Эрүүл мэнд

Цөсний чулуу үүсэх шалтгаан, шинж тэмдэг

Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Цөсний чулуу гэж юу вэ?

Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна.

Шалтгаан

Цөсний чулуу үүсэх шалтгааныг эрдэмтэд одоог хэр нь бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүй юм.

Энэ өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл болдог ба хүүхэд насанд маш ховор тохиолддог байна. Мөн төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртдөг. Үүнд:

  • Олон удаа жирэмслэх
  • Хэт их идэх буюу удаан өлсгөлөн байх
  • Удамшил
  • Таргалалт буюу жин огцом буурах
  • Холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Чихрийн шижин
  • Элэгний хатуурал
  • Цөсний өтгөрөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг аж.

Явц

Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн үрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно.

Шинж тэмдэг

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй. Өвдөлт арай сул байж, эсвэл бүр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!