Сонин хачин

Арслантай авдрын нууц

Хүүхэд өвдөөд байвал нэрийг нь солиод л зүгээр бологчихдог Хөх толбот Монголчууд бид билэгдлийг өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж агуу түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Бид үнэ цэнэтэй бүхнээ хадгалж хоймортоо залах эрдэнэсийн авдар дээрээ ямар учраас арсланг тодотгон дүрсэлдэг байсан талаар дуулгая.

Урьд цагт элдэв өнгө хээтэй авдар олдохгүй эсвэл хийж чадахгүйдээ арслантай авдар хэрэглэж байсангүй. Монголчууд эдийн тэнгэрийн хамгаалагч хэмээн дөрвөн нүдтэй банхар нохойгоо үүднийхээ баруун хаяанд тэжээж. Дөрвөн хүчтэний нэг арслангаар эд баялгаа хамгаалуулан авдар дээрээ зурж сийлдэг байжээ.

Айлын хойморт аав, ээжийн хоёр авдар байх бөгөөд дээр нь нэг нэг арслангийн дүрсийг гадагш харуулан дүрсэлж тохирох хээгээр хүрээлэн чимэглэнэ. Мөн хээ зураг чимэглэл нь тухайн айлын онцлогт тохирох билэгдлийг агуулсан байх бөгөөд чандмань эрдэнэ, ам цагаан хулгана зэргийг билэгдэл болгон оруулж арслангийн аманд эдийн дээд хэмээн билэгдэн хадаг зуулгах эсвэл саварт нь эрдэнэ билэгдэж молор атгуулсан, үр удмаа хамгаалж байхыг билэгдэж гүеэг тэврүүлсэн гэх мэт олон янзаар дүрсэлсэн байдаг.

Арсланг хоёр тийш харуулдаг нь сахин хамгаалах билэгдэл болно. Авдартаа үнэ цэнэтэй зүйлээ хадгалахаас гадна хурганы арьс, шагай, сур, арвай, арц ганга гэх мэт 9 зүйлийг дээжлэн хийдэг байсан нь эд баялаг, буян хишгээ хураахын билэгдэл болгон тусгайлан хийдэг байжээ. Хүн төрөлхтөн билэгдлийн ач холбогдлыг чухалд тавьдаг. Жишээ нь төрийн сүлд, туг дарцгаас эхлүүлээд компани аж ахуйн нэгжүүдийн лого таних тэмдэг гээд бүгд ямар нэгэн утга санаа билэгдэл илэрхийлж байдаг. Билэгдэлийн агуулга, ач холбогдолоос болж мандан бадрах уруудан доройтох нь ч бий.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!