миний үг ердөө л ЗА. Төвөгшөөсөн, ядаргаатай юм, хүн өөрөө мэдэж байхад яах гэж ярьдаг байнаа, би бол биеэ даасан мундаг, танаар заалгахгүй гээд л өөрийгөө их юманд өсвөр насны хүүхэд байлаа. Яагаад ч юм ганцхан тэр өдөр л би ээж рүүгээ залгаж яриад л баймаар санагдаад байсан. Маргааш өглөө нь ээж, аав бид 3 сумаасаа гараад явж байлаа. Аав машин бариад би хажуу суудал дээр ээж хойно суугаад явж байсан. Машины хажуугийн шпилк задраад дугуй нь салаад машин 3 хөрвөөгөөд осолдчиxсон.

Ээж аав 2 минь хоорондоо үүдэн хоймрын зайтай шидэгдчиxсэн, би ослын дараа ганцаархнаа ухаантайгаа байсан. Ээжийн маань баруун хөл нь хугарчиxсан, аав болохоор ямар ч ухаангүй цусандаа будагдчиxсан, эмнэлгийнхэн ирээд ээжийг авч явахдаа нугасанд чинь гэмтэл орчиxсон байна нэг л буруу хөдөлвөл амьсгал чинь хураагдахаар байна шүү гэж хэлсэн. Эмнэлэг дээр аав ээж хоёрыг тус тусад нь өрөөнд оруулчиxсан, аавын ороор дүүрэн цус урсаад, ээж маш чанга орилоод байсныг би ганцаараа сонсоод зогсож байсан. 3н цаг хүрээгүй ээж минь амьсгал хураачиxсан. Би өрөөнд нь ороод ээждээ хүртэл бие нь цэв хүйтэн. Амьсгаа ч авч амжаагүй байтал хэдхэн цагийн дараа эмч нар гүйлдээд эхэлсэн. Аавын хавирганууд хугараад зүрхийг нь сүлбээд орчиxсон нь зүрхийг нь зогсооx гээд байна гээд. Аав минь 4р бүлгийн цустай тэгсэн 4р бүлгийн цус ерөөсөө олддоггүй, би гараад таарсан дэлгүүрүүдээр, таарсан хүмүүсээсээ та хэддүгээр бүлгийн цустай вэ? гээд асуугаад уйлаад гүйчиxсэн.

Надад ямар мэдрэмж төрж байсныг би үгээр ч хэлж чадахгүй байна. Энэ бүхэн зүгээр л маш хурдан болоод өнгөрсөн. Азаар ч гэх юмуу аав минь амьд үлдсэн ч 2 жил хэвтэрт байсан. Би ээжийнхээ тэр их дуудлаганд ядаж ганц удаа Ээжээ та өөрөө хоолоо идсэн үү? гэж асуугаагүйдээ одоо харамсдаг. Энэ тавхан үгийг хэлэхэд надад хэдхэн хором л хангалттай байсан атал би танаасаа тэр хэдхэн хоромыг харамласан. Гэтэл ээж минь надруу хичнээн цаг минут ярьж, надад санаа зовж амьдралынхаа хэдэн цагийн надад зориулж байсан бол? Ээж гэсэн дугаараас ахиад Миний охион босоорой гэж залгахгүй, айсан үедээ Ээжээ туслаарай гээд ярьж чадахгүй. Хэрэв тэр л өдөр би залгаагүй бол, элдэв янзын бодол тархинд минь орж ирээд аманд минь үдэгдээгүй бол, зуны тэр өдөр халуунд нозоороод бүтэн өдөржин унтчихсан бол би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй байсан байх….14н дуудлага. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв дуудлага тэр өдөр хийсэн 14 дуудлага л байсан юм. Хэрэв надад тэр 14 дуудлага байгаагүй бол, өнөөдөр би амьсгалж ч чадахгүй ихээр шаналах байсан. Энэ тоо. Энэ амьдралдаа ээж рүүгээ залгах бүх дуудлагын минь тоо энэ 14 гэх тоогоор эцэслэгдсэн. Одоо би яасан ч утасныхаа дуудлагыг тасалж, сүлжээг нь хаадаггүй. Хайртай хүмүүстээ үргэлж өглөөний, өдрийн, оройн мэнд гэж мэндлээд хоолоo сайн идээрэй, битгий ядраарай, сайхан амраарай гээд яриагаа дуусгадаг. Яаж мэдэх юм бэ? Энэ миний эсвэл хэн нэгний сүүлийн дуудлага байх вий, сайхан үг хэлж чадаагүй тэр хүнийг алдчихвий гэж айдаг учраас. Хэн нэгэнтэй ярих хэдхэн секундыг ч би чухалчилдаг. Учир нь хүн бүртэй ярих дуудлагын тоо хязгаартай гэдгийг мэддэг учраас.

Эх Сурвалж: Choiroingoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!