Амьдрал

“Энэ ах нь бид 2ыг аварсан байхгүй юу” гээд хүүхдээрээ намайг тэврүүлээд, өөрөө ч бас тэвэрч байсан юм

Фэйсбүүкт Кино сонирхогчдын групп идэвхитэй байх үед олон жилийн өмнө би нэг охиныг мэддэг байлаа. Уулзаж бөөнөөрөө кино үздэг тийм групп байсан юм. Бид 2 2уулаа жаахан гунигтай хүмүүс байсан. Энд тэнд хамт коммент бичилцэнэ. Тэр хүн циркийн хажууд гэртэй, би болохоороо их дэлгүүрийн зүүн талд амьдардаг. Ойрхон болохоор хоорондоо их харилцана. Тэр үерхдэг залуугийнхаа талаар их ярина. Бид 2 шөнө зүгээр л хоол идэх гэж уулзах үе байна. Депрэссдэхээрээ хоол их иддэг гэж хэлнэ. Хааяа кофе уух уу гэнэ. Тэгээд л тэр найз залуугаа ярина.

Нөгөө залуу нь болохоор түүнтэй хэрэгцээтэй үедээ л уулздаг, буцааж өөрийг нь хайрладаггүй маягийн. Явсаар явсаар нөгөөх нь өөр эмэгтэйтэй уулзаж байхад зэрэг уулзсаар байгаад түүнээс хүүхэдтэй болчихсон. Тэгээд жирэмсэн болоод л хаягдчихсан. Найз маань гэрийнхэндээ энэ талаараа хэлтэл элдэв үгээр дуудаад түүнийг огт ойлгохгүй байсан юм шиг байна лээ. Тэр 2 өөр өөрсдийн хүссэн замналаар л амьдарсан учраас тэрийг нь би буруутгадаггүй. Хүүхдээ гаргах уу яах уу гэж надтай нэг ирж ярилцсанаасаа хойш таг чиг болчихсон байв. Зуны нэг орой би найзуудтайгаа хамт гоё байх гээд Санзай явчихсан байсан юм. Тэгтэл шөнийн 2 цагт утас дуугарлаа. Нөгөө охин маань байв. “Сүүлийн удаа хэн нэгэн рүү залгая гээд бодохоор үнэхээр хэн ч байдаггүй юм байна. Тэгээд чам руу залгая гэж бодлоо” гэж хэлэв. Тэр үг зүрх рүү яг орж байгаа байхгүй юу.

Яагаад гэхээр надад ч гэсэн хэцүү үедээ залгаад хэцүү байна гээд хэлчих хүн байдаггүй байсан юм. Тэр бүх мэдрэмж нь шууд мэдрэгдээд л. Утасных нь цаанаас салхи сонсогдсон. Чи хаана байгаа юм гэсэн чинь Би балкон дээрээ зогсож байна гэсэн. Тэгээд л би шууд ойлгочихож байгаа юм чинь. “Найз минь байсанд баярлалаа. Гэр бүл маань хүртэл чам шиг байж чадаагүй” гээд л уйлаад л яриад байсан. 20н минут утсаар яриж байгаад тасалсных нь дараа ,би азаар доод талд нь амьдардаг байсан охиныг танидаг байсан юм, тийшээгээ залгаж хэлсэн. Ярьж байхдаа би хотруу явах гээд бас сандарч байгаа шд. Хамаг мөнгөөрөө хэрэгтэй хэрэггүй элдэв юм авчихсан байсан болохоор мөнгөгүй, найзуудаасаа мөнгө босгоод 1800 төгрөгтэй л болсон. Шөнийн 2 цагт ямарч машин байдаггүй. Шарга морьт руу арай гэж гүйж ороод унаатай золгосон. Зун болохоор бас гайгүй.

Тэгээд их дэлгүүрийн тэнд буугаад л гүйгээд очсон чинь миний утсаар хэлдэг доод давхрын охин намайг тосож уулзсан. Цагдаа, онцгой байдал дуудаад аль хэдийнээ бүгдийг нь зохицуулчихсан байсан. Бид 2 гадаа жаахан сууж байгаад за ашгүй дээ гээд бие биенийгээ тэврээд салсандаа. Харин нөгөө эмэгтэй найз маань фэйсбүүкээ хаачихсан, холбогдох боломжгүй таг алга болчихсон. Би нэг хүнээс түүнийг гадагшаа явсан л гэж дараа нь олж сонссон. Тэгсэн саяхан 2018н онд их дэлгүүрийн тэр хавьд түүнтэй таартал тэр над руу гар далладаг юм, би ч зөрүүлээд даллалаа. Жаахан хүүхэд хөтлөчихсөн явж байсан. Өөдөөс нь очих уу, зөрөөд явах уу гэж бодож байгаад очоод жаахан юм ярьсан. Энэ ахдаа баярлалаа гэж хэлээрэй гээд тэр хүүхэддээ хэлсэн, хүүхэд нь Яагаад? гэсэн чинь “Энэ ах нь бид 2ыг аварсан байхгүй юу” гээд хүүхдээрээ намайг тэврүүлээд, өөрөө ч бас тэвэрч байсан юм.

Эх Сурвалж: Choriongoo

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!