Гэр ахуйОрдууд

Зурхайн орд ба өрөөний интерьер дизайн

Одон орны шинжлэх ухаанд зурхай нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч бидний өдөр тутмын амьдралд ашиглагдсаар байдаг. Зурхайчид олон зуун жилийн тэртээгээс хүний зан төлөвийн онцлог шинж ба төрсөн сар хооронд холбоо хамаарал байгаа эсэхийг судалсаар ирсэн байдаг. Үр дүнд нь зан төлөвийн онцлог шинжүүдийг төрсөн сартай уялдуулж 12 ордод ангилан хуваасан билээ. Ингээд ордуудад тохирох өрөөний интерьер дизайны зөвлөмж, шийдлийг танилцуулж байна.

ХОНЬ (3/21-4/19) – Минималист + Тод өнгө

Тэд бол найрсаг зантай, эрч хүчтэй, зоригтой, энгийн зүйлсийг шүтэн биширдэг хүмүүс бөгөөд тэд хүний итгэлийг алддаггүй. Хамгийн өөдрөг ордуудын нэг учир өрөөний дотоод интерьер дизайны өнгө нь цагаан, улаан, улбар шар, ягаан зэрэг тод өнгөтэй байх нь зохимжтой. Эдгээр нүд гялбам өнгүүд нь гал цогтой, эрчимлэг зан чанарыг илэрхийлдэг тул таны урам зориг, сэтгэл хөдлөлийг сэргээдэг.  Тэдэнд хийхээр төлөвлөсөн ундарсан их ажлын жагсаалт байдаг тул анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах минималист, тод өнгөтэй интерьер дизайн тохиромжтой. Мөн минималист дизайн нь цэвэрлэгээ бага учир гадуур цагаа идэвхтэй өнгөрөөх боломжийг өгнө. Мөн танай гэрт нэмэлт өрөө байх шаардлагатай. Энэ нь танд уран зураг, дуу бүжгийн студи, бясалгал зэрэг өөрийн дуртай хоббигоороо хичээллэх боломжийг олгоно.

ҮХЭР (4/20-5/20) – Уламжлалт + Тохь тух

Газар дэлхийн бэлгэдэл Үхрийн ордныхон чулуу, мод, ургамал зэрэг мөнхийн гоо үзэсгэлэнтэй байгалийн материалд хүчтэй татагддаг. Тэдэнд орчин үеийн гэхээс илүү уламжлалт интерьер дизайн тохиромжтой. Тэд бага зэрэг материаллаг сонирхолтой ба  тайтгарал, таашаал, аюулгүй байдлын мэдрэмж өгөх уран зураг, эртний эдлэл, арьсан буйдан, зөөлөн дэр, дорнын хивс зэрэг бүхий л зүйлсийг агуулсан тохилог, загварлаг гэрт амьдрахыг хүсдэг. Мөн гэрт нь ирсэн зочидтойгоо цагийг зугаатай өнгөрөөх дуртай тул гэрийнхээ аль нэг хэсэгт зориулж нийтийн орон зай төлөвлөх нь зүйтэй. Нийцэмжтэй өнгө ногоон, хүрэн, цайвар хөх, зөөлөн ягаан, хүрэн бор.

ИХЭР (5/21-6/21) – Уламжлалт + Модерн

Олон талт байдлын бэлгэдэл Ихрийн ордныхон хоёрдмол зан ааштай, хувьсамтгай, олон мэдрэмжийг нэгэн зэрэг авахыг хүсдэг.  Тэд маш бүтээлч бөгөөд олон төрлийн өнгө, хэв маяг, хөгжилтэй эд зүйлс болон сэвшээ салхи, усны давлагаа, байгалийг илэрхийлэх хээ загвартай зүйлсэд дуртай. Мөн тэдний өрөөнүүдээ өөр өөр дизайнтай, хайртай зүйлсээ нэг дор байршуулах дуртай байдаг. Иймээс тэдэнд хуучны болон орчин үеийн хослуулсан интерьер дизайн тохиромжтой. Тэдний өрөөнд ягаан, шар-ногоон, улбар шар, нил ягаан зэрэг ер бүсийн өнгөний хослол нийцдэг. Эдгээр өнгүүд нь хэт их байх нь хэтэрхий их сэтгэл хөдлөл авчирч магадгүй тул өрөөнийхөө чимэглэл хэсгүүдэд өргөлт өгөх зорилгоор бага зэрэг оруулах зүйтэй.

