Мэдээ

16 хэл эзэмшсэн эмэгтэйн өгсөн зөвлөгөөнүүд

84 наслахдаа таван тивийн 40 улсаар аялж ”Дэлхийг тойрсон орчуулагч” номоороо олонд танигдсан Унгарын орчуулагч Като Ломб “Би хэрхэн яаж хэл сурдаг вэ” номдоо өөрийн 16 хэлийг төгс эзэмшсэн нууцаа хуваалцсан байдаг. Тэрээр физик, химийн анги төгссөн ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн олон хэлийг бие дааж сурсан байна.

Ямар нэгэн гадаад хэлийг бүрэн эзэмшинэ гэдэг хэзээд бэрх даваа байдаг. Тэгвэл нэг бус 16 хэлийг бүрэн судална гэдэг төсөөлшгүй хэцүү мэт санагдаж байгаа биз? Като хэл сурахад хамгийн чухал 10 зарчмыг ийн өгүүлжээ.

1. Өдөр бүрийг суралцаж өнгөрөө: Хэлийг өдөр бүр давтаж байж сурдаг. Хэрвээ огт цаг байхгүй бол, дор хаяж 10 минутыг зарцуул. Ялангуяа өглөө давтах нь илүү үр дүнтэй.

2. Хэзээ ч утгыг ойлголгүйгээр бүү цээжил: Үгийг өгүүлбэр, текстийн гол агуулгаас салгаж цээжилж болохгүй.

3. Цээжлэхэд хэцүү үг хэллэг: Хэлцүүдээ давтан тэдгээрийг яриандаа аль болох их ашигла.

4. Боломжтой бүх зүйлсийг толгойдоо орчуулахыг хичээ: Үүнд: Зар сурталчилгааны самбар, зурагт хуудас дээрх бичвэр, санамсаргүй байдлаар сонссон яриа зэрэг орно

5. Хэрвээ хичээл хийх хүсэлгүй болбол хүчээр бүү хий, гэхдээ бас хаяж болохгүй: Өөр ямар нэгэн арга бодож олоорой: номоо тавиад радио сонсох, сурах бичгийн дасгалаа орхиж толь бичгээ үзэх гэх мэт.

6. Зөвхөн багшийн зассан зүйлийг л маш сайтар цээжил: Өөрийнхөө засуулаагүй дасгалуудыг дахин дахин унших хэрэггүй: Олон удаагийн давтамжтай уншсанаар текстийг алдаатай нь хамт цээжилдэг байна. Хэрэв бие даан сурч байгаа бол зөвхөн баттай зөв зүйлийг л тогтоож ав.

7. Бэлэн хэлц үгсийг эзэн биеийн ганц тоон дээр цээжил Жишээлбэл: “I am only pulling your leg” буюу “Би зүгээр л чамайг өдөж байна.”

8. Гадаад хэл бол бүх талаас нэгэн зэрэг цохилт өгөх ёстой ”цайз” юм. Өөрөөр хэлбэл сонин унших, радио сонсох, кино үзэх, гадаад хэл дээрх лекцэд суух, сурах бичигтэй ажиллах, харилцах, тухайн хэлийг сайн мэдэх найз нөхөдтэйгөө уулзах, ярилцаж, бүх чадвараа нэгэн зэрэг хөгжүүлэх хэрэгтэй.

9. Бусадтай харилцах, алдаа гаргахаас бүү ай, харин алдааг тань засаж залруулахыг гуй. Хамгийн гол нь алдааг тань засаж эхлэхэд бүү сэтгэлээр унаж гомдоорой.

10. Юу ч болсон бай өөрийн зорилгодоо хүрнэ хэмээн бодож, өөрийгөө ер бусын ур чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй бай.

    Като Ломб хэл эзэмшихэд хамгийн чухал бөгөөд ойлгоход энгийн томьёог зохисон нь:

ЗАРЦУУЛСАН ЦАГ ХУГАЦАА+СОНИРХОЛ=ҮР ДҮН

Хялбарчилбал: (зарцуулсан цаг хугацаа+сонирхол) / биеэ барих(алдаа гаргахаас айх)=үр дүн.

86 настай Като Ломб 54 настай өөрийн найзтай таарахдаа түүний амьдралд нэн чухал үгсийг хэлсэн нь: “Стив, чи залуу байна! Олон жил өмнө чинь байна, дахиад мөн ч олон хэл сурч болно доо” гэжээ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!