Мэдээ

КОВИДЫН СУВИЛАГЧ: ЭНЭ ӨВЧИН ДУУСЧИХВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД…

Ковидын сувилагч: “Энэ өвчин дуусчихвал хөдөө явж машины цонхоор толгойгоо гаргаад дүүрэн агаар амьсгалаад клип шиг давхина аа”

Корона туслаа, азаар хөнгөн. Тэргүүн фронтод ажиллаж байгаа сувилагч найзаасаа зөвлөгөө авах санаатай утас цохилоо. Ихэнхдээ утсаа авдаггүй найз ашгүй амарч таарав, ажлаа ч бүтээв. Яриа багахан алсарч:

-За найз хэзээ амралтаа авах вэ, агаар салхинд гарах юм сан
-Амралт гэдэг юмыг мартсан. Би хар даа, энэ өвчин дуусчихвал машины цонхоор толгойгоо гаргаад, хар нүдний шил зүүгээд салхинд үсээ хийсгээд клип шиг л дүүрэн агаар амьсгалаад, сайхан хөдөө л гармаар байна.

Сувилагч найз маань ийн ярихад нь өрөвдмөөр, өмөлзмөөр болж, сэтгэл дундуур нэг юм зураад л явчихав. Угийн цовоо, цолгиун найзын маань хошин мэдрэмж нь хэвээр ч уртаас урт санаа алдах нь их болчихсон ч юм шиг.

“Сүүлийн үед ажлаас үнэхээр халширч байна. Энэ хамгаалалтын хувцастай удаан байгаад байхаар бүрэн амьсгалж чадахгүй, толгой их өвддөг. Ажлаас гармаар, больчихмоор байх юм” гэж хэлж үзнэ лээ.

Тэгснээ “Манайхан энэ өвчин дуусчихвал сайхан ширээ тойрж суугаад хөөрөлдөөд энэ үе ч аймар байсан шүү гээд инээлдэнэ, тийм ээ гээд хоорондоо их ярина аа” гэж өөрийнхөө ярианы хүчинд өөрөө хөөрч эгшин зуурт эргээд сэвхийтэл сэргэчихэж байгаа нь мэдрэгдэв.

Саяхан манай өрхийн “Ковид хариуцсан эмч” гээд нэг залуухан охин ирсэн. Чагнуураа зүүж байснаа “Толь байна уу” гэхээр нь гайхлаа. Тэгсэн хөөрхий, битүү хувцасныхаа цаанаас чихнийхээ нүхийг олохгүй толинд харж зүүдэг юм билээ. Энэ тухай найздаа яривал “Шинээр ажилд орж байгаа жаахан охидууд их хөөрхөн. Анхандаа паацагнаад будилж өгнө. Тэгээд л жаахан байж байгаад нэг харахад ёстой гялалзуулж байгаа юм чинь” гэж шинэ залуу үеийнхнээ өргөж байна.

Цаг сайхан болж, корона намжхаар найзтайгаа маскгүй уулзаж маш чангаар тэвэрнэ ээ, тэгээд баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлнэ. Хамтдаа халуун кофе ууна, яг чиний мөрөөдсөн шиг “Тэр үе аймар байсан шүү” гээд инээлдэнэ. Харин өнөөдрийн энэ
#хүндүедхамтдаа шүү, найз минь. Хүчтэй байгаарай.

Сувилагч найзыгаа меншион хийж, хайр түгээгээрэй

Эх сурвалж: Автобусны тэмдэглэл

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!