Мэдээ

Ургамлын тоосны харшлын үед анхаарах зүйлс

Манайд ургамлын тоосны агаар дахь хэмжээ ихэсдэг гурван үе бий.

Нэг нь тавдугаар сард ихэсдэг хус бургас зэрэг модны тоосжилтын оргил үе. Дараа нь үет ургамлын тоосжилтын үе зургаадугаар сарын 20-доос долоодугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Гурав дахь нь удаан, илүү хүчтэй тоосжилтын үе буюу шарилж, лууль, хамхуул, агь зэрэг ургамлын тоосжилтын үе юм.

Удахгүй наймдугаар сар гарч шарилж, лууль зэрэг хог ургамлын тоосжилтын оргил үе эхэлнэ.

Ургамлын тоос нь тасалгаанд нарны гэрлийн хөндлөн тусгалд хумхын тоос харагддаг шиг нүдэнд үзэгдэхгүй жижиг юм. Гадаа агаарт тийм тоосжилт үүсдэг учир түүнээс бултах, зайлсхийх боломжгүй. Нүдэнд үл үзэгдэх ургамлын тоос амьсгалын замаар орж харшлын шинж тэмдгийг илрүүлдэг. Мөн нүдний салстад бууж нүдний харшил үүсгэх эх үндэс болно. Хамрын болон нүдний харшил зэрэг явагддаг нь ийм учиртай.

Аливаа өвчин шалтгаан, нөхцөл хоёулаа байвал өвчин үүсдэг. Шалтгаан дангаар байгаад өвчилдөггүй. Заавал нөхцөл бүрдэж байж өвчин үүснэ. Харшил үүсэхэд нөлөөлөх олон нөхцөл бий. Гол нөхцөл нь юу вэ гэвэл агаарын бохирдол, тухайн хүний удамшлын байдал, дархлааны дарангуйлах чадвар зэргээс хамаарна. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулж, зэрлэг ургамлыг тоосоо гөвөх цагаас урьтаж цэвэрлэж харшлаас сэргийлэх боломжтой.

УРГАМЛЫН ТООСЖИЛТООС ХАМГААЛАХ АРГА

– Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно.

Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй. (Хэрэглэж болохгүй хоол хүнсний дэлгэрэнгүйг доор дурдсан)

– Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглээрэй.

– Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална. Хэрэв нүд загатнавал аль болох нухаж маажихгүй байх, цэвэр усаар зөөлөн угаагаарай. Эсвэл эмчийн зөвлөсөн дусаалгыг хэрэглээрэй. Хэрэв нухвал зовхины зөөлөн эд гэмтэж улам улайж улцайн байдал улам хүндэрнэ.

– Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.

– Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Тодруулбал, шарилж, лууль нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга цонхоо онгойлгохгүй байх эсвэл цонхондоо тор байршуулаарай. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог.

– Тасалгааны эзлэхүүнд тохирсон HEPA филтертэй агаар шүүгчийг ашиглаж болно. Энэ нь тасалгааны агаарыг цэвэршүүлж гэрт харшлын шалтгаан үгүй болно.

– Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгалтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Хүн өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” гэдэг утгаараа байгал орчиндоо ойр байж тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдгийг мэдэхэд илүүдэхгүй. Гэхдээ мэдээж ойр орчимд харшлах зүйлс байхгүй байх хэрэгтэй.

ХООЛ ХҮНС 

Дээрх хоолны дэглэмийг харшил сэдэрсэн эхний 7-10 хоногт барихыг эмч нар зөвлөж байна.

АНХААРАХ ЗҮЙЛС

Голио, царцаа: Хүмүүс дур мэдэн голио, царцааны эд эрхтэнг сорж идэх тохиолдол байдаг.

Тэгвэл энэ талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын хэлснээр голиог элдэв идэштэн гэж нэрлэдэг байна.

Учир нь голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Малын сэг зэм, үхсэн мэрэгчээр хооллодог. Голио идсэн мал, нохой ихээхэн турдаг байна. Иймд голио идэх нь элдэв төрлийн халдвар тархаах ӨНДӨР эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм.

Утаа май: Мөн хүмүүс аргал хомоол, хүж, хушганы ясыг шатаасан утааг үнэрлэхийг бие биедээ дур мэдэн зөвлөдөг ч энэ нь батлагдаагүй арга, харин ч харшлыг хүндрүүлэх магадлалтай юм.

Учир нь харшил хүндэрвэл амьсгалын замын астма, багтраа зэрэг өвчнийг үүсгэдэг.

Хэрэв дээрх аргыг хэрэглэх бол заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

 

 

Элдэв эм тан: Дур мэдэн хэрэглэсэн дааврын хэт хүчтэй эм, тариа таны харшлыг түрхэн зуур дарах ч дараа дараагийн удаад дарахгүй байх магадлалтай. Учир нь таны бие организм түүнээс илүү хүчтэй эм тариаг “нэхнэ”.

Мөн гарал угсаа нь мэдэгдэхгүй хятад эм танг эмчийн жоргүй бүү хэрэглээрэй. Ялангуяа бага насны хүүхдэд дур мэдэн харшлын эм бүү өгөөрэй. Харшлын эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: YOLO.MN

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!