Түүх

Агуу хөрөнгө оруулагч Жон Дэвинсон Рокфеллерын түүх

Энэ хөрөнгө оруулагч бол өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд амь бие үл хайрлах, хугарашгүй хатан зоригийн бодит жишээ юм. Тэр америк мөрөөдлийн биелсэн дүр, мөрөөдөлдөө хүрсэн хувьтай хүн. Амжилтанд хүрэх замдаа энэ хүн хүнд бэрх туршилтыг нэр төртэй давж гарсан юм. Ингээд танилцъя! Мөрөөдлийнхөө төлөө тэмцэгч агуу их хүн хөрөнгө оруулагч Жон Дэвисон Рокфеллерын түүх эхэллээ.

Залуу бизнесмен

Рокфеллерынхны гэр бүл Нью-Йорк мужийн Ричфордод Францаас цагаачлан иржээ. Тэнд 1839 онд манай түүхийн баатар эхээс мэндэлсэн байна. Ирээдүйн тэрбумтны эцэг Уильям Эйверн Рокфеллер хоёр эхнэртэй, садар самуун явдалтай, хууран мэхлэгч байжээ. Түүний эхнэр хүүхэд нь гар хумхилгүй ажиллаж өлмөн зэлмэн амьдарч байхад, тэр өөрийн луйвар заль мэхээр хөөцөлдөж тансагладаг байсан. Жон бүр бага балчираасаа хичээнгүйлэн ажиллаж хатуу чанд зан чанар, ой ухаанаараа бусадаас ялгардаг байв. Түүнээс гадна үргэлж сайхан үнэтэй хувцас өмсдөг эцгийгээ хааяа гэртээ эргэж ирэхэд нь бахархан хардаг байлаа.
Жон төдий л удалгүй “бизнес” хийж эхлэв. Тэр нэг фунт (409 грамм) зөөлөн чихэр худалдаж аваад хэд хэд жижиглэн хувааж нэмүү үнээр өөрийн эгч дүү нарт худалдаж, бас зэрлэг цацагт хяруулын дэгдээхэй барьж, худалдахаар тэжээдэг байлаа. Тэр олсон мөнгө, мөнгө хадгалах хайрцагт нямбайлан хадгална. Эцэст нь тэр мөнгөө аавдаа хүүтэйгээр зээлдүүлэх болжээ. Ингэж тэр хүүхэд ахуйгаасаа ашиг олж болмоор юм бүхнээс дээд зэргийн ашиг олох арга замыг эрэлхийлж заншсан.

Баяжих гэсэн цор ганц агуу зорилго

Бага Рокфеллер бүх санаа бодол хүсэл эрмэлзэлээ баяжих гэсэн агуу зорилгод зориулжээ. Тэр өөрийгөө, ажил хэрэгч санаа үйлдвэрлэх доод хүмүүсээ дарлан мөлжих, өрсөлдөгчидөө нухчин дарах төгс “бизнес-машин” болгон хувиргасан юм. Түүнд саад болох бүхнийг таягдан хаясан Жон нэг бол хэт ачаалалаа даалгүй үхэх, эсвэл баян болох байлаа. Тэр зөвхөн чинээлэг хүн биш дэлхийн хамгийн баян хүн болон хувирсан нь түүний зөн совин, ажил хэргийн ер бусын мэдрэмжийн үр дүн юм.
Жон 16 насандаа дунд боловсрол олж Кливлендэд ирж ажил эрэн томоохон компаниудыг тойрно. Энэ байдал зурган долоо хоног үргэлжлэв. Ажил эрэх хүнд хэцүү байсан ч тэр ферм руугаа буцахыг хүссэнгүй. Тэр ядаж зүдэж байж нягтлан бодогчийн ажил олсон нь түүний амьдралд эргэлтийн мөч болж, түүний бие сэтгэлийн нэг хэсэг болсон бизнесийн ертөнцийн хаалгыг татлаа.
Рокфеллер уудаггүй, тамхи татдаггүй, театр болон бүжигт очдоггүй байжээ. Түний цорын ганц баяр баясгалан нь 4000 ам.долларын чекийг мөнгөний шүүгээнээс байн байн гаргаж үзэн буцаан хийх байв. Тэр өөрийн амьдралыг эцэс төгсгөлгүй гавъяа зүтгэл болгон өглөөний зургаан цагаас шөнө дөл болтол ажиллана. Удалгүй аз хийморь түүн рүү инээмсэглэн харав.
What is a Rockefeller without oil?

