Ээжүүд

Бага насны хүүхдийн хөл яагаад өвддөг вэ?

Өсөлтийн насны хүүхдүүд дунд шилбэ, өвдөгний ар хэсгээр өвдөлт мэдрэгдэх нь түгээмэл. Энэ үед эцэг эхчүүд өндөр болж байгаа шинж тэмдэг гээд хүүхдээ гүйлгэх, их хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авдаг. Тэгвэл энэ нийтлэлээр өсөлтийн өвдөлт буюу бага насны хүүхдийн булчин шөрмөс яагаад өвддөг вэ? Хэрхэн хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэе.

Бага насны хүүхдийн хөл яагаад өвддөг вэ

Тухайн өвдөлт нь 3-6 болон 8-12 насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог. Ихэвчлэн унтаж байхад өвдөгний ар хэсэг, булчин хэсгээр өвддөг бөгөөд энэ тийм ч ноцтой асуудал биш юм. Яс болон холбогч эдэд өвчин мэдрэгддэггүй ба зөвхөн булчин хэсэгт л мэдрэгддэг өвдөлт юм.

Хэрвээ энэ нь хааяа биш олон удаагийн давтамжтай, эсвэл хүчтэй өвдөж байгаа бол эмчид хандаж зөвлөгөө аваарай.

  • Бага насны хүүхдийн хөлний өвдөлтөнд дараах шинж тэмдэг илэрч болдог.
  • Шөнө, оройн цагаар өвдөлт мэдрэгдэнэ.
  • Хүүхдийг нойрноос сэрэхүйц хэмжээний хүчтэй өвдөж болдог.
  • 2 хөл хоёул өвддөг
  • Тогтмол биш үе үе өвдөлт мэдрэгддэг.
  • Зарим тохиолдолд толгой өвдөх, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг хамт илэрч болдог.
  • Хэвийн алхах, гүйх, тоглоход саад болдоггүй бөгөөд доголох, хазгай гишгэх шалтгаан болдоггүй.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨЛНИЙ ӨВДӨЛТИЙН ШАЛТГААНУУД

Ихэнх тохиолдолд хүүхдийн ясны өсөлттэй холбон тайлбарладаг ч эрдэмтэд энэ шалтгаан дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим хүүхдүүдийн хувьд цөөн шөнө өвдөөд хэвийн байдалдаа ордог бол зарим хүүхдүүд олон жилийн турш үе үе өвдөх нь бий. Тэгэхээр хүүхэд бүрт харилцан адилгүй хугацаагаар үргэлжилдэг тул бусад хүүхдүүдтэй өөрийн хүүхдээ харьцуулахгүй байх нь зүйтэй.

Булчин шөрмөс өвдөх нь хэд хэдэн шалтгаантай байж болно:

Булчингийн ядаргаа
Ердийнхөөс илүү дасгал хөдөлгөөн хийсэн үед булчинд хэт ачаалал үүсэн өвдөлт үүсдэг.

Буруу зогсох
Буруу суух, зогсох, эвгүй алхах үед биеийн булчингуудад ердийнхөөс илүү их ачаалал өгч өвдөлт үүсдэг.

Хөлний нумгүй байх
Хөлний нумгүй байх тохиолдол хэд хэдэн шалтгаантай байдаг. Энэ нь ихэвчлэн удамшлаас шалтгаалдаг бөгөөд энэ төрлийн шалтгаант тохиолдолд нумтай улавч, гутал сонгохыг зөвлөдөг.

Эрдэс бодис, витамины дутагдал
Д витамин болон түүний биед шимэгдэх үйл явцыг дэмжих бусад эрдэс бодисын дутагдал нь түгээмэл шалтгаан болдог. Энэ тохиолдолд хүүхдэдээ шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор хангах нь чухал юм.

АВАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

Уг өвдөлтийн үед онцгойлсон эмийн жор, тусгай заавар байдаггүй. Гэсэн хэдий ч өвдөлтийн намдаах дараах арга хэмжээг хэрэгжүүлээд үзээрэй.

Бүлээн банн
Унтахаас нь өмнө бүлээн баннд оруулах нь булчинг амраахад тустай.
Массаж
Өвдөлт мэдрэгдэж буй хэсэгт зөөлөн массажлах, үрэх нь зангирсан булчинг суллахад онцгой нөлөөтэй. Мөн хүүхдээ тэврэх ч мөн маш ач тустай.

Сунгалтын дасгал
Өдрийн цагаар шилбэ, гуяын булчинг сунгах дасгал хийх нь урьдчилан сэргийлэх онцгой ач тустай. Гэхдээ хүүхдийнхээ сунгалтын онцлогт тохирсон дасгал хийлгэхийг зөвлөе.
Амин дэмээр баялаг хүнс, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
Амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх нь тэргүүний асуудал тул онцгой анхаарах шаардлагатай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!