Амьдрал

ЭЕШ 800 оноо авахад туслах 5 үнэтэй зөвлөгөө

ЭЕШ таны 12 жилийн амьдралыг дүгнэнэ шүү дээ. Үзэг барьсан турьхан гараас тань томьёо задлах хүртэлх бүх хичээл зүтгэлийг 1 шалгалт тодорхойлно гэхээр хамгийн дээд оноог нь авмаар санагдах биш үү?

Тэгвэл бид энэ удаа таньд ЭЕШ 800 оноо авахад туслах 5 үнэтэй зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

1. Цаг төлөвлөлт

Танд өөрийнхөө мэдлэгийг шалгах 80 орчим минут байна гэж бодъё. Шалгалт 2 хэсгээс бүрдэнэ шүү дээ. Бүх асуултад хариулж амжихгүй бол яана аа? Үүнд та эртнээс бэлдэх хэрэгтэй. Хэсэг бүрт тохирсон багахан хугацааг зөв төлөвлөснөөр сандарч тэвдэхгүй мөн дуусгаад нягтлаж харахад давуу талтай. Одооноос жишиг даалгавар, өмнө жилүүдийн шалгалтыг хийхдээ зөв төлөвлөж сураарай. /+ Бугуйн цаг зүүгээрэй. Дасгалаа хийж байгаад ханын цаг руу хартал их хугацаа алдсан байх вий/

2. Үр дүнтэй багахан хугацаа

Зарим хүмүүс өөрийгөө ядаргаанд оруулах шахам бүхэл өдрийн турш олон цаг суудаг. Олон цаг нэг хичээлээ хийх нь таны ойлгох чадварыг бууруулж, ядаргаатай мэдрэмж төрүүлнэ. Түүний оронд өөрийгөө залхаахгүйгээр богино хугацааг маш үр өгөөжтэй ашиглаарай. Энэ нь ойлгох чадварыг сайжруулах тэр тусмаа цээжлэхэд сайн. /+ 25:5 дүрэм буюу 25 минут хийгээд 5 минут тархиа амрааж болох юм/

3. Өдөр тутмын дадал зуршил

Өдөр бүрийн дадал хамгийн чухал. Яг л хоол идэж байгаа мэт. Хэрвээ та нэг өдөр буруу хооллох эсвэл хоосон хоносноор ходоод тань өвдөж мэдэх юм. Яг үүнтэй адил нэг өдөр тасалдуулах эсвэл өөрийгөө хуурах зэрэг нь сурах давтамжийг алдуулна. Харин тархиндаа өдөр тутам мэдлэг хуримтлуулснаар амжилт гаргах болно.

4. Хуваалцах

Мэдлэгийг хуваалцдаг учраас бидэнд математик байна. Хэн нэгэн татах хүчийг нээчхээд хувиа хичээн чимээгүй өнгөрвөл бид яагаад газар тогтдогоо мэдэхгүй хэвээр. Танд мэдлэг хуваалцах найз хэрэгтэй. Харилцан нэгнээ дэмжиж бодлоо солилцсоноор та өөрийн ойлгоогүй зүйлээ ойлгож болох юм шүү дээ. Мөн ямар нэг зүйлийг хүнд зааж өгснөөр өөрөө илүү сайн эзэмшдэг гэдгийг санаарай

5. Өөртөө итгэ

Эцэст нь хэлэхэд ЭЕШ 800 оноог ямар нэг мухар сүсэг, маань мэгзэм, дам яриа гэх мэт гадны хүчин зүйлс авдаггүй. Зөвхөн чи л авах болно. Өөрийн хичээл зүтгэл, тууштай байдлаараа. Иймээс өөртөө итгэ. Чи чадна!

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!