Мэдээ

Богино хугацаанд унтуулдаг “4-7-8” арга

Өнөө цагт нойргүйдэл дэлхийн аль ч улсын ард иргэдэд тулгамдсан асуудал болоод байна. “Унтах гэсээр өглөө боллоо” гэдэг үгийг хэн нэгний амнаас сонсох, эсвэл өөрөө хэн нэгэнд хэлэх нь тийм ч сонин санагдахаа больжээ.

Тиймээс өөрийгөө тайвшруулах болон богино хугацаанд унтаж сурахад тань туслах амьсгалын “4-7-8” аргын тухай мэдээллийг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

 

“4-7-8”АРГА ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү арга нь Пранаяма хэмээх иогийн амьсгалын дасгалаас үүдэлтэй бөгөөд Харвардын их сургуулийн профессор Andrew Weil анх түгээн дэлгэрүүлжээ. “4-7-8” аргын гол зорилго нь амьсгалаа зөв хуваарилж сурах. Ингэж чадсанаар биед дутагдаж буй хүчилтөрөгчийг нөхөөд ч зогсохгүй сэтгэл санаагаа тайвшруулах боломжтой.

“4-7-8” АРГЫГ ЯАГААД ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Энэхүү дасгал нь мэдрэлийн тогтолцоог ямар ч гадаад хүчин зүйлийн тусламжгүйгээр тайвшруулдгаараа онцлог. Тиймээс унтахын тулд ямар нэгэн эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд уг дасгалыг хийснээр бие тань байгалийн нөлөөгөөр тайвширч амардаг. Мөн дараах тохиолдлуудад хийх нь тохиромжтой байна. Үүнд:

1. Ядарсан, толгой өвдсөн
2. Ямар нэгэн зүйлээс болж бухимдсан
3. Айж түгшсэн, сандарсан
4. Нойр хүрэхгүй
5. Астма өвчин сэдэрсэн.

4-7-8 АРГЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

1. Өөрт тухтай байрлалыг олоорой. Хэрвээ унтах гэж байгаа бол дээш харан биеэ сул тавиарай.
2. 4 секундийн турш хамраараа амьсгаа аваарай.
3. 7 секундийн турш амьсгалаа түгжээрэй.
4. 8 секундийн турш амьсгалаа амаараа гаргаарай.

Анхаарах: Дасгалыг хийх явцад амьсгалыг авах, түгжих, гаргах хэсгүүдийг нэгэн жигд, тайван хэмнэлээр хийх нь чухал. Энгийнээр бол өөрийгөө хүчлэхгүй гэсэн үг.

Харин уг дасгалыг хийх явцад толгой чинь эргэвэл шууд зогсоогоорой. Анх удаа хийж буй хүмүүс дасгалыг хийж сурах хүртлээ өдөрт хоёр удаа хийхэд тохиромжтой. 

Ингээд нийтлэлийн төгсгөлд энэхүү дасгалыг хийж сурахад тань туслах гар утасны апликэйшнүүдийг санал болгож байна.

1. BREATHE

Алжаал тайлж, сэтгэлийн хямралыг бууруулах уг апликэйшн нь зөвхөн iOS үйлдлийн систем бүхий гар утастай хэрэглэгчдэд нээлттэй.

iOS: Татах

2. BREATHE – 1 MINUTE MEDITATION

“4-7-8” аргыг апликэйшнээр дамжуулан хийж сурахыг хүссэн хүмүүст энэхүү апликэйшн яг тохирно. Мөн л iOS үйлдлийн систем бүхий гар утастай хэрэглэгчдэд нээлттэй.

iOS: Татах

Эх сурвалж: Healthline

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!