Эрүүл мэнд

Суугаа ажлаас шалтгаалсан нурууны өвчнөөс хамгаалах дасгалууд

Өдрийн турш ширээний ард суух нь нуруунд муу. Хэрвээ суугаа ажил эрхэлдэг бол нуруу хөших, хуян хөөрөх, бөгтийх гэх мэт наад захын сөрөг өөрчлөлтүүдийг мэдрээд эхэлчихсэн байх. Үүнийг мэдэж байгаа ч ажлаа солиход хэцүү учраас амьдралын хэв маягаараа л эрүүл мэндээ хамгаалая

Өглөө, орой бүр 8 минутыг доорх 5 йогийн дасгалыг хийхэд зориулбал нурууны дискний суулт гэх мэт хүнд өвчнөөс хангалттай сэргийлж чадна. Гэртээ хийхэд асуудалгүй ба дасгал бүрийн үеэр амьсгалаа чөлөөтэй авч гарган, тайван хийх хэрэгтэй.

1. Урагш тонгойж нуруугаа сунга


Хэрхэн хийх вэ:
 Хөлдөө бага зэрэг зай авч сул зогсоод амьсгаагаа гүнзгий аваад хоёр гараа урагш чиглэлтэйгээр өргөж мөрнийхөө харалдаа авчирч нуруугаараа 90 градус үүсгэн урагш тонгойнгоо амьсгаагаа гаргаарай. Гараа буулгалгүй чигээр нь урдаа 10 секунд барьж, бэлхүүсээсээ урагш ямар нэг зүйлээс барих гэж байгаа мэт тэмүүлээрэй. Одоо гараа буулгаж хуруугаа газарт хүргэнэ. Хүрэхгүй бол өвдгөө нугалж болно шүү. Шөрмөсөө өвдтөл сунгах шаардлагагүй бөгөөд йогийн утга учир нь өөрт эвтэйхнээр хийж амар амгаланг мэдрэх шүү дээ. Тэгээд дээш босож дээрх хөдөлгөөнөө ахин давтана.
Ашиг тус: Бэлхүүсээрээ урагш тонгойх нь нурууг сунгаж, маш сайн амрааж өгдөг ба хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

2. Нохой шиг суниаж нурууныхаа булчинг эрүүлжүүл


Хэрхэн хийх вэ: 
Урд хоёр хөл дээрээ нохой яаж суниадгийг мэднэ биз дээ? Дэвсгэрийнхээ нэг буланд хөлдөө зайтай зогсоод урагш тонгойж хоёр гар дээрээ тулан нуруугаа дээшлүүлж уул байрлал аваарай. Хоёр гараа аль болох урагш сунгаж дэвсгэрийнхээ нөгөө талд хүрэхийг хичээгээрэй. Толгойгоороо газар руу харж гараа чихний харалдаа байгаа эсэхт анхаарах хэрэгтэй. Нуруугаа хотойлгож, өсгийгөө заавал газарт хүргэх шаардлагагүй шүү. Босохдоо хөлөөрөө урагш алхаж гарныхаа дэргэд ирээд өндийх юм.
Ашиг тус: Нохой шиг суниах нь нурууны булчинг сунгангаа өвчнийг намдааж өгдөг.

3. Могой байрлал өвчинг намдаадаг


Хэрхэн хийх вэ: 
Хөлөө жийн доош харж хэвтээд, гараа толгойныхоо чиг урагш сайтар сунгаарай. Тэгээд хэвлийнхээ харалдаа авчраад газар тулж цээжин хэсгээрээ дээш өндийж могойн байрлал аваарай. Нүдээрээ аль болох дээшээ гараа тэнийлгэн цээжээрээ аль болох хойшлоорой. Дасгалаа хийж байхдаа амьсгалаа чөлөөтэй авч гаргана.
Ашиг тус: Могойн байрлал нь ууцны ачааллыг багасгаж, хэвлийн булчинг сунгаж өгнө.

4. Нуман байрлал хүзүүг чинь суллаж өгнө


Хэрхэн хийх вэ: 
Доош харж хэвтээд гараа арагш сунгаж, хөлөө нугалан гараараа хоёр хөлөө барь. Одоо хөлөө дээш нь таазруу сунгаад өг. 5 секунд бариад биеэ суллаж хэвтээд ахин эхнээс нь давтаарай.
Ашиг тус: Энэ байрлал нь хүзүүний булчинг өдөөж, нурууны бөгтрийг засаж, биеийг зөв байрлалд оруулна. Хэвлийн булчинг сунган, нурууг амраана.

5. Сфинкс байрлал нь нурууг чинь амраана


Хэрхэн хийх вэ: 
Доош харж хэвтээд гараа хэвлийнхээ дагуу нугалж байрлуулан цээжээ дээш өргөөрэй. Тохойг мөртэй нэг шугаманд байх хэрэгтэй шүү. Толгойгоо дээшлүүлэн харцаа тааз руу чиглүүлээрэй. Энэ байрлалаа 5 минут бариад цээж, толгойгоо зөөлөн доошлуулан гараа урагш сунгаад ахин эхнээс нь давтаарай.
Ашиг тус: Сфинкс нь нурууг сунгангаа ууцны ачааллыг багасгаж өгдөг.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!