​МЭЛХИЙ (6/22-7/22) – Энгийн + Тохь тух

Тэдний сэтгэл хөдлөлийн мэдрэмж гүн гүнзгий.Орон гэр болоод гэр бүлдээ онцгой анхаарал хандуулдаг хүмүүс. Та тэдний гэрт ороод гэр бүлийн зургууд хаа сайгүй байхыг анзаарах болно. Учир нь тэдэнд гэр бүлийн дурсамж маш чухал ач холбогдолтой. Иймд тэд гэртээ жаазтай гэрэл зураг, дурсгалт зүйлс цэгцтэй байршуулах орон зай бий болгох хэрэгтэй. Мөн гэртээ том буйдан, хоолны ширээ байлгаснаар гэр бүлийн аз жаргалтай дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд тусална. Тэд өрөөгөө энгийн бөгөөд эд зүйлс нь хоорондоо нийцэмжтэй, тохилог байхыг эрхэмлэдэг.  Цайвар шаргал, цэнхэр, мөнгөлөг, бүлээн дулаан цэцгийн өнгөнүүд нийцэмжтэй.

АРСЛАН (7/23-8/22) – Тансаг + Чанар

Энэ ордныхон цэцэн ухаантай, маш халуун сэтгэлтэй, өгөөмөр, бардам, олны анхаарлын төвд байх дуртай, хөгжилтэй хүн тул энэ гайхалтай зан чанаруудыг гэртээ тусгах ёстой.Тэд  чамин тансаг, үнэтэй, тод өнгийн эд зүйлсэд дуртай ба гэрээ ордон шиг байлгахыг хүсдэг. Тиймээс өндөр чанартай хилэн хар модон тавилга, хоолны ширээ, урлагийн бүтээл, задгай зуух гэртээ байрлуулах нь илүү сэтгэл ханамжтай байдлыг авчирдаг. Өрөөнд тань улаан, улбар шар, шаргал өнгө зохимжтой.

ОХИН (8/23-9/22) – Байгаль + Цэвэр цэмцгэр

Та зурхайн төгс төгөлдөржүүлэгч орд тул үргэлж цэвэр цэмцгэр, нямбай, арвич хямгач байдлыг эрхэмлэдэг. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Энэ ордныхонд ургамалтай, илүүдэл эд зүйлгүй, эмх цэгцтэй тохижилт нийцэмжтэй. Газар дэлхийн бэлгэдэл учраас хүрэн, ногоон, саарал, цагаан өнгө тохиромжтой юм.

ЖИНЛҮҮР (9/23-10/22) – Дэгжин + Загварлаг

Энэ орд гоо үзэсгэлэн, хайр дурлалын гариг Сугарт удирдагддаг. Жинлүүрүүд оюунлаг бөгөөд эв найрамдлыг эрхэмлэдэг хүмүүс. Тэд бас урлаг, гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэл зэрэг олон талын авьяастай. Өрөөгөө үзэсгэлэнтэй, нарийн хийцлэл, чамин чимэглэлтэй эд зүйлсээр тохижуулах дуртай. Жишээ нь гоёмсог толь, хайр дурлалын зураг, тансаг, даавуун эдлэл. Учир нь эдгээр нь таны авьяас, гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Тэнцвэртэй байдалд дуртай учир  тэгш хэмтэй тохижилт нийцэмжтэй. Мөн нийтэч зан чанартай тул орон зай сайтай зочны өрөө, том хоолны ширээ, тохилог буйдантай байх нь зүйтэй. Өрөөгөө нүд булаам болгохын тулд зоримог, өвөрмөц урлагийн бүтээл тавиарай. Мөн  амар тайван, тааламжтай уур амьсгалыг бий болгох зорилгоор өрөөндөө ногоон, цайвар ягаан, цэнхэр, саарал өнгүүдийг ашиглах нь танд нийцнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21) – Хар бараан + Цэвэрхэн

