Мэдээ

Х.Ананд: Франц улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг учир суралцахад нэн таатай орон

Францын Засгийн газрын тэтгэлэг болон тус улсын талаар Францын ЭСЯ-ны Монгол дахь Кампус Францын төлөөлөгч, Франц орон судлаач Х.Анандтай ярилцлаа. Тэрээр Францын Бордо хотын  Montesquie University-г төгссөн бөгөөд тус улсын бүхий л мужуудаар аялан соёл, ёс заншилтай нь танилцсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Францын Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулна уу. Гол шалгуурт юу, юу багтдаг вэ?

-Монгол дахь Францын Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Францын Засгийн газрын магистрт суралцуулах тэтгэлгийг жил бүр олгож байна. Энэ жилийн хувьд нийт найман хүнд  магистрын хөтөлбөрийн тэтгэлэг олгох юм. Тус тэтгэлэг нь голлох хоёр шалгууртай. Үүнд тэргүүлэх зэрэглэл болон хэлний түвшин хамаарах болно. Тэргүүлэх зэрэглэлд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, хүний болон малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл урлагийн салбар, нанотехнологи, инженерчлэл, хот төлөвлөлт багтана.

Хэлний мэдлэгийн хувьд Англи хэл TOEFL-ийн 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна. Франц улсад англи болон франц хэлээр суралцах боломжтой.

ргөдөл илгээж буй хүүхдүүдэд ямар түгээмэл алдаа ажиглагддаг вэ. Мөн тус тэтгэлгийн оюутанд олгох давуу тал нь юу вэ?

-Өргөдөл илгээж буй хүүхдүүдэд түгээмэл хэд хэдэн алдаа байдаг. Жишээлбэл,  материалаа маш дутуу бүрдүүлж өгдөг. Бид Элчин сайдын яамны веб хаяг дээр шаардлага, бүрдүүлэх бичиг баримт зэргийг тодорхой бичсэн байдаг. Гэтэл дутуу эсвэл ямар ч хамааралгүй материалыг бүрдүүлэн орж ирдэг. Мөн магистрын хөтөлбөр хэмээн заасан байхад бусад хөтөлбөрөөр хүсэлтээ явуулдаг. Ийм асуудлаас болж ихэнх хүүхдүүд хасагддаг. Тэгэхээр өргөдөл, материалаа явуулахын өмнө сайтар уншиж танилцах хэрэгтэй болов уу.

Энэхүү тэтгэлэг нь хувь оюутанд маш олон боломжийг олгоно. Жишээлбэл, сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө, сар бүрийн оюутны стипенд нь 767 евро байх ба үүнээс гадна оюутны визагаа үзүүлэн бусад олон төрлийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Францад очих үед таныг мөн Кампус Францын тусгай такси угтаж авах болно. Мөн Франц улсын оюутны виз нь шенгений визед тооцогддог. Иймд та Герман, Испани, Итали, Люксембург, Голланд, Чех зэрэг маш олон орнуудаар аялах боломж бүрдэх юм. Түүнчлэн нэг анхааруулах зүйл нь хэрэв та тус оронд англи хэлээр суралцах бол франц хэлийг Монголдоо заавал үзэж судлаарай. Учир нь дэлгүүр, эмийн сан орох зэрэг өдөр тутмын үйл хөдлөл хийхэд франц хэлээр ярьдаг хүмүүстэй л таарна. Иймд ярианы хэлтэй байхад бас илүүдэхгүй юм шүү.

Удахгүй Францын Засгийн газрын тэтгэлгийн хоёрдугаар шат эхлэх гэж байна. Үүнд оролцох гэж байгаа хүүхдүүдэд та юу гэж зөвлөх вэ. Шалгаруулалт ямар агуулгын хүрээнд болох вэ?

-Францын Засгийн газрын тэтгэлэгт жилд 30-50 оюутан хүсэлтээ илгээдэг. Эдгээр хүүхдүүдээс 15-20 нь хоёрдугаар шат буюу сүүлийн шатанд тэнцдэг. Хоёрдугаар шат ярилцлагын шат байх бөгөөд нийт 15 минут үргэлжилнэ. Тус шатанд орохын өмнө та дараах асуултуудад өөрийгөө сайтар бэлдсэн байх хэрэгтэй.

