Мэдээ

Гар утасныхаа батерейг аль болох хурдан цэнэглэхэд туслах 7 арга

Ухаалаг утас бидний амьдралд олон олон үр ашигтай талыг авч ирдэг боловч заавал цэнэглэх шаардлагатай болдог нь нэгэн сул тал билээ. Өдөр бүр 5.13 тэрбум хүн гар утсаа цэнэглэдэг аж. Харин гар утсыг илүү хурдан цэнэглэх арга байдаг болов уу? Уншигч танд гар утсаа цаг алдалгүй хурдан цэнэглэх боломжийг олгох 7 боломжийг танилцуулахаар бэлдлээ.

1. Утасгүй цэнэглэгчээс татгалз

Утасгүй цэнэглэгч хэдийгээр орчин цагийн шинэ шийдэл болж гарч ирж буй боловч цэнэглэх хугацаа нь харьцангуй удаан буюу утастай цэнэглэгчээс 2 дахин удаан цэнэглэдэг аж. Энэ нь их хэмжээний цахилгаан энерги утас руу оролгүй халуун энерги болон замхардагтай холбоотой. Харин утастай цэнэглэгч нь бүх энергийг утас руу шахаж, илүү хурдтай цэнэг авах боломжийг бүрдүүлсэн байдаг аж.

2. Түргэн цэнэглэгч авах

Түргэн цэнэглэгч кабель нь таны гар утсыг тодорхой түвшинд хүртэл хэвийн хугацаанаас богино хугацаанд цэнэглэдэг бөгөөд тухайн хэмжээнд хүрснээс цааш энгийн цэнэглэгчийн хурдаар цэнэглэдэг аж. Стандарт цэнэглэгч кабель нь 2.5 вольтын гаралттай байдаг бол түргэн цэнэглэгч кабелиуд 18-100 вольт хүртэл дамжуулах хүчин чадалтай байдаг. Өөрөөр хэлбэл их хэмжээний цахилгаан гүйдэл утас руу тань дамжих тусам илүү хурдан цэнэглэдэнэ гэсэн үг. Гэсэн ч энэ төрлийн цэнэглэгч нь түргэн цэнэглэгч кабель дэмжиж ажилладаг гар утаснуудад л ажилладаг тул өөрийн гар утасны үзүүлэлтийг эхлээд шалгаж үзэхийг зөвлөж байна.

3. Цэнэг хэмнэх горимд шилжүүлэх

Хүний зүрх бидэнд цохилж байгаагаа цаг мөч тутамд мэдрүүлээд байдаггүй ч зогсолтгүй ажилласаар байдаг билээ. Үүний нэгэн адил гар утасны аппликейшнүүд ч хүний оролцоогүй ажилласаар байдаг ажээ. Харин тэдгээр аппликейшнүүдийн үйл ажиллагааг цэнэг хэмнэх горимыг идэвхжүүлснээр хязгаарлах боломж бүрддэг байна. Гар утас бүр дэлгэцийн гэрлийг бууруулах, CPU үйл ажиллагааг хязгаарлах, дата хэрэглээг хянах зэрэг өөр өөрийн онцлогт тохирсон цэнэг хэмнэх горимтой байдаг ажээ. Нэгэнт цэнэг хэмнэх горимд гар утсаа шилжүүлсэн бол механик аргаар тухайн үйлдлүүдийг хийх бүрэн боломж мэдээж танд бий.

4. Аппликейшн болон таталтуудаа хянах

Таныг анзаарч ч амжаагүй байхад гар утасны тань аль нэг аппликейшн автоматаар ажиллаж байх магадлалтай. Иймээс цонхолж орхисон аппликейшны жагсаалтаа харж, хэрэглэхгүй байгаа зүйлсээ хааснаар илүү хурдан цэнэглэх боломж бүрддэг аж. Түүнчлэн батарей зарцуулалтын тохиргоог харж аль аппликейшн хамгийн их цэнэг зарцуулалттай байгааг мөн хянах боломжтой. Мөн ямар нэг аппликейшн шинэчлэл татаж байгаа эсэхийг шалгаарай. Энэ замаар та хэрэгцээгүй байдлаар цэнэг унахаас сэргийлэх боломж бий.

5. Цэнэглэгчийн оролт хэсгийг цэвэрлэх

Цэнэглэгчийн оролт хэсгийг та өмнө нь ажиглаж байсан уу? Уг хэсэгт орсон хог, шороо зэрэг цахилгаан дамжуулдаггүй зүйлс хуримтлагдсаар гар утас удаан цэнэглэгдэх нэг шалтгаан болдог ажээ. Иймээс та цэнэглэгчний оролт хэсгийг даралттай агаараар цэвэрлэх, боломжгүй бол шүдний чигчлүүр зэргээр цэвэрлэх боломжтой. Харин хурц үзүүртэй зүйлээр цэвэрлэх нь оролтыг гэмтээх эрсдлийг дагуулж байдгийг анхаарах хэрэгтэй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та цэнэглэгчийн оролтыг хамгаалах бөглөө худалдан авч ашиглах бүрэн боломжтой.

6. Гар утсаа хэт халахаас сэргийл

Гар утас бүр өөртөө дулаан тохируулах удирдлагын системтэй байдаг. Энэ нь гар утсыг хэт халахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цэнэглэж байх үедээ нарны шууд тусгалд гар утсаа тавих зэрэг халалт үүсэх нөхцөлд гар утсыг үлдээсэн үед өөрийгөө хөргөх үүднээс хэт ажиллаж, удаан цэнэглэх нэгэн хүчин зүйл болдог аж. Иймээс гар утсаа цэнэглэх үедээ нарны шууд тусгалаас хол тавих, сэрүүн газарт цэнэглэх эсвэл унтраах зэрэг арга хэмжээ авснаар хурдан цэнэглэх боломжтой.

7. Шинэ батарей авах

Литий бодис агуулсан батарей хэрэглэх явцад муудах, цэнэгээ хурдан алдах зэрэг нөлөө ажиглагддаг тул дээрх аргуудыг хэрэглээд цэнэгээ хурдан авахгүй бол батарейгаа солих цаг болжээ. Зарим гар утаснуудад батарейн үйл ажиллагааг хянах тохиргоо байдаг бөгөөд тэрхүү цонхноос та батарей тань хэдэн хувь хүртэл дүүрч ажиллах боломжтой байгааг харах боломжтой. Иймээс батарей муудсан тохиолдолд солих арга хэмжээ авах нь зүйтэй.

Бонус:  Ухаалаг утсыг 30 секундэд цэнэглэх шинэ технологи Израилийн StoreDot компани маш хурдан цэнэглэгддэг батарей зохион бүтээжээ. Тэд нантехнологи болон хиймэл оюун ухаан ашиглан органик нэгдлүүдээр 30 секундийн дотор гар утсыг бүрэн цэнэглэх боломжийг бүрдүүлжээ. Хамгийн гайхалтай нь энэ технологи нь байгаль орчинд хор xөнөөлгүй, батарейны насжилтад муугаар нөлөөлдөггүй гэдгээрээ онцлогтой.

Тэд энэхүү технологийг хэрэглээнд хараахан нэвтрүүлээгүй байгаа ч тун өндөр хүлээлтийг үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: XopoM

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!