Та хамгийн оньсого шиг бас хүчтэй орд юм. Тэд нууцаа хадгалах дуртай, өөрийн сайн муу талаа маш сайн мэддэг, зоригтой, өөрийн авьяас билэгт бүрэн дүүрэн итгэлтэй байдаг хүмүүс. Өрөөний интерьер дизайн нь хар бараан өнгөтэй, энгийн цэвэрхэн, нарийн хийцлэл, сонгодог, загварлаг, гүн гүнзгий утга агуулгатай байх нь тохиромжтой. Гэхдээ хэт хар бараан байхаас сэргийлж цагаан өнгө эсвэл байгалийн гэрэл оруулж тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй. Таны өрөөний тохиромжтой өнгө хар, хүрэн улаан, хар хөх, сүүдэртсэн нил ягаан юм.

НУМ (11/22-12/21) – Өвөрмөц + Баялаг мэдрэмж

Та бол чөлөөт сэтгэлгээтэй, хурц ухаантай, өөдрөг үзэлтэй ба хайр дурлалын эрэл хайгуулыг үргэлж хийдэг, аялах дуртай хүн. Та өрөөгөө дэлхий ертөнцтэй холбоотой баялаг утга агуулгатай эд зүйлс, байгалийн материалаар тохижуулах нь нийцэмжтэй. Өрөөндөө байгаль, эрч хүчийг мэдрүүлэх цагаан, хүрэн, хөх, ногоон, улбар шар, улаан өнгүүдээс оруулж өгөхөө бүү мартаарай.

МАТАР (12/22-1/19) – Бодитой + Уламжлалт

Энэ ордныхон  ажилсаг хичээнгүй, бие даасан, зарчимч зан чанартай тул ур чадвар сайтай хүмүүс байдаг. Мөн тэд өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тэд гэртээ тэнцвэртэй байдал, тэгш хэмтэй зохион байгуулалтыг хүсдэг. Тэд өрөөг янз бүрийн чимэглэлтэй болгох нь үр ашиггүй гэж үзэх хандлагатай байдаг.  Гэр бол таны амрах, тайвшрах орон зай гэдгийг бүү март. Иймээс өрөөндөө бага зэрэг чимэглэл нэмж тав тух оруулахыг хичээгээрэй. Нийцэмжтэй өнгө нь хар саарал, ногоон ба хөх, хар ба цагаан юм. Арьсан материал, хар мод, гууль, боржин чулуу бүхий эд зүйлсээс тухтай байдлыг мэдэрдэг.

ХУМХ (1/20-2/18) – Ирээдүй + Эрх чөлөө

Энэ ордныхон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд захирагдах дургүй, эрх чөлөөг эрхэмлэдэг, хурц ухаан, өвөрмөц сэтгэхүйтэй, биеэ даасан хүмүүс байдаг. тэд  найз, нөхөд олонтой, хүнтэй танилцахдаа ч амархан. Тэд маш бүтээлч бөгөөд орчин үе, ирээдүйн хэв маягийг илэрхийлсэн бүхий л зүйлд дуртай. Таны гэр тансаг зураг, график дүрслэл, төмөр баримал, ган, шилэн гэх мэт орчин үеийн материалаар өөгүй, цэвэрхэн чимэглэгдсэн байх нь танд илүү таалагдах болно. Товчхон хэлбэл футуристик дизайнтай өрөөг энгийн бус хэв загвараар чимэглэх нь тохиромжтой. Нийцэмжтэй өнгө нь цэнхэр, ногоон, улбар шар, цагаан ба саарал.

ЗАГАС (2/19-3/20) – Хээнцэр дэгжин + Далайн эрэг

Энэ ордныхон сэтгэл хөдлөл өндөртэй, өдрийн турш мөрөөдөх дуртай, уран сэтгэмж сайтай идеалист хүмүүс.  Иймд таны гэрийн интерьер дизайн дэгжин, наран шарлагын газар шиг мэдрэмж өгөхөөр байх хэрэгтэй. Нийцэмжтэй  өнгө нь цайвар шаргал, цагаан, цайвар хөх, ногоон юм. Та усны эргэн тойронд дуртай байх тул өрөөний засал чимэглэлдээ аквариум эсвэл усан элементүүдийг шингээж өгөөрэй.

Эх сурвалж: tavanbogdproperty

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!