Мөнгөний урсгал болсон нефть, керосин дэнлүү

Иргэний дайн эхэлж Холбооны засгийн газарт олон зуун мянган дүрэмт хувцас, винтов буу, сая саяар сум, борцолсон мах, элсэн чихэр, тамхи, хатаамал хүнс хэрэгтэй болов. Арилжааны алтан үе эхлэж, гарааны 4000 ам.доллараар хамтарсан компани байгуулсан, Рокфеллер бага бус мөнгө хийв. Түүний бизнес амжилттай хөгжин цэцэглэж Жон Рокфеллер нэг үе эдийн засгийн бодит салбарт хөрөнгө оруулах тухай бодлоо. Тэгээд хаана хөрөнгө оруулахуйц үр дүнтэй газрыг олох тухай асуудал тулгарав.
Нэгэнтээ орой болсон хойно тэр гудамжаар алхаж яваад, байшин болгонд гэрэл асч, хүмүүс керосин дэнлүү асааж байхыг анзаарав. Өөр хэн ч байсан “Tэгээд яагаав?” гэх биз. Харин манай баатар “Ертөнц нэг байрандаа байдаггүй, хотууд өргөжих хирээр гэрэлтүүлэх хэрэгтэй болно, тэгэхээр керосин гаргаж авдаг нефть удалгүй үндсэн бүтээгдэхүүн болж, алтнаас дутуугүй үнэлэгдэнэ” гэдгийг ойлгов.
Жон Рокфеллер нефтийн бүтээгдэхүүнд төлөвлгөөтэйгөөр хөрөнгө оруулж эхэлсэн нь үр дүнд хүрчээ. Тэр маш сайн макро эдийн засгийн хандлагыг барьж авч “хар алт” хамгийн эрэлттэй барааны нэг болов. Ээлжит арилжаагаа эргэлдүүлж байсан, хар хувцастай баргар царайт албан тасалгаагаар цовхчин гүйж, нарийн бичиг хүүхнүүдийг тэвэрч дуу аялана. Жон Рокфеллер мөнгө хараад ухаан алдаж, мөнгө ч түүн рүү гол мэт урсаж байсан юм.

Хайр сэтгэл бүх саадыг зад татна

Жон Рокфеллер мөнгөнд ухаан алдаж мөнгө ч түүн рүү урсан ирж байлаа. Жон тэднийг айлгачих бий гэж бодон налинхайтан, гэтэж, хүч хэрэглэх тохиолдол гарвал мөнгөний төлөө араа бодолгүй тэмцэнэ. Тэр хорин таван нас нас хүрч, танил хүмүүс нь түүнийг нягтлан бодох бүртгэлийн данстай сүй тавьчихаа юу гэж бодохоор… Гэвч амьдралд гайхамшиг үргэлж тохиолддог. Нэг охин Жон Рокфеллерийг есөн жил хүлээжээ.
Лаура Селестия Стелпен нэр хүндтэй баян айлд төржээ. Тэр маш их уншиж, утга зохилын редакторын ажилд ч биеэ туршиж үзжээ. Тэр бүх талаараа Рокфеллерт тохирч байлаа. Лаура бол жинхэнэ пуритан шашинтан байв. Түүнд бүжиг, театр садар самууны биелэл шиг санагдаж бурхны сүмд сэтгэл тайвшран амардаг байжээ. Ирээдүйн хатагтай Рокфеллер бүх өнгөнөөс хар өнгийг эрхэмлэнэ.
Тэд бүр сургуульд байхын танилцаж Жон хайртайгаа илчилэхэд тэр түүнд эхлээд амьдралд байр сууриа олж ажил төрөлтэй чинээлэг хүн болох ёстойг нь хэлж байжээ. Гаднаас нь харахад энэ түүх хачин гунигтай мэт байв ч амьдрал дээр шал өөр ажээ. Энэ үед чацархаг туранхай хүү, нуруулаг, цэмцгэр сэтгэл татам залуу болон, харин Лаура хөөрхөн цэвэрхэн бүсгүй болж хувирчээ. Тэр хөгжим гайхалтай ойлгодог, өдөр бүр гурван цаг төгөлдөр хуураар хичээллэдэг байв. Рокфеллер ч муугүй хөгжимддөг, түүний сургуулалт гэрийн ажилдаа түүртсэн Элайзагийн уурыг бардаг байжээ. Гэвч Жон өөрийгөө бүрэн царцаасангүй. Лаура түүнийг их сайн хүн болно гэж мэдэрч байжээ.
Рокфеллер 118 ам.доллараар хуримын бөгж худалдан авсан нь түүний хувьд жинхэнэ гавъяа байлаа. Гавъяагаа давтахыг тэр хүссэнгүй хурим нь даруухан болж, хуримын аялалын дараа залуу хосын амьдрах байрыг Рокфеллер хямдхан түрээслэж авсан бөгөөд тэднийд гэрийн үйлчлэгч ч байсангүй. Тэр үед Кливлендын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр түүний мэдлийнх, сүйт бүсгүйн төрөл төрөгсөд нь хотын нэр хүндтэй чинээлэг хүмүүс байсан ч тэдний хуримын тухай сонинууд дуугарсангүй. Жон өөрийн тухай ярихад дургүй ажээ. Өрсөлдөгчид ба өөрсдийнхөн нь түүнээс галаас айх мэт дөлж, харин эхнэр нь хамгийн сайн хүн гэж үздэг байв.
The Epic Rise of John D. Rockefeller

