Бизнес

Хувьцаа худалдан авах 7 шалтгаан

1. Түүхийг сөхөн үзвэл хувьцаа нь урт хугацаанд өгөөж өндөртэй байдаг: Таван толгойн ХК-ний хувьцааны нэгжийн үнэ 1998 онд 5 төгрөг байсан. Хэрэв таньд хэтэрхий хол сонсогдож байгаа бол 2007 оны 9-р сард 37000 төгрөг байв. Харин өнөөдөр 1,000,000 орчимд хэлбэлзэж байна. /Хуучны үнэ нь 1,000,000 төгрөг. Өнгөрсөн жил нэгж хувьцааг 100 хуваасан тул өнөөгийн үнэ нь 10,000 төгрөг/. Мөн 2007 оны 9-р сард 130 төгрөг байсан АПУ-н хувьцааны үнэ өдгөө 4300 орчимд хэлбэлзэж байна. Хэрэв таньд бас хол сонгогдож байгаа бол 1,5 жилийн өмнө 40 төгрөг байсан Ремиконы хувьцаа 2012 оны 6 дугаар сар 21-ны байдлаар 190 төгрөг болжээ. 475% дахин өссөн байна. Харин энэ хугацаанд банкинд хадгалуулбал дээд тал нь 20% өсөх байв. Мөн хувьцаа нь үргэлж ашиг дагуулаад байдаггүйг мартаж болохгүй. Анод, Зоос банкнууд дампуурсан гашуун туршлага бий. Энэ туршлага бидэнд зөв хувьцаагаа сонгох нь маш чухал гэдгийгсануулдаг. Бусад орнуудын хувьд ч хувьцаа урт хугацаанд хамгийн их өгөөжийг өгдөг. Та интернетээс төвөггүй үзэх боломжтой.
2. Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет: “Бусад нь айдастай байхад та шуналтай бай” гэж хэлсэн байдаг. Аливаа зүйл тодорхой бус, найдваргүй байх тэр үед хөрөнгө оруулагчид харж суусаар байгаад алтан боломжийг алдаж байдаг. Харин тэр л үед хөрөнгө оруулах нь хамгийн зөв цаг байдаг ажээ. Жишээ нь, 2008 оны 4 сард 13000 нэг байсан ТОР20 индекс, 2009 оны 7-р сард 5000 орчим болж даруй хоёр дахин гаруй унасан байв. Яг л бүх зүйл дуусан мэт. Дахиж ханш өсөхгүй мэт санагдаж байсан. Гэвч 2011 оны 3-р сард 33000 болж өссөн. Нэг жишээ дурьдахад, Таван толгойн хувьцаа энэ хугацаанд 1250-680 болж унан, дараа нь 680-12500 болж өссөн. Энэ мэтчилэн олон хувьцааны ханш өссөн. Энэ туршлага бидэнд зөв цагт хувьцаа худалдан авахыг анхааруулдаг.
3. Хувьцаа бол маш сайн орлогын эх үүсвэр байж чаддаг: Ногдол ашиг төлдөг компаниудыг худалдан авбал та ногдол ашиг хүртэхийн зэрэгцээ, түүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийх замаар урт хугацаанд орлогоо үлэмж ихээр нэмэгдүүлэх боломжтой юм. Жишээ нь, Таван Толгой ХК нь нэгж хувьцаанд 2008 онд 180төг, 2009 онд 550төг, 2011 онд 1300төг төгрөг төлсөн нь хувьцааны үнийн 10%-25% орчим юм. Энэ нь та ханшийн зөрүүнээс гадна 10%-25%-ийн өгөөжийг жилд хүртэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкны хадгаламжтай ойролцоо хүүг хүртэж байна. Үүний дээр ханшийн зөрүүний ашиг гэж бас бий.
4. Бидний хамгийн тэвчээртэйг хөрөнгийн зах зээл шагнаж байдаг: Магадгүй та багц бүрдүүлэхдээ хамгийн сайн арга ашиглан ашигтай, чанартай багц бүрдүүлж болох юм. Гэхдээ төлөвлөснийхөө дагуу багцдаа гар хүрэхгүй байх нь түүнээс ч илүү чухал байдаг.
