Мэдээ

ЗААВАЛ УНШ! БОДОХ БИТГИЙ ХЭЛ, БИЕ СЭТГЭЛДЭЭ ШИНГЭЭЖ ОЙЛГОХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ

Би одоо 22 настай, Онцгой байдлын Ерөнхий Газрын алба хаагч, одоогоор УОК-ын Шуурхай Штабын лавлах утас 119-ын оператор хийдэг юм.
Таны юу бодож байгааг мэдэж байнаа нөгөө муу нэртэй УОК. Одоо та дотроо ‘’УОК юу хийж байгаа юм бэ?’’, ‘’Төр засаг юу хийж байгаа юм бэ?’’ гэж бодож байгаа. Энэ үгийг би өглөөний 8:10 цагаас ээлж хүлээлцээд маргаашийн 8:10 хүртэл 24 цагт хэдэн зуун удаа чихэн дээрээ хараалын үгтэй хамт сонсдог юм. ‘’Тэнэг гичий минь чамтай юу яридаг юм, даргатайгаа яриул’’, ‘’Нохойн баас минь ажлаас чинь халуулна’’, ‘’Зайл ковид тусаад үхээсэй чи!’’. Би яриаг чинь бичиж байгаа шүү гэсэн хэрнээ яагаад царайг нь хараад яав ч хэлж чадахгүй үгсээ тэгэж урсгадаг юм бэ? Ээлж солилцоод гэртээ байхад утасны дуудлагын чимээ, хараал, ерөөлийн үгтэй хамт хий сонсогдоод байдаг, утасны өвчин гэдэг юм билээ. Тэгээд ажил дээрээ ирээд дахиад энэ бүхэн эхэлнэ.
Эхэндээ би уйлчихдаг байлаа, тонгойгоод уйлж байхад чихэн дэх чихэвчинд дараагийн дуудлага ирнэ, нулимсаа нэг шудраад ‘’Сайн байна уу? Улсын Онцгой Комисс Шуурхай Штаб таныг сонсож байна’’ гэж аль болох цоглог хариулахыг хичээнэ. Утасны цаана магадгүй өвчтэй, арга мухардсан хүн байгаа шүү дээ. Ядаж л сэтгэлийг нь сэргээсэн хоолойгоор яриад тайтгаруулах юм сан гэж боддог. Гэхдээ үнэндээ ихэнх хүмүүс зүгээр л уураа гаргах гэж залгадгыг яваандаа ойлгосон. Бас хүмүүс ихэнх нь субьектив байдаг юм билээ. Тэр олон хүнтэй яриж байхад яваандаа хүмүүс энэ яриад байгаа асуудалд биш зүгээр л амьдралдаа уурлаж явдаг юм байна даа гэж бодогдох болсон. Харааж, зүхэж уурыг нь гартал тайтгаруулж хүлээдэг. Тэр үед угаасаа асуудал асуудал биш болсон байдаг юм билээ. Хамгийн хэцүү нь фэйсбүүк, интернетээр худлаа мэдээлэл гарах. Тэр болгонд хүмүүс хэдэн зуугаараа залгаж асууна, загнана. Хөл хорих гэж байгаа юм уу? Вакцин хортой гэж үнэн үү? Танайх илэрсэн хүний тоогоо дардаг гээ биз дээ? Гэх мэт гэх мэт. Инээдтэй гэмээр дуудлага ч бас их орж ирнээ. Юнивишн тасарчлаа яахуу? Нүүрс зарахгүй байна ажлаа хийгээчээ! Тос тасарчлаа УОК ажлаа хийгээчээ! Хамгийн инээдтэй нь И-баримтын QR уншихгүй байна учрыг нь олж өг! Бурхан минь энэ төр засаг УОК чинь бурхан биш шүү дээ. Хөл хорино, вакцин тарина, хэцүү үед мөнгөн тусламж өгнө өөр чадах юм Монголд байтугай дэлхийд байхгүй шүү дээ.