-Яагаад Франц улсыг сонгож суралцах гэж байгаа вэ?

-Маш олон сургууль, хөтөлбөр байтал та яагаад заавал энэ сургууль, энэ хөтөлбөрийг сонгосон бэ?

-Та тус улсад суралцаад эргээд эх орондоо ирсний дараа нийгэм болон салбартаа ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ, зэрэг эдгээр гурван асуулт маш чухал учир сайтар бэлдэх хэрэгтэй. Хариултыг өөрөөсөө асууж сэтгэлээсээ бэлдэн, агуулгаа зөв гаргаарай.

Засгийн газрын тэтгэлгээс өөр ямар тэтгэлгүүд зарлагддаг вэ?

-Маш олон төрлийн тэтгэлгүүд байдаг. Жишээлбэл, сургуулиас олгох, мужийн, залуучуудын холбооны, “Eiffel Tower” зэрэг тэтгэлэг бий. Тэтгэлэг бүрийн шалгуур харилцан адилгүй тул та бүхэн энэ талаар сайн судлах хэрэгтэй. Түүнчлэн тэтгэлэг авч чадаагүй оюутан сурахад өртөг болон амьжиргааны зардал харьцангуй хямд. Ерөнхийдөө сарын төсөв 612 еврогоор тооцогддог. Үүнд амьдрах байр болон бусад зардлууд орох болно. Сүүлийн жилүүдэд тус улсыг сонирхох залуус их болсон байна. Учир нь Франц улс боловсролын түвшингөөр дэлхийд тэргүүлэхээс гадна төлбөрийн хямд боломжийн үнэтэй байдаг. Нэг үгээр харьцангуй хямд үнээр дэлхийн боловсролыг эзэмшинэ гэсэн үг. Түүнчлэн ихэнх улсын сургуулиуд нь сургалтын төлбөрийг 3-5 хувааж төлөх нөхцөлөөр хангаж өгдөг. Үүний хажуугаар долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Францад “CAF” хэмээх оюутнуудын байр дэмжсэн байгууллага байдаг. Тус байгууллагын тусламжтайгаар оюутны дотуур байр, эвсэл бусад байр түрээсэлсэн ч 30-50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

-Ярилцлагаа Франц улсын талаар үргэлжлүүлье. Тус улсын урлаг соёл, ёс заншлаас бидэнд танилцуулахгүй юу?

-Францын соёл үүх түүх хоёр салшгүй холбоотой. Энэхүү орны нэг бахархууштай зүйл нь хэдэн зуун жилээр хадгалагдан үлдсэн өв соёлоо орчин үетэйгээ хослуулж үргэлжлүүлэн авч явдаг. Үүгээрээ дэлхийд тамгалагдсан юм. Жилдээ зөвхөн Парис хотыг үзэхээр 80 сая жуулчин очиж байна. Францын соёлд дуу хөгжим, уран зохиол, кино урлаг, уран зураг, музей, байгалийн түүхт газруудыг хамруулан ойлгож болно. Ихэнх байгалийн өвөрмөц газар нутгууд нь Юнескогийн дэлхийн өвд орсон байдаг. Та энэ оронд суралцсанаар энэхүү соёлуудыг таньж мэдэхээс хоолны урлаг, дарс виноны талаар маш том соёлыг суралцах болно. Тус улсын хот болгон өөр өөрийн гэсэн алдартай хоол, хоолны урлагтай. Мөн сүүлийн үед тус улсын хүмүүс амьдралын хэв маягаа илүү эко байдал руу шилжүүлж байна.

Хүн сурч боловсроход орчин их чухал нөлөөтэй. Ямар орчинд, ямар хүмүүстэй байна гэдэг өөрөө их чухал юм. Магадгүй  франц залуус гаднаасаа их зантай харагдавч яг харилцаад үзвэл маш сайхан зан ааштай хүмүүс байдаг. Залуус нь үнэхээр филисофилог яриатай. Тус улс нь өөрөө эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн барилдлага гэсэн уриаг баримталдаг. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон юм. Арьс өнгөний үзэл гэж тэнд байхгүй. Хүн бүхэн өөрийн тав тухтай орчноо бүрдүүлэн ажилладаг.