Далд тарнич Рокфеллер

Рокфеллерын эзэнт гүрэн өсөн тэлсээр үй зайгүй их арилжаанаас болж хөрөнгө оруулалт эрхлэх нь асуудалтай болсноос болж “Standard Oil” хувийн компаниа байгуулсан. Яг 09:15 цагт “Standard Oil” төрж бага багаар өссөөр улс орны тэргүүн компаниудын нэг болов. Өндөр нуруу, цэвэрхэн хуссан цонхигор царай, гарт нь шүхэр бээлий хоёр, толгой дээр нь цагаан торгон бүрх малгай, ханцуйнаас нь “R” үсэг сийлсэн хар чулуун шигтгээтэй чагтган товч цухуйна. Рокфеллер захирагдагсадтайгаа аяархан дуугаар эсэн мэндийг нь лавлаад өрөөнийхөө хаалгаар сүүдэр мэт гулган орно.
Тэр хэзээ ч дуугаа өндөрсгөдөггүй, хэзээ ч уурлаж ундууцдаггүй, хэзээ ч царайгаа хувьсгадаггүй бөгөөд түүнийг уурлуулна гэдэг үл бүтэх зүйл. Нэг удаа түүн рүү хагартлаа уурласан даамал орж ирэн хагас цаг тасралтгүй хашгичсан юм. Тэгэхэд Рокфеллер ширээгээ ширтэн дуугүй суусаар хилэн нь бадарч хавч шиг улайн бахардсан бүдүүн эрийг дуугүй болоход царайгаа үйл хувирган намуун дуугаар “Уучлаарай. Таны ярьсан зүйлийг би нэг л ойлгосонгүй. Дахиж давтаж болохгүй юу…” гэжээ.
Тэр үдээр тогтсон цагтаа л хооллоно. Тэгээд сүү, жигнэгмэгээ идэж ууж дуусмагц “Standard Oil”-ын эзэн “газар нутгаа” эргэнэ. Рокфеллер чимээгүй жигд алхаагаар тодорхой зайг тогтсон нэг л цагт туулна. Тэр албан хаагчдынхаа ширээний өмнө тамхины хайрцагнаас гозос хийдэг чөтгөр шиг гэнэт гарч ирэн таатайхан инээмсэглэж ажил хэрэг ямар байгааг асуухад хүмүүс айдаст автана.
Тэр бол сайн эзэн, цалин хөлсийг бусад үйлдвэрийн эздээс дээгүүр тогтоож, өндөр тэтгэвэр, эмнэлэгийн хуудас олгоно. Харин түүнийг эсэргүүцсэн хэнийг ч бай хайр найргүй нухчин дардаг. Тэр доод хүмүүстээ үргэлж сайхан үг хэлж явдаг ч бүгд л түүнээс сүнсээ зайлтал айна. Тэрний төрүүлдэг айдас нь ид шидийн шинжтэй. Түүний нарийн бичиг нь Рокфеллерыг компанийн байр руу орсон ч гарч байхыг нь хэзээ ч харж байгаагүй гэж мэтгэдэг. Бодвол тэр нууц хаалга хонгилыг ашигладаг байсан биз. Хар санаатнууд түүнийг албан тасалгаандаа яндангаараа орж гардаг гэж ярилцах нь бий. Гэрийнх нь байр нь хүртэл аймаар, спартын үеийн тавилга, шивнээ яриа, дуу цөөнтэй хатуу гараар хүмүүжсэн хүүхдүүд. Энд эвсэг найртай амьдрал байна гэдэгт оршин суугчид нь л итгэдэг.