5. Цаг хугацаа инфляцийг дуудаж, инфляци таны мөнгийг дарамталдаг: Гудсан доороо хадгалж буй мөнгө тань 10, 20, 30 жилийн дараа ямар ч үнэгүй болно. Үнэтэй зүйлийг үнэгүй болгоно гэдэг мөнгөө арвижуулахыг хүсэгчдийн хэнийх нь ч хүсэхгүй зүйл байх нь мэдээж.
6. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн урьдач нөхцлүүд: Хууль эрх зүйн орчин, арилжааны систем, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, туршлага, хөрөнгө оруулагчдын мэдлэг, эдийн засаг, улс төрийн таатай орчин зэрэг нь хөрөнгийн зах зээл хөгжих голлох урьдач нөхцлүүд юм. Алхам алхамаар урагшилж байна. 2011 оны сүүлээр батлагдсан “Компанийн шинэчилсэн хууль” нь олон улсын түвшинрүү нилээдгүй дөхсөн. Олон боломжийг хувьцаа эзэмшигчдэд олгож байгаа. Энэ жилд багтан“Үнэт цаасны тухай хууль” батлагдах төлөвтэй байна.7-р сард “T+3” шинэ арилжааны системд нэвтэрсэн боловч арилжааны хэмжээ тун бага түвшинд хүрсэн. Гэхдээ бага багаар сэргэж байгаа бөгөөд тодорхой хугацааны дараа хэвийнтүвшиндээ хүрэх нь илэрхий юм. Хөрөнгө оруулагчдын мэдлэг боловсрол бага багаар дээшилж буй нь ажиглагдаж байна. Биржийн шинэчлэл дууссаны дараа олон улсын биржид буй Монголын компаниудын хувьцааг МХБ-д арилжих, түүнийг нь Монголын иргэд эзэмших, мөн бид хувьцаагаа дотоодын болон олон улсын зах зээл гаргах боломж бүрдэнэ. Эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд өндөр байхыг олон улсын агентлагууд тэмдэглэж байна. Гэхдээ эдийн засгийн хараат байдал, бүтцийн оновчгүй хэлбэр, улс төрийн тогтворгүй байдал, авилга хээл хахууль гээд хөгжлийн хурдыг хойш татагч олон сөрөг хүчин зүйлс бий. Харин энэ асуудал зөвхөн манайд нүүрлээд буй хэрэг бишээ. Дэлхийн улс орнууд хөгжлийнхөө ийм шатыг дамжин хөгжсөн. Тойрч биш, туулаад өнгөрдөг жамтай. Бидэнд цаг хугацаа, зөв бодлого, тууштай хүчин чармайлт хэрэгтэй.
7. Лангуун дээр тавих бараа хангалттай бий: Лангуун дээр байгаа барааг худалдан авах эрэлт бүрдэж буйг 6-р шалтгаан тодорхой харуулж байна. Харин хамгийн чухал нь лангуун дээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан үнэ цэнэтэй, чанартай бараа зарагдах ёстой. Өнгөрсөн хугацаанд гадаадын бирж дээр Монголд олборлолт явуулдаг 30 гаруй компани хувьцаагаа арилжаасан нь хангалттай бараа буйг илэрхийлдэг. Хамгийн сүүлийн томоохон жишээ гэвэл гэвэл Монголиан Майнинг Корпораци буюу Энержи Ресурс-ийн хувьцаа Хонк Конгод арилжаалагдсан.
Монгол нь гадаадын хөрөнгө оруулагчдын харааны төвд оршиж байна. Нүүрсний дэлхийн томоон олборлогчид, санхүүгийн акулууд Монгол ажиллаж эхэлсэн. Дэлхийн хамгийн том 4 аудитын байгууллага үйл ажиллагаагаа эхлээд байна.Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй олон хэвлэл мэдээллийхэн сонгуулийн үр дүнг дэлхий нийтэд цацлаа. Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жилд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өссөн. Монголын эдийн засгийн өсөлт дэлхийд нэгт орлоо. Мэргэжилтнүүд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг “хэдэн арван дахин” гэсэн нүдээр харж Монголыг 1950 оны Кувайт, 1970 оны Абу Даби, 1995 оны Катар болох уу?гэж дэлхий нийт шуугиж байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!