Та Францын аль сургуулийг төгссөн бэ. Сургуулийнхаа талаар танилцуулна уу?

-Би 2016-2019 оны хооронд Францын дарсаараа алдартай Бордо хотын “Montesquieu University”-г төгссөн. Анх 2014 онд би олон улсын фестивальд оролцож явахдаа Францын бүх мужуудаар ганцаар аялсан. Энэ явцад надад амьдрахад таатай, их сургуулийнх нь чанар, чансаа, сонирхож байсан програм зэрэг бүгд таарч байлаа. Иймд тус сургуулийг сонгосон юм. Манай сургууль нь дотроо үнэ төлбөргүй 56 спортын дугуйлан, 38 төрлийн хөгжим, уран зургийн дугуйлантай. Түүнчлэн эмнэлгийн бүхий л үйлчилгээ үнэ төлбөргүй. Үүгээрээ сонирхлыг минь ихэд татаж байсан.

Бүх мужуудаар аялан явсан гэлээ. Ингэж явах үед тус улсын юу нь хамгийн сонирхолтой өвөрмөц санагдсан бэ?

-Тус улсын залуучууд нь нийгмийн идэвх оролцоо маш сайтай. Нийгэм өөрсдөд нь ихэээхэн хамааралтай гэж боддог. Энэ үзэл баримтлал нь надад их таалагдсан.  Бараг хагассайн өдрийн өглөө бүр янз бүрийн жагсаал болдог байлаа. Тухайлбал, хүний эрх, ногоон орчин, агаарын бохирдол, үнийн хөөрөгдлийн эсрэг зэрэг нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлуудын хүрээнд жагсаал болдог бөгөөд үүнд залуучууд дуу нэгтэйгээр жагсдаг. Би оюутан байх хугацаандаа эдгээр жагсаалуудад бас оролцдог байсан юм. Энэ жагсаал нь ихэвчлэн маш үр дүнтэй болдог. Учир нь тэд үр дүнд нь хүртэл жагсаж, тэмцдэг. Тухайлбал, 2018 онд намайг бензиний үнийн өсөлтийн жагсаалд оролцож байхад тэд нийт дөрвөн сар жагссан. Үүний хүчинд эрх баригчид бензиний үнийг бууруулахаар болсон юм.

 

Франц хэлийг хэрхэн ямар арга барилаар сурвал үр дүнтэй вэ?

-Франц хэлийг ширээтэй зүйрлэвэл тухайн ширээний аль нэг хөл нь урт, эсвэл богино байвал тогтворгүй байна. Иймд франц хэл сурч байгаа залууст зөвлөхөд ширээний дөрвөн хөл мэт ярих, бичих, унших, ойлгох зэрэг чадваруудыг нэгэн жигд хөгжүүлэх хэрэгтэй.

Ярих чадвараа хөгжүүлэх бол та бүхэн монгол франц төвийн дугуйланд хамрагдаарай. Бид долоо хоног бүр үнэ төлбөргүй франц хэлний дугуйлан ажиллуулдаг. Үүнд хамрагдах боломж хүн бүхэнд бүрэн нээлттэй.

Түүнчлэн монгол францын төвөөс соёлын арга хэмжээг сар бүр тогтмол явуулдаг. Жишээлбэл тус улсын хоол, мөн хотуудын талаар монгол франц хэл дээр танилцуулдаг. Энэ арга хэмжээнүүдийг үзсэнээр та бүхэн сонсох чадвараа хөгжүүлэх боломжтой.

Бичгийн чадвараа сайжруулахад давтан бичлэг чухал. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг олон удаа давтаж бичих. Миний хувьд анх төрөл бүрийн үлгэр давтаж бичдэг байсан. Дараа нь үүнийг улам хүндрүүлж уран зохиолын ном бичдэг болсон. Ингэснээр өгүүлбэрийн бүтцээ сайн мэдэхээс гадна нүдэнд дасаж амархан цээжлэгдэх болно.

Эх сурвалж: ITOIM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!