Эрүүл мэнд

Харшлын сорилын тухай: Та ямар харшилтайгаа мэдэх үү?

Хүний биед харшил үүсгэх боломжтой сая сая төрлийн зүйлс энэ дэлхий дээр бий. Амьдралын болон дархлааны онцлогоос хамааран, таны санаанд оромгүй, итгэхэд бэрх олон зүйлээс харшилж буюу хариу үйлдэл үзүүлж байдаг. Энэ тохиолдолд юунаас харшилж байгаагаа мэдэх нь нэн чухал. Иймд бид эмчилгээнээс түрүүнд яригдах учиртай харшлын сорилын тухай таны мэдвэл зохих зүйлсийг энэ нийтлэлдээ багтаахыг зорилоо.
ХАРШЛЫН СОРИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний бие ямар нэг гаднын биетэд хэт мэдрэг болох буюу сөрөг хариу урвал үзүүлэн, дархлааны систем гэмтэхийг харшил буюу аллерги гэдэг. Аливаа өвчнийг эмчлэхийн тулд юун түрүүнд оношоо зөв тодруулах ёстой байдгийн адилаар харшлын сорил хийлгэх нь харшлын оношийг тодруулж буй явдал юм. Онош зөв тодруулснаар оновчтой эмчилгээг хийлгэх, харшлаа хөдөлгөхгүй байх боломжтой. Иймд танд харшлын ямар нэг шинж тэмдэг, зовуурь (хамар битүүрэх, нүд загатнах, арьсаар юм туурах, найтаах, амьсгалахад хүндрэлтэй болох, нулимс урсах, хөөж хавдах гэх мэт) илэрвэл харшлын эмчид хандаж, сорил өгөх нь зүйтэй.

ХАРШЛЫН СОРИЛЫГ ЯАГААД НЭН ДАРУЙ ХИЙЛГЭХ ЁСТОЙ ВЭ?

Харшил хэдий халдварладаггүй ч, удамших магадлал тун өндөртэйн дээр шаардлагатай үед нь зохих эмчилгээг хийлгэхгүй бол улам даамжрах, өөр төрлийн зүйлсээс амархан харшдаг болох, астма багтраа болж хүндрэх зэрэг олон эрсдэл бий. Нөгөөтээгүүр, харшил нь бүрэн эдгэрэх боломж нэн багатай өвчин тул хөдөлгөхгүй байхын тулд тухайн хүнээс байнгын арчилгаа, хичээл зүтгэл шаарддаг.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хүн амд ургамлын харшил зонхилон илэрч буй бөгөөд цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Жишээ нь, Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-д гэхэд ургамлын харшлын оношоор 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 3781 хүн үзүүлсэн бол энэ оны эхний хагас жилд 4838 хүн болж нэмэгдсэн байна.

ХЭДЭН ТӨРЛИЙН СОРИЛ БАЙДАГ ВЭ?

Харшлын гурван төрлийн сорил байдаг. Хатгах сорил, цуснаас дээж авах сорил, бэгнэх сорилоос сонгон шинжлүүлэх боломжтой.

1. Хатгах сорил:

Хамгийн нийтлэг, хялбар сорил. Гарын шуун дээр харшлын тестерүүдээс дусаан, арьсны өнгөн хэсгийг хөнгөн хатгаж, тухайн тестерт хариу урвал үзүүлж буйг ажиглана.
Давуу тал: 15 минутын дотор хариугаа авах боломжтой. ЭМД төлсөн бол АӨСҮТ болон сорил тавьдаг, улсын бусад эмнэлэгт үнэ төлбөргүй.
Анхаарах зүйл: 24 цагийн хугацаанд сорил тавьсан хэсэгт ус хүргэж болохгүй. Жирэмсэн хүн, хүүхэд, эм тариа хэрэглэж буй хүмүүсээс гадна харшил нь хөдөлсөн болон арьсан дээр тууралт өгсөн үед уг сорилд хамрагдах боломжгүй.

2. Цуснаас дээж авах сорил:

Цуснаас дээж авч, харшлын тестерүүдээр шалгах сорил.
Давуу тал: Ямар ч үед өгөх боломжтой тул хатгах сорил өгөх боломжгүй хүмүүс хамрагдах боломжтой. ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаггүй төлбөртэй үйлчилгээ.
Анхаарах зүйл: Хариу нь 2-3 өдрийн дотор гарна.

3. Бэгнэх сорил:

Одоогоор цөөн газруудад хийгдэж байгаа. Нуруун дээр харшлын сорил бүхий наалтыг нааж шинждэг.
Давуу тал: Илүү нарийн хариу гарах боломжтой. Арьсыг хатгахгүй, хөндөхгүй, өвтгөхгүй.
Анхаарах зүйл: Хариу нь 2-3 өдрийн дотор гарна. Сорил наасан хэсэгт ус хүргэхгүй. ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаггүй төлбөртэй үйлчилгээ.

ХАТГАХ СОРИЛЫГ ӨГӨХӨД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Хатгах сорилыг юун түрүүнд харшил хөдлөөгүй үед хийлгэх ёстой. Дийлэнх хүмүүс харшил идэвхтэй үед сорил өгөхөөр төлөвлөдөг нь тун буруу аж. Иймд харшлын сорилд хамрагдахаар төлөвлөсөн бол харшил хөдөлдөггүй үеэ сонгох хэрэгтэй. Сорил өгөхийн өмнө заавал өглөөний цайгаа уусан байх шаардлагатай. Учир нь сорил өгөх үед гарын арьсан дээр харшлыг өдөөдөг төрөл бүрийн тестерүүдийг дусаадаг тул өлөн ходоодтой байх нь биеийн хариу урвалыг илүү хүчтэй болгох эрсдэлтэй юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!