Анх хүмүүс тусгай үүрийн нислэгт багтмаар байна гээд гадаадаас зовлонгоо яриад залгахаар зовлонг нь сонсоод бас л дагаад уйлчихна. Нэг түүхийг ерөөсөө мартдаггүй юм. Нийтийн байранд цэвэрлэгч хийдэг гээд нэг эгч байнга залгадаг байлаа. Нийтийн байранд нь байдаг нэг өвгөн байдаг хорт хавдартай өнөө маргаашгүй болчихсон ганц хүү нь Солонгост байдаг сүүлийн удаа хүүтэй уулзуулчих юм сан гээд. Байнга залгасаар байгаад бид нар бүр мэддэг болчихсон. Сэтгэл өвдөөд болдоггүй, ээлж ээлжээрээ штаб руу гүйж очоод Гадаад Хэргийн Яамны хүнийг гуйна. Гадаад яамны хүн үнэн юм уу даа л гэнэ бид нар яамны хүнийг байн байна шална. Тэгсээр байгаад бүр уулзаагүй хүн, очоогүй дарга байхгүй байх гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Манай ээлжний 4 охин тэврэлдээд уйлсан. Яасан сайхан юм бэ аавтайгаа уулзах нь гээд. Тэр эгч залгаад маш их баярлалаа хоолонд оруулнаа та нар үнэхээр сайн хүмүүс юм гээд бид нар хоол унд яах вэ аавтайгаа л уулзвал гээд. Тэр явдлаас хойш нэлээн хэд хоносон бид нар бараг мартчихсан байлаа тэгсэн нөгөө эгчийн дуудлага ороод ирсэн. Тэр үед маш олон залгадаг байсан болохоор хараад л шууд танисан утсаа аваад ажил юм чинь мэдээж албаны асуусан тэгсэн нөгөө эгч ‘’Манай нөхөр сая Солонгосоос тусгай нислэгээр ирсэн юм, танай энэ тусгаарлах байр гэж авах юм алга, энд чинь манай нөхөр байх арга алга’’ гэж хэлсэн. Зүгээр тэнгэр нураад ирэх шиг л. Юу вэ? Арай ч дээ? Бид нар юу хийчих вэ? Энэ хүний зүв зүгээр нөхрийн оронд өөр зовлонтой, өвчтэй хүн ирж болох байсан шүү дээ? Би юу хийчих вэ? Гэж бодохоос өөр юм бодож чадахгүй тэр эгчид аймар гомдсон. Арай гэж аан уучлаарай танай нөхөр гэсэн үү гэж асууж чадсан тиймээ манай нөхөр… би утсаа шууд таслачихсан. Уг нь онцгой комиссын оператор үнэхээр их доромжлуулаагүй, тэр хүн нь хараагаад огт болихгүй дараагийн дуудлага ирээд байх үед л утсаа тасалж болдог гэхдээ би тэсээгүй. Дараа нь ГХЯ-ын ахад очиж үнэнийг нь хэлээд уучлал гуйсан. Тэр ах дуугүй байж байж ‘’Бүх зүйлд итгээд хэрэггүй байдаг юм аа’’ гэж хэлээд санаа алдсан. Ковид биш хүний сэтгэл л муухай юм даа гэж тэр үед бодож байснаа санаж байна.
Гэхдээ одоо бодоход ковид дуусна шүү дээ. Нэг л өдөр бид энэ үеэ инээгээд ярина. Иргэд хамтдаа хариуцлагатай хүнд үед хамтдаа байвал давж чадна шүү дээ. Энд ажилладаг болоод ч юмуу би ковидын мэдээлэл маш их уншдаг юм. Гадаадад Ковид-35 гээд хувилбар гарч байна л гэнэ, тэр нь амьтанд халдана л гэнэ. Гэхдээ байна шдээ Ковид-100 гэж гарсан ч бид хамтдаа даваад гарна гэж би итгэдэг яагаад гэвэл итгэж байж л юмыг дуусгадаг, ард нь гардаг шүү дээ. Энэ бүхний ард гарчихаад нутаг руугаа явах юмсан, ажилд орсноосоо хойш гэхээр 6 жил яваагүй, сайхан хөдөө явах юмсан. Надтай утсаар ярисан хэдэн мянган хүнтэй гудманд инээгээд зөрөх юмсан. Би төрийн албан хаагч болохоор ийм зүйлээ ярих хориотой тиймээс хүн хэлж тавиуллаа. Гэхдээ бичсэн чинь сэтгэл хөнгөрөөд сайхан болчлоо. Манай албан хаагчид бас ингэж бичвэл сэтгэл онгойдог юм байна шүү.
Хааяа нэг дуудлага бага үед би чихэвчээрээ Selena Gomez-ийн Feel me дууг сонсдог юм. Та бүхэн бас сонсоорой. Бас өөдрөг байгаарай за. #ХүндҮедХамтдаа
Via: Turbat Barhuu

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!