Амьдрал

Яг тэр үед би хэзээ ч НӨАТ-ын баримтаас сугалаанд хожиж үзээгүй хүн 30 мянган төгрөг хожчихдог юм. Тэр нь бүр миний хүүдээ авсан сүүнээс шүү

Бид хоёр хүүхдээ юугаар ч дутаахгүй гээд бүх юмыг нь бэлдсэн. Манай хүн ягаан өнгөтэй юу л байна бүгдийг нь авчихсан байсан. Ягаан чихмэл тоглоом, ягаан бүүвэйлэгч, ягаан хувцас гээд л.

Тэр дунд байсан хамгийн хөөрхөн нь манай эгчийн бэлэглэсэн ягаан өнгийн бантиктай нярайн туфль байсан. Бүр шилэн тиркотойгоо. Аймар жижигхэн. Анхны хүүхэд учраас маш их догдлолтой. Охиноо тэгж их бэлдэж угтаж авч байсан юм.

Охин маань гараад дөнгөж 20 хоночихсон байсан чинь шарлалт явагдлаа.

Шарлалт нь буурахгүй байна гээд эмнэлэгт үзүүлсэн. Манай хүүхдийг эмч үзэж байгаад памперс нь баастай байна солино гээд доошоо харуулахад хүүхэд маань бүтэлт авчихсан байсан. Намайг шууд өрөөнөөсөө гаргаад л тайван байгаарай гэсэн. Олон эмч нар тэр өрөө лүү гүйлдэж ороод хэдэн минутын дараа гарч ирээд охин чинь нас барчихлаа гэж хэллээ. Тэр үе миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Тийм хэцүү зүйл мэдэрч байхад эмч нар сав нь хөөрчихнө гээд хүв хүйтэн түмпэнтэй ус миний дээрээс асгасан. Даралт нь унаж байна гээд л. Харин тэр үед би юу ч мэдрээгүй. Тэгж их хүсэн хүлээсэн хүүхдээ алдчиxлаа. Эрэгтэй хүн бол дотроо л бэтгэрдэг. Манай хүн миний хажууд нэг ч нулимс унагаахгүй гүрийнэ.

Тамхи татдаггүй ах маань хүртэл намайг хөхөө сааж байхыг хараад тамхи татсан, тийм л их шаналалтай байсан. Тэрнээс хойш нөхөр бид 2 гадуур явж байхад бохь, ном зардаг хүүхдүүд ороод ирэхэд өөрийн эрхгүй өдрийнхөө бүх цалингаараа юмыг нь худалдаад авчихдаг болов. Манай нөхөр караокед зөөгч хийдэг, тэгснээ оюутан. Би болохоор их дэлгүүрт худалдагч хийдэг оюутан. Хүүхэддээ зориулж хуримтлуулж байсан мөнгөөрөө асрамжийн газруудаар их явна. Энд тэнд хүүхдийн төлөө хийж байгаа зүйлсийг аягүй их дэмжинэ. Би хоол сайн идэхгүй. Тэр үед манай ээж Чи 1хэн сартай үрээ алдаад ингэж шаналаж байхад 21н жил өсгөсөн чамайг өвдвөл бид яах вэ гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш би аль болох инээдэг, уйлахаар бол зөвхөн шөнө орондоо л уйлдаг боллоо. Хүүхдүүдээ тэврээд явж байгаа ээж нарыг харахаар их сайхан санагдана. Над дээр ирчиxээд буцсан аз жаргал. Би өмнө нь шашинд итгэдэггүй байсан ч хамгийн сайн гэсэн лам, бөө, хуварга бүгдэн дээр нь очиж байсан. Тэгсэн нэг хүн надад 2ын тоо харагдаад байна, өвөл болохыг хүлээ гэж хэллээ. 12 юмуу 2 сард чи жирэмсэн болоод нуган хүүтэй болно гэсэн. Манай хүн бид 2 12 сарын нэгэн болов уу үгүй юу л өдөр болгон тестээр үзэж эхэлсэн. Тестээ бүр бөөндөөд авчихсан. Тэгж байтал 20н хэднээр манай ажлын шинэ жил боллоо.