Рокфеллерын хүүхдүүд ба Рокефеллер маягийн хүмүүжил
Рокфеллерын хүүхдүүд асар их баялаг өвлөн авна. Энэ бол асар том хариуцлага. Рокфеллер “Бурханы бэлэг”-ийг салхинд хийсгэж болохгүй гэдгийг мэднэ. Тэр хүүхдүүдээ хөдөлмөрч, даруу, эрэлт хэрэглээ багатай болгож хүмүүжүүлэх гэж ихэд чармайн ажилласан. Бага Жон Рокфеллер хожим нь мөнгө гэдэг түүнийг хүүхэд байхад оньсого шиг зүйл байсан. “Тэд хаа сайгүй байсан ч нүдэнд харагддаггүй. Бид мөнгө их байгаа гэж мэддэг байсан ч түүнд хүрч болохгүйг бас мэддэг байсан” гэж дурсан ярьсан байна. Рокфеллерын хүүхдүүд багадсан хувцсаа дамжуулан өмсдөг, Жоноос өөр хүү байгаагүй болохоор тэр найман нас хүртлээ охин хүүхдийн хувцас өмсдөг байлаа гэж ирээдүйн тэрбумтан маань их л зөөлөн ярьсан юм. Эцэг Жон Рокфеллер гэртээ эдийн засгийн зах зээлийн загвар байгуулан охин Лаурагаа ерөнхий захирлаар томилж хүүхдүүдээ тодорхой данс хөтлөхийг тушаав. Хүүхэд болгон нэг ялаа албал хоёр цент, нэг харандаа үзүүрлэвэл арван цент, нэг цаг хөгжмийн хичээл хийхэд таван цент тус тус авдаг байлаа. Нэг өдөр чихэр идэхгүй өнжвөл хоёр цент авч дараагийн өдрүүдэд тус бүр арван центээр үнэлэгдэнэ. Хүүхэд болгон ногооны талбайд өөрийн далантай, арван ширхэг зэрлэг ургамал зулгаавал нэг пенни авна.
Бага Рокфеллер нэг цаг түлээ хагалан 15 центын хөлс авдаг бол охидуудын нэг нь үдэш байшингаа тойрон гэрэл унтрааж тохирох хөлсөө авдаг байв. Бяцхан Рокфеллерүүдийг өглөөний цайнаас хоцорвол нэг центээр торгож, хүүхэд бүр өдөрт нэг зүсэм бяслаг авах ба ням гарагт тэднийг Библийн судраас өөр ном уншихыг зөвшөөрдөггүй.
Рокфеллерын эхнэр Лаура гараар нөхсөн даашизтай явах бөгөөд юун дээр ч гэсэн нөхрөөсөө дутахгүй хатуу чанд. Нэг удаа Рокфеллер өгөөмөр зан гарган хүүхдүүддээ бүгдэд нь унадаг дугуй авч өгөх гэхэд нь эхнэр нь “Энэ гэрт илүү дугуйны хэрэггүй дөрвүүлэнгийн нь дунд нэг дугуй байхад, тэд нэг нэгтэйгээ хуваан эдлэж сурна…” гэж хэлжээ.
John D. Rockefeller | Biography, Pictures and Facts

