Хоолны жор

Цөцгий болон банштай амтат шөлний хялбар жорууд

Сэрүүнд хааяа нэг зөөлөн амттай халуун шөл идмээр санагдвал сайхан сонголт болно шүү.

 1. Банш, цөцгийтэй шөл (энэ шөл ердөө 30 минутад л болно)

Орц:
– 3 амны халбага цөцгийн тос эсвэл масло
– 1 ширхэг сонгино (шоо дөрвөлжин болгож хэрчинэ)
– 2-3 хумс сармис (хэрчиж бэлдэнэ)
– 2 ш том хэмжээтэй лууван (нарийн хэрчинэ)
– 1 цайны халбага давс
– ¼ цайны халбага нунтаг хар перц
– ¼ аяга гурил
– 6 аяга бэлэн шөл
– 350 гр хөлдөөсөн банш
– 140 гр шинэхэн бууцай
– 1 аяга цөцгий эсвэл сүү ашиглаж болно
Хийх дараалал:
Эхлээд цөцгийн тосоо халуун хайруулын таваг эсвэл шөлний тогоондоо хийж хайлуулна. Хайлсных нь дараа сонгино, сармис, лууван, давс, перцээ хийгээд дундаж хэмийн халуун гал дээр ойролцоогоор 6 минут юм уу ногоогоо зөөлөртөл нь хуурна. Үүн дээрээ гурилаа хийгээд жигд сайн тартал нь хутгаж өгнө. Жигд хутгасныхаа дараа шөлөө алгуурхан нэмж хийнэ. Энэ үедээ гурилаа бөөгнөрүүлж болохгүй гэдгийг санаарай. Ингээд шөлөө буцалгана. Буцалмагц нь банш болон бууцайгаа нэмж хийнэ. Галаа зөөлөн хэвээр нь байлгаад 5-6 минут буюу баншаа зөөлөртөл нь буцалгана. Энэ үедээ бага багахан хутгаж, хөдөлгөхөө мартуузай. Банш нь зөөлөн болоод ирмэгц цөцгий эсвэл сүүгээ нэмж хийгээрэй. Ойролцоогоор 2-3 минут буцалгаад галаа унтраагаад 5 минут орхиорой. Аягалахын өмнө амсаж үзээд давс, перцнээсээ нэмж болно шүү.

                        2. Цөцгий, улаан лоольтой шөл

Орц:
– 2 амны халбага оливийн тос
– 2 цайны халбага жижиглэж хэрчсэн сармис эсвэл нунтаг сармис байж болно
– 2-3 амны халбага жижиглэж хэрчсэн улаан лооль (хатаасан байвал илүү амттай болно)
– 1 цайны халбага нунтаг сонгино
– 300 гр лаазалсан улаан лоолийн шөл
– 2 аяга цөцгий
– 2 аяга тахианы шөл
– ½ цайны халбага давс
– ½ цайны халбага перц
– 300 гр банш (бяслагтай банш байвал илүү амттай)
– ½ аяга үрж жижиглэсэн пармесан бяслаг (чимэглэлд зориулж)
Хийх дараалал:
Галаа дунд зэрэг дээр нь тохируулаад оливийн тосоо хийж халаана. Тосоо халмагц нь сармис, улаан лооль, нунтаг сонгиноо хийгээд хуурна.
Дээр нь нэмээд улаан лоолийн шөл,цөцгий, тахианы шөлөө хийгээд буцалгана. Дөнгөж буцалж эхлэнгүүт нь баншаа хийгээрэй. Ингээд л баншаа болмогц нь амсаж үзээд давс, амтлагч нэмэхийг хүсвэл нэмээд л аягална. Хамгийн сүүлд нь бяслагаараа чимэглээрэй.

                    3. Цөцгий, мөөгтэй шөл

Орц:
– 1 ½ цайны халбага оливийн тос
– 1 1/3 аяга жижиглэн хэрчсэн сонгино (ойролцоогоор нэг дундаж хэмжээтэй сонгино)
– 1 1/3 аяга шоо дөрвөлжин хэрчсэн лууван (ойролцоогоор 3 ш дундаж хэмжээтэй лууван)
– 200-250 гр хэрчсэн мөөг
– 3 хумс сармис
– 4 ½ аяга тахианы бэлэн шөл (махыг нь чанаад өөрсдөө гаргасан ч болно)
– 450 гр тахианы цээж мах (урт нарийхан хэрчих)
– ½ цайны халбага хатаасан ганга
– Давс, перц
– ¼ аяга давслаагүй масло, цөцгийн тос
– 1/3 аяга гурил
– 2 ½ аяга сүү
– 250 гр банш
– 110 гр бууцай
– 1/3 аяга цөцгий
Хийх дараалал:
Галаа хамгийн их дээр тавьж халаагаад оливийн тосоо хийнэ. Тосоо халмагц нь сонгино, лууван, мөөгөө хийгээд 3 минут хуураад дээр нь нэмээд сармисаа хийгээд 1 минут хуурна. Дараа нь тахианы шөл болон тахианы мах, ганга, давс болон перцээ өөрийн амталгаагаар нэмж хийгээрэй. Ингээд шөлөө буцалмагц нь галаа багасгаад дунд зэрэг дээр нь тавиад махаа болтол буюу 10-15 минут орчим буцалгаарай. Тахианы махаа буцалж байх хооронд хайруулын тавганд масло хийгээд хайлуулаарай. Сайн хайлсных нь дараа гурилаа хийгээд 1 минут орчим хуурна. Бөөгнөрүүлж болохгүй шүү. 1 минут хуурсныхаа дараа дээрээс нь сүүгээ хийгээд давс, перцээр амтлаж, буцалгана.Одоо баншаа хийнэ. Баншаа болоод ирмэгц нь бууцайгаа нэмээд мөн хайруулын тавганд буцалгасан цагаан шөлөө хийгээд л 1 минут орчим буцалгаад л болох нь тэр. Эцэст дээр нь цөцгийгөө хийгээд хутгаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!