Мэдээ

Та эдгээр хүнсийг буруу хадгалж байгаа юм биш биз?

Бид хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүйгээр шинээр нь хадгалахын тулд л хөргөгчинд хадгалдаг. Гэвч хүйтэн температур зарим хүнсний бүтээгдэхүүний ашиг шимт микро элементүүдийг үгүй хийж гадаад байдал, амт, үнэрийг нь алдагдуулдаг болохыг судлаачид тогтоожээ.

                     ХҮНСНИЙ НОГОО

Төмс – Төмсний цардуул хүйтэн температурт чихэр болон өөрчлөгддөг тул удаан хугацаанд хөргөгчинд хадгалсан төмс өөрийн үндсэн амтаа алдаж үл ялиг чихэрлэг болдог. Мөн энэ нөхцөлд төмсөн доторх чийг тэлснээр талст хэлбэрт шилжиж ислэгийн бүтцийг алдагдуулдаг. Ийм учраас хөргөгчинд хадгалсан төмс удаандаа зөөлөрдөг байна.

Сармис, сонгино – Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд агаарын солилцоо бага, чийгтэй нөхцөлд хурдан мууддаг.

Лууван, манжин –  Энэ нөхцөлд мөн л чийгээ алдан хатаж, мууддаг.

Улаан лооль – Улаан лоолийг хүйтэн температурт хадгалснаар амтаа алдаж, зөөлөрдөг.

Хаш – Хаш бол их “ямбатай” ногоо. Хэт хүйтэн температурт бүхий л ашиг тустай эрдэс бодисоо алддаг бол хэт халуун нөхцөлд хатаж хорчийдог.

Цуккини – Хөргөгчинд хадгалахад зөөлөрч, хөгцөрдөг.

Өргөст хэмх – Өргөст хэмх нь дээрх хүнсний ногоонуудыг бодвол илүү богино хугацаанд зөөлөрдөг. Гадаргуу дээр нь хар толбо үзэгдэж, дарахад зөөлөрч нялцайсан бол аль хэдийнээ муудчихсан байна гэсэн үг.

                 ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Хүнсний ногоог агаарын солилцоо сайтай, хуурай газарт, гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Нэн ялангуяа модон хайрцганд хадгалбал зохимжтой. Мөн төмс, улаан лооль, чинжүү зэрэг хүнсний ногоо нь хоол хүнсний боловсрох явцыг түргэсгэдэг этилений хий ялгаруулдаг тул бусад ногооноос тусад нь хадгалах нь зүйтэй.

                                 ЖИМС

Гадил – Гадил жимс 15-20°C температурт боловсорч гүйцдэг тул ногоон өнгөтэй гадил худалдаж авсан бол хөргөгчинд хадгалж хэрхэвч болохгүй. Мөн гүйцэд боловсорсон гадил жимсийг хөргөгчинд хадгалснаар хальс нь харлах талтай.

Тоор, киви, гүйлс, манго, анар, илжгэн чих – Эдгээр жимсийг бүрэн боловсроогүй байхад нь хөргөгчинд хадгалал цаашид боловсорч чадахгүйгээр муудах аюултай.

Цитрус /жүрж, нимбэг, бэрсүүт жүрж/ – Цитрусын төрлийн жимсийг 0°C-аас дээш температурт хадгалдаг. Зөвхөн боловсорч гүйцэх явцыг нь удаашруулахын тулд л богино хугацаанд хөргөгчинд хадгалж болно. Мөн нимбэг жимс аливаа үнэрийг маш хурдан өөртөө шингээдэг гэдгийг анхаараарай.

                ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Дээр дурдсан жимс жимсгэнийг тасалгааны температурт цаасан уутанд хадгалах хэрэгтэй. Ингэснээр боловсорч гүйцээгүй жимс нь бүрэн боловсорч, гүйцэд боловсорсон жимс нь тодорхой хугацаанд муудахгүй байх боломжтой. Ингэхдээ агаарын солилцоо хэвийн явагдаж байгаа эсэхийг зайлшгүй шалгах хэрэгтэй. Гадил, лийр, гүйлс, киви, манго, тоор, чавга зэрэг нь мөн л этилений хий ялгаруулдаг тул бусад жимснээс тусад нь хадгалах хэрэгтэй.