Рокфеллерын эзэнт гүрэн

Түүний “Standard Oil” компани нь холбооны ба орон нутгийн засаг захиргаа нефтийн мангасын бааш бачлалыг нүд анин өнгөрөөж байгааг далимдуулан жижиг дунд үйлдвэрүүдийг залгисаар байлаа. 1880 он гэхэд компани АНУ-д олборлож байгаа нефтийн 95 хувийг боловсруулж байв. Жон Рокфеллер 1882 онд “Standard Oil Trust” гэдэг дөчин нэгдлээс бүрдсэн группыг байгуулсан нь түүнд нефть боловсруулах нийт үйлдвэрлэлийг хянах боломж олгожээ.
Рокфеллер 1894 онд Америкийн анхны тэрбумтан болов. Тэр АНУ-ын хамгийн баян хүчирхэг 20-ын жагсаалтад багтаж, өрсөлдөгчид рүүгээ довтолж эхлсэн байна. Тэр “төмөр замын ван”-гуудтай хэлэлцээ хийж, тэд тээврийн зардлаа дэвэргэж эхлэв. Нефтийн жижиг компаниуд үгүйрч, томоохон хөрөнгөтнүүд нь өөрийн хувьцааны багцуудыг Рокфеллерт найр тавин өгснөөр тэр нефтийн зах зээл дээр онцгой эрхтэй монополь болж хорьдугаар зууны эхээр стратегийн бүтээгдэхүүн болж байсан нефтэнд өөрийн дээд үнийг тогтоож чадах болов.
“Standard Oil” бүр үндэстэн дамнасан компани болон хувирч ашиг сонирхол нь дэлхий дахинд тархаж, Рокфеллерын хөрөнгө хэдэн арав зуун сая ам.доллараар хэмжигдэх болов. Удалгүй Америк нь автомашины эх орон болон хувирч Рокфеллерын баялаг зөгнөл мөрөөдлийн хэмжээнд хүрлээ.
Рокфеллер насан өндөр болсон ч ухаан санаа саруул хэвээр байв. Тэр өөрийн эзэнт гүрнийг хатуу гараар захирч “Standard Oil” ганцаараа түүнд жилийн 3 сая ам.долларыг (өнөөгийн ханшаар 50 сая) өгдөг байв. Түүний мэдэлд арван зургаан төмөр замын, есөн банк, зургаан ган хайлуулах үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлдэг есөн пүүс, хөлөг онгоцны газар зургаа, жүржийн гурван том тариалан энэ бүхэн мөнгөний элбэг дэлбэг ургац өгдөг ажээ.

