Тэтгэвэртээ гарсан математикч хос ямар ч төрлийн сугалаанд 100% мөнгө хожих аргыг олжээ

Хүн төрөлхтний дийлэнх нь нэг удаа ч болов азын сугалаанд их хэмжээний мөнгө хожиж үзэхийг хүсэж байсан байх. Та хэдийгээр аз завшаан, гэнэтийн боломж зэргийг хий хоосон зүйлд тооцож, үл ойшоодог байлаа ч бодит боломжийг тооцоолох чадвартай бол азтан болох тийм ч үлгэрийн явдал биш болж таарч байна. Америкийн жирийн иргэдийн төлөөлөл, тэтгэвэртээ гарсан математикчид болох Жерри Селби (Jerry Selbee), Марж Селби (Marge Selbee) нар дээрх аргыг олон жил хэрэглэсээр иржээ.
АНУ-ын Мичиган мужийн оршин суугч Селбигийн гэр бүл тэтгэвэртээ гарсныхаа дараа өөрсдийн гэсэн жижигхэн дэлгүүр ажиллуулдаг болсон бөгөөд сохор аз гэгч зүйлд огтоос итгэдэггүй байв. Гэтэл нэг өдөр Жерри сонин дээрээс Winfall сугалааны зарыг олж хараад нэгэн мэргэн санаа олсон байна.
Winfall сугалааны дүрмийн дагуу зургаан оронг зөв тааж чадсан бол хонжворын сан нь 5 сая долларт хүрэх ба супер азтан тодроогүй тохиолдолд 5, 4, 3 гэхчлэн орон нь таарсан оролцогчдод шагналын мөнгийг хувааж өгөх байсан гэнэ. Ийнхүү Жерри дэлгүүрийнхээ кассан дээр уйдаж суух үедээ ялах магадлалыг тооцоолж эхэлсэн аж.
Гэр бүлийн хоёр хоёулаа математикч мэргэжилтэй учир магадлалыг тооцоолох тун хялбархан байсан гэнэ. Түүний бодсоноор 1100 доллараар 57 тасалбар худалдаж авахад 18-19 тасалбар нь зайлшгүй гурван оронтой таарах учиртай байв. Зөв таамагласан гурван цифр тутам нь түүнийг 50 доллараар, дөрөв нь бүхэлдээ 1000 доллар авч ирнэ.
Энэ байдлаар явахад тэрээр “гэнэт” баяжихгүй ч хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин их ашиг олох нь баталгаатай болсон байна. Сугалааны горим нарийн байсан тул баталгаатай хөдлөх шаардлагатай байв. Улмаар тэд 3600 доллараар сугалаа худалдаж авахаар шийдсэн бөгөөд хариуд нь 6000 гаруй доллар хожиж чаджээ. Ийнхүү тэд энэ ажилдаа “гаршиж” эхэлсэн байна.