Би Ёолконд явах гээд яг бэлдэж байсан өдөр. Тэр өдөр тестээр үзсэн чинь 2 зураас. Итгэхгүй дахиад үзсэн. Дахиад 2 зураас. Яг нөгөө хүний хэлснээр. Нөхөртөө хэлсэн чинь За одоо 2уулаа хэнд ч хэлэхгүй шүү гэж байна. Тэгсэн мөртлөө л сэтгэл хөдлөөд хамгийн түрүүнд гэрийнхэн рүүгээ яриад хэлчихсэн. Хэтэрхий хүсэж ирсэн хүүхэд болохоор аягүй хэцүү. Бөмбөгөр орж 1кг юм аваад л харих хооронд доошоо цус гарчихдаг. Тэр үед би төгсөх курсийн оюутан дэлгүүрт бас худалдагч хийдэг. Хүүхэд хамгийн чухал гээд сургуулиасаа ч чөлөө авсан. Тэгж л бид 2 хүүгээ өлгийдөн авч байсан юм. Бид 2 сургуулиа төгсчихөөд Хятад руу тэтгэлэгээр явсан. Тэнд очоод хүү маань 6н сартай нярай байх үед дараагийн охин маань олдсон. Охиноо гаргаад тэр үед хүүхдүүд амьдралд ямар их аз жаргал,өнгө нэмдгийг улам мэдэрсэн юм. Хүүхдийн тийм нандин зүйлийг мэдрээд хүүхдүүдэд бүр их хайртай болсон. Хүүхдүүдээ их гангална. Өөрсдийн зүгээс хүүхдүүддээ юу хийж чадахаар байна бүхнийг хийнэ. Өмсөж зүүх, идэж уух эрүүл ахуйн бүх зүйлд нь санаа тавина. Охин маань ой гарантай болоод ирэнгүүтээ ээжийнхээ хийж байгаа зүйлсийг яг дуурайж эхэлсэн. Хумсаа будах, маск тавих гээд л, дуурайх гээд орилж уйлна.

Нэг удаа би Америк руу эгч дээрээ очсон юм. Би чинь энд тэнд явахаараа охиндоо өөрийн эрхгүй үнэртэн гоо сайхны юм харчихаад байдаг. Тэгсэн Диснэйгийн дэлгүүрт яг миний хүсдэг байсан хүүхдийн хумсны лак байна. Хүүхдэд ямарч харшил өгөхгүй эко. Би тийм зүйл олсондоо баярлаад охиндоо, хамаатны, найзынхаа хүүхдүүдэд гээд зөндөөг авсан. Гэхдээ тэр лак нь тогтмол ирдэггүй, цөөхөн зарагддаг. Тийм болохоор Америкийн муж болгоных нь Диснэйгийн дэлгүүр лүү орж цөөн цөөнөөр нь цуглуулсан гэх үү дээ. Чемодандаа хийж ирээд бүгдэнд нь бэлэглээд хэд үлддэг байхгүй юу. Тэр хэдийгээ үнээр нь зарчихая гээд интернетд тавьсан чинь дорхноо шуураад л алга болсон. Охиныхоо тэр лакыг аваад ямар их хөөрч байгааг хараад бусад хүүхдүүд ч гэсэн охинтой минь адилхан баярлавал гэж бодохоор надад сайхан санагдсан юм. Диснэй рүү аймар их имэйл бичсэн. Бүхэл бүтэн 2 жилийн туршид. Утас руу нь дуудлага хийхээр Америк чинь аймар үе шаттай, дараагийн шат руу явуулна. Бага түвшиндээ хүлээж аваад л цааш нь дамжуулья гээд алга болчихдог. Тэгж байхад миний 3дах охин гэдсэнд бүрэлдлээ. Охины маань амь насанд жаахан эрсдэлтэй байсан болохоор намайг Америкт төрүүлье гээд тийшээ явсан. Тэр хугацаанд имэйлээ бичсээр л байлаа. Охин минь төрөхдөө ээжийнхээ мөрөөдлийг хамт авчрах шиг л болсон. Бараг 170н имэйл бичсэний дараа төрөөд 4хөн хоноод байж байтал хүсэн хүлээсэн хариу имэйл маань Диснэйгээс надад ирсэн юм. Би чинь оёдолтой төрөөд алхаж ч чадахгүй байсан хүн чинь тэр имэйлийг уншаад хөл газар хүрэхгүй баярлаж орилж байгаа юм чинь.

