Бизнес

Гарааны бизнес эрхлэгчид хөрөнгөө хэрхэн зарцуулах ёстой вэ?

Бизнес эрхэлнэ гэдэг хүн болгоны хийж чадах амар зүйл биш. Жил бүр байгуулагддаг компаниудын 90 гаруй хувь нь эхний гурван жилдээ л дампуурдаг. 10 хүрэхгүй хувь нь олон жилийн туршид бизнесээ үргэлжлүүлж чаддаг байна. Гарааны бизнес дампуурах эхний бөгөөд хамгийн түгээмэл шалтгаан бол мэдээж хэрэг бэлэн мөнгөний хомсдол юм. Энэ нь биднийг стартапууд хөрөнгөө хэрхэн зарцуулдаг вэ? тэдэнд зардлаа хянах арга байдаг байна уу? гэсэн асуултуудад хүргэж байна. Тиймээс бид энэ нийтлэлдээ стартапын оновчгүй зарцуулалтын жишээг хүргэх болно.

ЧАМИН, ХАНГАЛУУН ОФФИС

Техникийн чиглэлийн гарааны бизнесийн амжилт ажиллагсдын ур чадвараас ихээхэн хамааралтай байдаг. Үүнээс шалтгаалан тэд авьяаслаг ажилчдаа цалин сайтай томоохон корпорацуудад алдахаас сэргийлсэн зарим шийдлийг хэтрүүлчих гээд байх нь элбэг. Тэдгээрийн нэг нь хамгийн чамин оффистой болох гэж хэт их мөнгө зарцуулах юм. Ажилчдыг аюулгүй орчноор хангах нь зайлшгүй шаардлага ч гэлээ тэдэнд хязгааргүй зууш, ундаа өгөх шаардлагагүй. “Google” гэх мэт томоохон байгууллагууд иймэрхүү зүйлсийг ажилчдадаа санал болгодог нь үнэн. Гэсэн хэдий ч стартапууд эхлээд бизнесийн бат бөх загварыг бий болгож, санхүүгийн тал дээр тогтносныхоо дараа үнэтэй оффистой болж тансагласан нь дээр биз ээ.

ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТАТАХУЙ

Сүүлийн үед байгууллагууд ашигтай ажиллахаасаа өмнө зах зээлд өөрсдийн байр сууриа эзлэхийг эрмэлзэх болжээ. Энэ нь ихэвчлэн стартап компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хямд үнээр худалдаалахад хүргэдэг. Байгууллага ийм борлуулалтаас ихэвчлэн алдагдал хүлээдэг учраас энэ нь тийм ч ухаалаг шийдэл юм. Тэгж борлуулахаар шийдсэн стартапууд энэ алдагдлыг үйлчлүүлэгч олж авахад оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй гэх нь бий. Үйлчлүүлэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг таниулаад, дараа нь мөнгөө олж болно гэсэн санаа юм. Гэвч ихэнх тохиолдолд ийм бодлого зөвхөн үнэгүй зүйлст дурлагсдыг л татдаг аж. Тэд бол бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ зохих төлбөрийг төлөхийг шаардсаны дараа компанийг цөлж хаях үйлчлүүлэгчид. Тиймээс гарааны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ чанар эрхэмлэдэггүй хүмүүстхямдралтай өгөхөөс илүүтэй жинхэнэ үнэ цэнийг нь олж харах үйлчлүүлэгч олж авахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

Гарааны бизнесүүд томоохон корпорацуудтай өрсөлдөх сонирхолтой байдаг. Тиймдээ ч тэдэнтэй адилхан түвшний тоног төхөөрөмж, эд зүйлс хэрэглэх гэж хичээх нь бий. Нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо боловсруулах программ хангамжид хэт их мөнгө зарцуулах нь стартапыг хямралд оруулах стратеги билээ. Тиймээс стартапууд сүүл үеийн технологийн, тэр дундаа Cloud технологийн давуу талыг ашиглах хэрэгтэй. Үүлэн суурьтай шийдлүүдийг, мөн “Google”, “Microsoft” гэх мэт томоохон үйлчилгээ үзүүлэгч компаниудын шаардаж байгаа үнийн тодорхой хувийг төлөх замаар бас олж авах боломжтой. Гарааны бизнесийн эхэн үед үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал байх тул корпорацуудын ашигладаг технологи, хэрэгсэл үнэтэй тусна, мөн санхүүгийн хувьд тогтнотол багагүй хугацаа орно гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

БАГ, ХАМТ ОЛОН

Үүсгэн байгуулагчид заримдаа байгууллагадаа хэтэрхий сэтгэл хөдлөлөөрөө ханддаг талтай. Бас цаашид томоохон корпорац болтол нь хөгжүүлнэ гэж итгэнэ. Байгууллагын орон тоо нь энэ өсөлт хөгжүүлэлтийн чухал үзүүлэлт болдог. Ийм учраас олон стартап шаардлагатай тооноосоо давуулан, цаг нь болоогүй байхад бүтцээ өргөжүүлэх хандлагатай байх нь бий. Цалин тавих бол олон гарааны бизнесийн төлж чадахгүй бүтэлгүйтэхэд хүргэдэг байнгын зардал нь. Багт шинэ хүмүүсийг элсүүлэх үйл явцыг нарийвчлан зохион байгуулж, зөвхөн пүүсийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажилтнуудыг л багтаа оруулж байх хэрэгтэй.

БРЭНД

Брэнд нь том бизнес эрхлэгчдийн, урт хугацааны тоглоом юм. Учир нь брэнд гаргах эхний шатанд л маш их хөрөнгө оруулалт шаардагддаг. Эхэн үед брэндингийн ашиг тус тэр болгон хэмжигдэхүйц байдаггүй. Гарааны бизнес эрхлэгчид бизнес нь хэдий хугацаанд оршин тогтнохыг таамаглаж мэдэхгүй тул малгай, футболка гэх мэт дээр логотой бүтээгдэхүүн гаргахад мөнгө зарцуулах нь үнэндээ зөвтгөгдсөн зардал биш. Энэ мэт зардлыг аль болох танах нь өлзийтэй.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Гарааны бизнес эрхлэгчид хууль эрх зүйн зөвлөгөө авах шаардлага байдаг. Гарааны бизнесүүд үүнд хангалттай анхааралгүй алддаг. Хууль эрх зүйн зөвлөгөө нь маркетинг шиг “дур булаам” биш ч гэлээ маркетингаас дутахгүй ач холбогдолтой зүйл юм. Хууль эрх зүйн хувьд асуудал, ямар нэг урхинд орж болзошгүй тул хууль эрх зүйн зөвлөгөө авахад анхаарах хэрэгтэй. Шүүхийн маргаан том пүүсүүдэд ч асар үнэтэй тусдаг. Гарааны бизнесүүдийн хувьд нэг муухан зарга л маш ирээдүйтэй бизнесийг ч өндийхөөргүй болгож дөнгөнө гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, санхүүжилт олж авах нь гарааны бизнесийн хувьд маш хэцүү ажил. Санхүүжилт олсон хэдий ч саад бэрхшээл нь үүгээр дуусахгүй тул үүсгэн байгуулагчид зөв зүйлд мөнгөө зарцуулах тал дээр чамбай, асар бодлоготой байх хэрэгтэй.

                                                                                                 Эх сурвалж: POSTED

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!