Мэдээ

Цахилгаан барааныхаа эрчим хүчний зарцуулалтыг хэрхэн өөрөө тооцох вэ?

Цахилгаан бараа болгоны дээрх эрчим хүчний шошготой наалтыг хуулж авахаасаа өмнө дээрх мэдээллийг анзаарч нэг үзээрэй. Шошгон дээрх тоогоор нь тухайн цахилгаан бараа чиний түрийвчинд болон байгаль орчинд хэр “ээлтэй” гэдгийг мэдэж, тооцоолж болно.

Хэзээнээс эхэлж ийм тэмдэгтэй болсон бэ?
1992 онд Европын холбооноос цахилгаан бараануудын эрчим хүчний шошгыг нэг загвартай болгохоор стандартчилжээ. Энэ нь хэрэглэгчдэд цахилгаан барааныхаа хэрэглээг хянахад томоохон тус болсон юм. Хэд хэдэн удаа шинэчлэгдсээр шошгоны стандарт өнөөгийнхөө төрхийг олсон бөгөөд одоо ихэнх брэндүүдийн цахилгаан бараан дээр дараах мэдээллийг багтаасан наалт бүхий шошго байдаг болжээ:

1. A-G хүртэлх цахилгаан зарцуулалтын үнэлгээ.
G үнэлгээ нь хамгийн “их иддэг” буюу цахилгаан зарцуулалт ихтэй болохыг заана. Түүнээс дээш багассаар, А нь хамгийн “бага иддэг” барааны үнэлгээ юм. Сүүлийн үеийн цахилгаан бараанууд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх шинэ технологиуд дээр суурилж байгаа учраас 2012 онд А-аас хойш A+, A++, A+++ гэдэг 3 үнэлгээг гаргажээ. Хуучны цахилгаан бараанууд ихэвчлэн B болон түүнээс доош үнэлгээтэй байдаг. Энэ нь цахилгаан барааны төрөл, ажиллагаа бүрээс шалтгаалан үсэг бүртээ өөр өөр хэмжээг заадаг. Өөрөөр хэлбэл A+-тэй хөргөгч, A+-тэй угаалгын машин хоёрын үнэлгээ нь ижил боловч зарцуулах тог бөгөөд мөнгө нь өөр гэсэн үг юм. Тиймээс шинээр бараа авахдаа үсэгний тал дээр аль болох A+++ рүү л тэмүүлэх нь хэмнэлттэй, экологид ээлтэй гэж ойлгоход болно.

2. Жилд зарцуулагдах кВт.ц-ын хэмжээ.
Жишээ нь: 280 кВт.ц/ 1 жилд гэдэг нь жилд 280 кВт.ц (kWh) цахилгааныг зарцуулна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн хөргөгч, агаар цэвэршүүлэгч гэх мэт байнга хэрэглэгддэг бараан дээр байдаг. Харин угаалгын машин, цахилгаан зуух гэх мэт өдөрт тодорхой хэдэн цаг ашигладаг бараанд 1 цагийн эсвэл 1 удаагийн хэрэглээний дундаж зарцуулалтыг бичсэн байх нь бий.

 

1. Яаж тооцох вэ?
Өрхийн хэрэглээний нэг кВт.ц цахилгааны үнэ 98.40 төгрөг (http://ubedn.mn/) .Маш энгийнээр тайлбарлахад чи гэрийнхээ хөргөгч, угаалгын машин, зуух, зурагт, агаар цэвэршүүлэгч, аяга таваг угаагч, индүү зэрэг цахилгаан бараануудынхаа дээрх тоог 98.40 төгрөгөөр үржүүлээд л бодоход болно гэсэн үг юм. Хэрвээ бараан дээр annum/per year буюу “жилд” хэмээн бичсэн байвал жилийн турш ашиглагдах цахилгааны дундаж хэмжээг зааж байна. Эсвэл per cycle, per hour гэсэн байвал нэг удаагийн хэрэглээ, нэг цагийн хэрэглээний цахилгаан зарцуулалт юм.

2. Жишээ 1: Samsung 48 инчийн зурагт

A+ үнэлгээтэй, жилд 89 кВт.ц буюу 8750 төгрөгний цахилгаан зарцуулна.

3. Жишээ 2: Panasonic хөргөгч


A++ үнэлгээтэй, жилд 245 кВт.ц буюу 24100 төгрөгний цахилгаан зарцуулна.

4. Жишээ 3: Bosch 8 кг угаалгын машин


A+++ үнэлгээтэй, жилд 196 кВт.ц буюу 19280 төгрөгний цахилгаан зарцуулна.

5. Жишээ 4: Samsung цахилгаан зуух


А үнэлгээтэй, нэг удаадаа ажиллуулахад 90 орчим төгрөгний цахилгаан зарцуулна.
Шинэ загварын цахилгаан бараанууд гайхмаар “бага иддэг” болсон байгаа биз? Тэгэхээр хуучин зурагт, угаалгын машинаа өндөр үнэтэй шинэ технологиор солих нэгэн том шалтгаан нь цаашдын, удаан хугацааны хэмнэлт, экологиодоо үзүүлж буй тус нэмэр болж таарч байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!