Албан ёсны эрхийг нь авахын тулд надад маш их мөнгө хэрэгтэй болсон. Уулзалтанд зориулж надад цаанаас нь захиалаад өгчихсөн буудал нь л гэхэд хоногийн 2 сая төгрөгийг зарцуулахаар байсан. Гэтэл миний төсөв хэцүү шдээ. Байраа барьцаалж 100н саяын зээл аваад Диснэйгийн албан ёсны эрхийг авна гэсэн чинь гэрийнхэн зад загинав. Бүгд л намайг дампуурна чадахгүй гэж байсан. Хүний өөрийн зөн совин гэж байдаг шдээ. Би зөн совиндоо итгэсэн. Би бүр гуйсаар байгаад зээл авахаар боллоо. Надад нэг ч танидаг хүн байхгүй болохоор би нэг дурын Төрийн банк руу гүйгээд орсон. Эдийн засагчтай нь уулзсан чинь та ийм ийм зүйлс бүрдүүлэх хэрэгтэй гээд надад аймар урт жагсаал үзүүлдэг юм. Цаг маань тулаад би үлдсэн хоногтоо тэдгээрийг бүрдүүлж яагаад ч амжихгүй байсан. Аргаа бараад шууд захиралынх нь өрөөг цохиж ороод бүх бодит байдлаа яриад, “Энэ миний амьдралыг шийдэх гол юм, та надад туслаач” гээд гуйсан. Тэгсэн тэр захирал эдийн засагчаа дуудаад За чи энэ хүүхдэд тусла. Бид нар яг ийм л хүмүүст зээл олгох ёстой. Миний дүү зүгээр яваад билетээ л хөөцөлдөж байгаад ир гэсэн. Би итгээгүй. Ямар ч хүн бирд шиг гарч ирээд 2хон хоногийн дотор 100н саяын зээл гаргаж өгөхгүй шдээ. Үнэхээр л 2 хоногийн дотор зээлийг минь гаргаад тэр шөнөө би нисч байлаа.

Лос Анжелест очоод л бүх юм болчихно гэж бодож байсан чинь нөгөө Диснэйгийн албаны хүмүүс За одоо та 2 Нёорк нисэх билетээ авчих гэж байна. Тулсан 2 цагийн билет чинь тэнгэрт тулсан үнэтэй. Би чинь нөгөө 100н саяаасаа хэдийг яаж зарцуулах бол гэж бодохоор л дотор харлана. Эгч маань тархины хүнд хагалгаанд орчихоод удаагүй байсан мөртлөө л намайг хөл дээр минь босгоно гээд л орчуулга хийгээд удаан нислэгийг үл тоон хамт явж байсан юм. Тэгээд Нёоркоосоо буцаад л ЛА рүү нислээ. Буудалдаа ирсэн. Өглөө болохоор л нөгөө Диснэйгийн төлөөлөгчид маань хамт цай ууя, кофе ууя гэнэ. Тэд нар заавал буудлынхаа ВИП зэрэглэл рүү орно. 59н долларын Латте авсан. Миний хоолойг давах үнэхээр хэцүү байсан. Монгол мөнгөөр 100 гаруй мянган төгрөгөөр Латте авч ууна гэдэг байж боломгүй, би чинь өртэй хүн. Тэгж тэгж байгаад ашгүй албан ёсны эрхээ авч байлаа. Азидаа хамгийн анхны Диснэйгийн албан ёсны хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтыг хийхээр болсон гэдгээ мэдээд өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн. Хамгийн анхны контэйнар маань сая 2020н оны 1 сард буулаа. Ирэх цагаасаа 10н хоногийн өмнө буугаад тэр үед би өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан ч гоё бараануудаа дэлгүүрүүдээрээ тараагаад л бөөн аз жаргал. Тэр өдрийнхөө дараа өглөө нь л Эх нялхасд амаржсан. Зиа төрчихлөө одоо ажлуудаа умалзуулаад өгье гэсэн Ковид гараад бүх дэлгүүр хаахаар болсон. Ашгүй хөл хорио сулраад 5н сард буцаад ажилдаа орох гэсэн чинь дараа нь их дэлгүүр шатаад бараанууд маань үнс болчихсон. Дараа нь дахиад л Ковидоос болж хөл хорио зарлалаа. Сүүлдээ би шантарсан. За одоо л бүх юм сайхан болно доо гэж бодохоор ямар нэгэн зүйл тохиолдчихно. Том том компаниуд намайг албан ёсны эрхээ 300н сая төгрөгөнд зарах уу гэж асуухаар нь бараг зарчихмаар ч юм шиг оргиод л.

Яг тэр үед би хэзээ ч НӨАТ-ын баримтаас сугалаанд хожиж үзээгүй хүн 30 мянган төгрөг хожчихдог юм. Тэр нь бүр миний хүүдээ авсан сүүнээс шүү. Тэрийг нь би их билэгшээсэн. Орой нөхрийгөө ирэхэд нь дэвтрээ дэлгэчихсэн за одоо ёстой хань нь алаад өгнө гэчихсэн сууж байсан. Анх зүгээр л ганзагын наймаа шиг шахуу бас ямар ч өөрийн хөрөнгөгүй энэ бүхнийг эхлүүлж энд хүрчихээд юу ч болоогүй юм шиг бүгдийг нь орхихгүй ээ. Би хүүхдүүддээ сайн ээж байж, олон олон хүүхдүүдийг баярлуулсан хүн байхыг хүсдэг. Хүүхдийн инээд баяр миний харж болох хамгийн гайхалтай зүйл учраас.

Эх Сурвалж: Choriongoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!