Гэр ахуй

Гэртээ цэвэрлэгээ хийх үедээ арчиж цэвэрлэхээ мартсанаас болж тухгүй байдал үүсгэдэг зүйлс

Ээлжит цэвэрлэгээний дараа ч гэсэн гэр чинь нэг л гялалзаж өгөхгүй байгааг та анзаарсан уу? Нүдэнд ил үзэгдэхгүй эсвэл онцгой анхаарал хандуулахааргүй газрыг бид орхигдуулдаг байна.

 Паар

Паарны дотор талыг цэвэрлэхэд их төвөгтэй санагддаг учраас тэр чигт нь үлдээх хүсэл төрнө. Тэгээд ч хөшигний цаанаас тоос шороо нь харагдаж мэдэгддэггүй.  Цонхоор орж ирэх хөнгөхөн салхи л бүгдийг дэгдээж орхино, боссон тоос шороо дөнгөж сая таны арчиж цэвэрлэсэн ойр орчмын гадаргуу дээр унана. Үнэндээ паарыг цэвэрлэхэд хэцүү зүйл огт байхгүй. Тоос сорогчны нарийн хошуугаар соруулахад л хангалттай. Дараа нь паарны доор цаас дэвсээд үлдэгдэл шороог газар унагаж аваад савантай усаар арчиж цэвэрлэхэд л болно.

Бохир хувцасны сагс

Бохир хувцасны сагсыг тоос сорогчны хог цуглуулах сав шиг л тогтмол цэвэрлэж, угааж байх шаардлагатай. Сагс руу хийж байгаа хувцас нь чийгтэй, гудамжны тоос шороо шингээсэн, хоол хүнсний үлдэгдэлтэй гээд бохир л байгаа. Тэгэхээр сагс нян үржих таатай орчин болох нь ойлгомжтой. Сагсны төрлөөс хамаарч цэвэрлэх арга нь өөр байж болно. Хуванцар савыг урсгал усанд амархан цэвэрлэж болно. Сүлжмэл сагсыг тоос сорогчоор соруулаад чийгтэй алчуураар арчина. Даавуун сагсыг угаалгын машинаар эсвэл савантай усанд дэвтээж байгаад гараар угаах боломжтой.

 Гэрийн углааш

Та гэртээ ямар ч углааш өмсдөг бай хамаагүй: үстэй, флисэн, арьсан зэрэг – бүгдийг нь тогтмол арчилж байх ёстой. Зөвхөн гадаад өнгө үзэмжийн тухайд биш мөн ариутгал, ариун цэврийн тухай ч яриа хөндөгдөнө. Гэрийн углааш өмсөж байхад бидний хөл хөлөрсөөр л байгааг бүү март. Гаднаас орж ирэнгүүтээ гутлаа тайлаад чийгтэй хөлтэйгээ гэрийн углаашаа л өмсдөг биз дээ? Хөвөн даавуун материалаар хийсэн углаашийг савантай усанд дэвтээгээд зөөлөн сойзоор зүлгэж угааж болно. Хэрвээ та үсэрхэг углааш өмсдөг бөгөөд өнгө үзэмжийг нь алдагдуулахаас айгаад байгаа бол савантай усаар зөөлөн арчиж цэвэрлэнэ, савангийн үлдэгдлийг чийгтэй алчуураар авна. Хамгийн сүүлд хуурай алчуураар арчаад цаас чихэж хатаагаарай.

Хөргөгч болон гал тогооны тавилгын бариул

Хөргөгч болон гал тогооны тавилгын бариулыг бид хоол унд, тос наалдсан гараараа л барьдаг. Үүнд гайхах ч хэрэггүй. Тийм учраас бариулууд хурдан бохирдож зунгааралдана, энэ нь нян үржих таатай орчин болно. Ийм таагүй зүйлд хүргэхгүйн тулд ядаж долоо хоногтоо нэг удаа савантай усаар бариулуудыг арчиж цэвэрлэж байгаарай. Ингэхэд л хангалттай. Гялалзсан бариулаас барихад хүртэл таатай, цаанаасаа л нэг цэвэрлэсэн нь мэдэгдээд сэтгэл сэргэнэ.

