МэдээСонин хачин

Монгол гэрийг орон сууц шиг тохижуулсан хос

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Та хоёр хуримын зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байсан?
-Бид аравдугаар сарын 28-нд нутагтаа шинэ гэрийн найраа хийсэн юм. Хүмүүс биднийг хуримаа хийсэн гэж ойлгоод байх шиг байна лээ. Шинэ хүнээ өлгийдөж аваад, хоёр сар болсны дараа тусдаа гарч байгаа нь энэ л дээ. Мөрөөдлийн өргөө цагаан гэрээ бариад, амьдралаа зохиож, өрх тусгаарласандаа баяртай байна. Анх танилцаад нэг жил гаруй болсны дараа хүүхэдтэй болохоор шийдсэн. Бид хоёр аав, ээж нараасаа тусламж авахгүйгээр амьдралаа тэгээс эхлэхийг хүссэн. Хоёулаа ажил дээр гараад хоёр, гуравхан жил болж байгаа учраас их мөнгө хурааж амжаагүй. Машины урьдчилгаа хийж, машинтай болчихсон байсан.
-Монгол гэрийн модыг цагаанаар будсанаар илүү гэгээлэг харагдаж байна. Хэнийх нь санаа байв?
-Гэрийн модыг цагаанаар будсан нь миний санаа байсан. Нөхөр маань миний санааг дэмжээд, гэрийн модны өнгөтэйгөө хослуулж, бүх тавилгаа цагаан болгосон. Би өөрөө фэйсбүүкээр монгол гэрийг хэрхэн тохижуулах талаар судалгаа их хийдэг байсан. Нөхөртэйгөө ярилцаад, тавдугаар сард хот руу явж, гэрийн тавилгаа ачиж ирсэн. Нутагтаа ирээд гэрийн модоо будаад, буйраа цутгаад барьж эхэлсэн. Миний хувьд монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулж болдог гэдгийг харуулахыг хүссэн.
-Нууц биш бол гэрээ ингэж тохижуулахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Бид анх тооцоогоо гаргасны дараа хот руу явсан. Гэрийн хана, тооныг тооцохгүйгээр доторх тавилга, зурагт, гал тогооны бүх хэрэгсэлтэйгээ нийлээд 15 сая төгрөгөөр тохижуулсан. Одоо гэртээ уран зураг тавих дутуу байна. Заавал орон сууцанд тухтай сайхан амьдардаггүй.
-Өмнөговь аймагт монгол гэр өндөрлөж, барьдаг моод дэлгэрч байна уу?
-Тавилга хийж өгсөн ах маань олон айлд очиж, тавилга нийлүүлдэг. Тэр хүн “Ер нь нутгийн хүмүүс монгол гэрээ өндөрлөж барьдаг болжээ. Маш сайхан тохижуулсан олон айл бий” гэж хэлж байсан.
-Та хоёр анх хэрхэн танилцаж байв? Аав нь шинэ хүнээ угтаж авахдаа машинаа чимэглэж, гэнэтийн бэлэг барьсан байсан?
-Нөхөр маань хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан. Эмнэлгээс гарахад машинаа чимэглэж, гэнэтийн бэлэг барьсан нь маш сайхан санагдсан. Би 2017 онд их сургуулиа төгсөөд, аймагтаа хувийн компанид ажилд орсон. Нөхөр маань 2018 оны долдугаар сард манай компанид ажилд орсноор танилцаж эхэлсэн. Одоо хамтдаа амьдраад хоёр жил болж байна.
-Залуу гэр бүл орон нутагт ажиллаж, амьдрах боломж хэр байна вэ?
-Би их сургуулиа төгсөөд, хотод амьдарна гэж тэнд хэдэн сар ажил хийсэн. Аав, ээж дургүйцэж байсан учраас нутагтаа ирсэн. Бид хааяа хотод очихоор их стресстдэг. Хотод өглөө эрт гарахгүй л бол түгжирч явсаар байгаад ажил амждаггүй.
Эх сурвалж: https://news.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!