                             АМТТАН

Шоколад – Зарим шоколадыг задлахад шоколадны гадуур цагаан өнгийн бүрхүүл үүссэн байдаг шүү дээ. Шоколадыг хүйтэн температурт хадгалснаар конденсац явагдаж, шоколаданд агуулагдах элсэн чихрийн зарим хэсгүүд талст хэлбэрт хувирдаг учир гаднаа цагаан бүрхүүлтэй болдог байна. Мөн шоколад бусад хүнстэй харьцуулахад аливаа үнэрийг өөртөө хурдан шингээдэг тул уутыг нь задалсан бол хөргөгчинд хадгалах хэрэггүй.

Зөгийн бал – Зөгийн бал хүйтэн температурт талсжиж, хатуу төлөвт шилждэгээс өөр гаж нөлөө байхгүй. Гэхдээ зөгийн балыг зөв хадгалж чадвал үүрд чанараа алдахгүй байх боломжтой.

Газрын самрын тос, масло – Газрын самрын тос болон маслог хөргөгчинд хадгалснаар талхан дээр түрхэхэд хүндрэлтэй болдог.

                ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Зөгийн балыг шилэн саванд хийж тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалаас хол газар хадгална. Газрын самрын тос, маслог шүүгээнд буюу мөн л нарны шууд тусгалаас хол газарт хадгалахад тохиромжтой. Харин шоколадыг хайлах эсвэл гашуун амттай болохоос сэргийлэхийн тулд сэрүүн харанхуй газар хадгална.

                      СОУС, ХООЛ АМТЛАГЧ

Халуун ногоотой соус – Халуун ногоотой соусны найрлага цууны төрлийн бодисууд орсон байдаг тул хөргөгчинд хадгалах шаардлагагүй.

Кетчуп – Кетчуп мөн л цууны төрлийн бодис агуулдаг учир хөргөгчин дотор, эсвэл гадна хадгалсан ч болно. Ерөнхийдөө тухайн бүтээгдэхүүний цуу болон давсны агууламж их байх тусмаа муудах эрсдэл төдий чинээ бага байдаг.

Салатны амтлагч – Газрын болон чидун жимсний тос, цагаан цуугаар хийсэн хоолны амтлагчийг хүйтэн температурт хадгалах нь зохимжтой.

                    ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Соус болон амтлагчийг зуухнаас хол буюу гал тогооныхоо шүүгээнд хадгалах нь хамгийн тохиромжтой.

                                  ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН

Талх – Талхаа шуудхан идээд дуусгах бол хөргөгчинд хадгалах хэрэггүй.

Нарийн боов – Нарийн боов, бялуу зэрэг нь хүйтэн температурт чийглэг болдог.

                   ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Талх, нарийн боовыг цаасан уутанд ороож тасалгааны температурт хадгална. Бялууг хучиж, сэрүүн газар хадгална. Талхыг шилэн эсвэл зэвэрдэггүй гангаар хийсэн зориулалтын саванд хадгалах хэрэгтэй.

                    ЖИМСНИЙ ЧАНАМАЛ, ДАРШИЛСАН НОГОО

Даршилсан ногоо – Ногоо даршлахад ашигладаг бодис тухайн ногоог муудахаас хамгаалдаг. Даршилсан ногооны савлагааг нэгэнт онгойлгосон бол үлдсэн хэсгийг хөргөгчинд хадгална. Харин савлагааг нь задлаагүй даршилсан ногоог нарны шууд тусгалаас хол газарт хадгалах нь зохимжтой.

Жимсний чанамал – Жимсний чанамлыг ариутгасан саванд зөв битүүмжлэгдсэн эсэхээс хамаараад хөргөгчинд хоёр жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой байдаг. Гэвч задалсан жимсний чанамлыг хүйтэн температур хэт удаан хадгалбал хөгц үүсгэх эрсдэлтэй.

                  ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Хөргөгчинд хийхдээ таггүй савтай хадгалж болохгүй. Цуу, жимсний чанамал зэргийг сэрүүн, харанхуй шүүгээнд хадгалж болно.