Сам

Саманд үс хуримтлагдахгүй харин тоос шороо, арьсны тос, хаг, үс арчилгааны бодис хуримтлагддаг, энэ бүгд нян үржих хамгийн таатай орчин болно. Ариун цэвэр сахихыг хүсэж байгаа бол 2 долоо хоногтоо нэг удаа самаа сайтар цэвэрлэж заншаарай. Цэвэрлэхийн тулд юуны түрүүнд үснүүдийг түүж авна. Дараа нь сам багтахаар саванд ус, шампунь хийж самаа хийж хэсэг байлгана. Хэрэггүй болсон шүдний сойзоор самыг сайтар угааж цэвэрлээд урсгал усаар зaйлж бүрэн хатаах хэрэгтэй.

 Гал тогооны цахилгаан хэрэгслийн товчлуурууд

Богино долгионы зуух, шарах шүүгээ, кофе чанагч гээд гал тогооны бүхий л цахилгаан хэрэгслийн товчлуур, тохируулгыг байнга зохих ёсоор анхаарч цэвэрлэж байх ёстой. Гэхдээ товчлуур болгоныг нэг л аргаар цэвэрлэж болохгүйг мөн бүү март. Хуучны загварын хөшүүргэт тохируулгатай зуух зэргийг дурын химийн бодисоор цэвэрлэхэд гэмгүй. Харин мэдрэгчтэй, жишээ нь, богино долгионы зуух эсвэл ухаалаг будаа агшаагч зэргийг зөвхөн усанд норгосон даавуугаар арчаад л хурдан хатааж цэвэрлэхийг зөвлөдөг.

Жорлонгийн ус татах товч

Бид ус зaйлуулах товчлуурт мэдээж маш цэвэрхэн гараараа хүрдэггүй нь ойлгомжтой, энэ утгаараа товчлуурыг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Гэхдээ бид бие засах өрөөг цэвэрлэж байхдаа үүнийг мартаад, илүү бохирдсон гэж үзсэн газруудаа л цэвэрлэчихдэг. Энэ асуудалд анхааралтай хандаж ус зaйлуулах товчлуурыг нойтон салфетка эсвэл нянгийн эсрэг шингэн бодис шингээсэн даавуугаар арчиж байгаарай.

Зурагтны арын хэсэг

Зурагтны арын хэсэг бидний анхаарлыг бараг л татахгүй дээ, арга ч үгүй, хуримтлагдсан тоос шороо нь далд болохоор бидний санааг ер зовоохгүй байгаа юм. Яг л паартай адил хэрэг: тоос шороо агаарт дэгдэж бусад гадаргуу дээр унана. Тиймээ, гэрийн энэ хэсэгт хэдхэн секунд зарцуулаад микрофибр зөөлөн алчуураар дэлгэцийг нь арчиж байгаа юм шиг л тоосыг авна. Дэлгэцэнд ч тэр, арын хуванцарт ч тэр ямар нэгэн химийн бодис хүргэх хэрэггүй, гадаргуу нь эмзэг тул гэмтэх эрсдэлтэй.

Шүдний сойзны аяга

Ямартай ч шүдний сойзоо 3-4 сард нэг удаа заавал сольж байх ёстойг мэдсэн байх, мөн өвчин туссаны дараа ч сольж байх журамтай. Сойзоо сольсон ч хүмүүс аяганд нь тэр болгон анхаарал хандуулдаггүй. Энэ газар – нян, микроб, тэр ч бүү хэл мөөгөнцөр үүсэх таатай орчин болдог. Эдгээр нь шүдний сойзонд халдварлаж таны эрүүл мэндэд аюул заналхийх эрсдэлтэй. Өөрийгөө хамгаалах арга маш энгийн. Долоо хоногийн ээлжит цэвэрлэгээний үеэр шүдний сойз хийдэг аяга эсвэл тогтоогчийг халуун усаар угааж цэвэрлээд бүрэн хатаахад л болно. Шаардлагатай гэж үзвэл нянгийн эсрэг үйлчилгээтэй ам зайлагч дусаагаад сойзоор үрж угаана. Усаар зaйлаад бүрэн хатаахаа мартав.

Залгуур, уртасгагч

Залгуур, уртасгагчны гадна төдийгүй ухсан оролттой хэсгийг ч сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хуримтлагдсан тоос шороо нь галын аюултай. Богино холболт үүслээ гэхэд амархан гал авалцаж түймрийн шалтгаан болно. Ухсан оролтыг цэвэрлэх маш энгийн арга – нарийн хошуу хийсэн тоос сорогчоор соруулах. Утсыг нь цэвэрлэхэд чийгтэй салфетк эсвэл содтой ус байхад л хангалттай. Хамгийн гол нь хэтэрхий их ус хүргэхээс болгоомжлоод бүрэн хатаах ёстойг бүү мартаарай.

Эх сурвалж: XopoM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!