Өтөл настай, ганган дэгжин тамирчин эр

Хайртай эхнэрээ алдсан нь түүнд хүнд цохилт боллоо. “Миний амьдралд хайрыг минь булаасан цор ганц хүн, би түүнийг хайрыг эзэмдэх азтай хүн” гэж тэр хэлсэн юм. Гэвч тэр тэсвэр тэвчээр гарган биеэ барьж бараг зуу насалжээ. Рокфеллер ийм зорилго өөртөө тавьж түүнд хүрэхэд ганц хоёр жил дутуу үлдлээ.
Жон Дэвисон Рокфеллер хөгширчээ. Гэвч эрүүл чийрэг сэргэлэн цовоо хэвээр байж “Энэ бол театр, клуб, хөнгөмсөг зугаа цэнгэл мэтийн миний олон нөхдийн эрүүл мэндийг мэрсэн зүйлүүдээс татгалзаж явсны нөхөн төлбөр юм” гэж тэр ярьсан юм. Тэр одоо л хүүхэд насандаа хүсэн мөрөөдөж явсан зүйлээ хийж чадах болов. Рокфеллер спорт сонирхон гольф сайн тоглож сурсан бөгөөд, уралдааны дугуй ч чадамгай унаж сурчээ. Өвгөн залуураа сул тавин толгой дээрээ шүхэр барин жийж явааг харсан хүмүүс хачирхан дуу алдахад, урамшин ухас хийж хоёр хөлөө залуур дээрээ тавьдаг. Тэр хүүхнүүдэд дуртай байлаа. Автомашинаар зугаалах үед нь түүнийг хоёр хөөрхөн хүүхэн дагалдан явна. Тэдний өвдгийг урьдчилан бүтээсэн бүтээлэг доороос Рокфеллер гараа сугална гэж үгүй.
Амьдралынхаа сүүлч рүү тэр махчин, хүн-хүнстэн шиг болов. Рокфеллер “aлопеци” гэдэг өвчнөөр өвдөж бүх биеийн нь үс унаж, хөмсөггүй, сормуусгүй, сахалгүй тэр үнэхээр аймаар болсон. Ойртсон бүхэн түүнээс цочин зайлдаг байв. Тэдний өмнөөс үхэл өөрөө алхаж яваа мэт санагддаг байжээ. Рокфеллер хиймэл үсэнд дуртай болсон нь дээрх дүр зурагт нэмэлт чимэг болжээ. Түүний цуглуулгад бүх төрлийн өнгө самналтын сонголттой хиймэл үс байх ажээ.
Түүнээс гадна тэр маш ганган дэгжин хувцаслана. Хувцас нь шар сийрсэн бүрх малгай, цэнхэр торгон хүрэм, тод Япон хантаазаас бүрдэж энэ хослол нь хар шилээр шувтардаг байв. Нэгэн сайхан өдөр түүнийг, түүнд зориулж үдийн зоог барьж байсан өөрий нь орлогч ерөнхийлөгч таниагүй гэдэг. “Чарли чи яав. Би ноён Рокфеллер байна” гэж тэр уцаарлав. Сэтгүүлчид тэрбумтанг зөнөглөчихөж гэж бичиж байсан ч энэ нь үнэнд төдийлөн ойртохгүй байлаа.
You Are Richer than John D. Rockefeller - Foundation for Economic Education
Өглөг, тэтгэлэг тусламж
Рокфеллерт сард тавин мянган тусламж хүссэн захидал ирдэг. Тэр боломжийн хирээр хариу өгч заримд нь чек илгээдэг. Рокфеллер 1897 оноос “Standard Oil”-ын удирдах үүргийг чадварлаг хамтрагчиддаа даатган өөрөө өргөл барьц тэтгэмжийн асуудал эрхлэх болов. Түүний ачаар 1892 онд Чикагогийн их сургууль, 1901 онд Рокфеллерын анагаах ухааны дээд сургууль (хожим Рокфелерын их сургууль болсон), жилийн дараа бүх нийтийн боловсролын зөвлөл, 1913 онд Рокфеллерын санг тус тус байгуулжээ.
Амьдарлынхаа сүүлийн жилүүдэд Рокфеллер бараг хагас тэрбум ам.доллар тарааж, ганц хүү Жон Рокфеллер 460 сая ам.доллар өвлөн авав. Тэр ч бас хагас тэрбум шахуу ам.долларыг өргөл барьц, ивээн тэтгэлэгт өгч Нью-Йорк дахь Рокфеллерын төвийн аж үйлдвэрийн харилцаа холбооны төвийн барилгад мөнгө өгч НҮБ-ын байшинг барихад 9 сая ам.доллар хандивлав. Чухам түүний ивээл тусламжийн ачаар НҮБ-ын ажлын өрөө өөр хотод биш зөвхөн Нью-Йоркт баригдах болсон юм. Тэр энэ бүхний зэрэгцээ зургаан хүүхэддээ 240 сая ам.доллар үлдээсэн юм. Бага Рокфеллерийн 5 ач хүү нь түүний нигүүлсэнгүй сэтгэлийг тээж, улс төрд оролцож байна. Тэднээс хамгийн алдартай нь 1974-1979 онд дэд ерөнхийлөгч байсан Нельсон Рокфеллер байлаа. Бага Рокфеллерын бага хүү Дэвид Рокфеллер 1969-1980 онд Манхаттан банкны тэргүүн байв.
Зуун жил амьдрах сан
Рокфеллер 1935 онд 95 дахь төрсөн өдрөө тэмдэглэхэд даатгалын компаниас түүнд таван сая ам.доллар ирүүлжээ. Энэ бол компанийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд дүн бүртгэлийн тооцоогоор зуун мянган хүнээс нэг нь ийм өндөр насалдаг байжээ. Эмч нар Рокфеллерт хоолны дэглэм бичиж тэр ч түүнийг нь дуртайяа даган мөрддөг байв. Мөн бие бялдарын дасгалуудыг зөвлөж, өвгөн залхуутайхан жийнгээ радиогоор номлол сонсдог.
Жон Дэвисон Рокфеллер 1937 оны 5-р сарын 23-нд зүрхний багтраагаар нас барж зуу нас хүрэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдсэн байжээ. Жон Рофеллер Генри Фордтой дотно танил байсан бөгөөд үхэхийнхээ өмнө түүнийг урин уулзаж, диваажинд уулзах ерөөл тавихад, Генри Форд жуумалзан тэнд харин бид хоёр уулзалдахгүй биз ээ гэж хариулсан гэдэг. Өнөөдөр Рокфеллер, Форд хоёр хаана уулзан ярилцаж явааг бүү мэд харин Рокфеллерын “эзэнт гүрэн” одоо ч цэцэглэн хөгжиж байгаа нь хөдлөшгүй үнэн билээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!