                     ЖИМСГЭНЭ, САМАР, ХАТААСАН ЖИМС

Жимсгэнэ – Жимс жимсгэнийг хөргөгчинд хадгалахаас илүүтэйгээр тасалгааны температурт хадгалах нь эрсдэл багатай. Ихэнх жимсийг хурдан муутгахгүйн тулд удаан хугацаанд шинэхэн мэт хадгалдаг бодис цацсан байдаг тул идэж хэрэглэхээсээ өмнө заавал угааж заншаарай.

Самар – Самрыг хүйтэн температурт хадгалах нь тийм ч эрсдэлтэй зүйл биш. Ганц сул тал нь бусад хүнсний бүтээгдэхүүний үнэрийг өөр дээрээ шингээн авдаг.

Хатаасан жимс – Хатаасан жимсийг хөргөгчинд хадгалснаар чийглэг болдог.

                     ТЭГВЭЛ ХААНА ХАДГАЛАХ НЬ ЗӨВ БЭ?

Хэрэв та самрыг ойрын хугацаанд хэрэглэх бол шүүгээн дотор битүүмжилсэн саванд хадгалах нь зөв. Харин удаан хугацаанд хадгалах бол хөргөгчинд битүүмжилсэн саванд хадгалаарай. Хатаасан жимсийг 0-10°C хэмд хадгалж, тогтмол агааржуулж, хөгцөрсөн эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Жимс жимсгэнийн хувьд ойрын хугацаанд идэж хэрэглэх гэж байгаа бол хуурай сэрүүн газар, үгүй бол хөлдөөх хэрэгтэй.

                                         БУСАД

Оливын тос – Хүйтэн температурт хадгалсан оливийн тос тунадасждаг.

Өндөг – Өндгийг хаана ч хадгалж болно. Хэрэв та өндгөө хөргөгчинд хадгалдаг бол температурын хэлбэлзлээс хамгаалахын тулд хөргөгчний хаалган талын тавиур дээр тавих хэрэггүй. Хөргөгчний хаалга өдөрт маш олон удаа онгойж, хаагддаг тул тэр давтамжаараа хаалган талд хадгалсан хүнсний температур хэлбэлздэг байна.

Цөцгийн тос – Хөргөгчинд хадгалах бол заавал тагтай саванд хийгээрэй. Эс бөгөөс хөргөгчинд буй бусад хүнсний үнэрийг өөртөө шингээх болон талхан дээр түрхэхэд хэт хатуу төлөвт шилжсэн байх болно. Нарны шууд тусгалаас хол, сэрүүн газарт 2-3 хоногийн хугацаанд хадгалах нь аюулгүй бөгөөд талхан дээр түрхэхэд илүү хялбар болсон байх болно.

Салами – Хөргөгчинд хийх үгүй нь таны сонголт. Задлаагүй тохиолдолд цаасан уутаар сайтар ороож сэрүүн газар хадгалаарай. Ингэж ороосон саламиг дээд тал нь нэг сарын турш хадгалах боломжтой.

Тарвас, амтат гуа – Өрөөний температурт хадгалагдсан тарвас нь хөргөгчинд хадгалсан тарвастай харьцуулахад илүү их хэмжээний антиоксидант болон бусад шим тэжээлийг өөртөө агуулсан байдаг.

Кофе – Кофений үрийн хамгийн том дайсан бол чийг. Хэрвээ хөргөгчинд байлгавал кофенд агуулагдах тослогийн хэмжээ алдагдаж (тослог нь кофег гайхалтай сайхан үнэртэй болгодог) амт болон бусад бүх шинж чанар нь алга болдог. Тиймээс кофег битүүмжилсэн саванд, тасалгааны температурт, нарны шууд тусгалаас хол нөхцөлд хадгалах хэрэгтэй.

Температур хөргөгчний хэсэг бүрд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, хамгийн халуун хэсэг бол хаалган талын тавиурууд. Зарим хоол хүнсийг тогтсон температурт хадгалдаг тул доорх зургаас хэрэгтэй мэдээллээ аваарай.

Эх сурвалж: Bright Side

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!