Эрүүл мэнд

Чонон хөрвөс өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Чонон хөрвөс гэдэг нь янз бүрийн шалтгаант хүчин зүйлсийн үйлчлэлээр арьсны хялгасан судсууд өргөсч, судасны нэвчимтгий чанар ихэссэний дүнд арьсны өнгөн хөрсөнд тархмал улайлт болон хязгаарлагдмал хаван үүсч, бэлцрүүт тууралт гарч хүчтэй загатнах шинжээр илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин.

Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь бүх амьдралынхаа аль нэг үед нь чонон хөрвөс өвчнөөр өвчилдөг гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс илүү өртөмхий байдаг. Энэ өвчин нь гэнэт эхэлж, 24-48 цагийн дотор гарч алга болох ба харшил төрүүлэгч, дулааны нөлөө, дасгал хөдөлгөөн зэргээр сэдээгддэг арьсан дээр нь бэлцрүүт тууралт гарч, маш их загатнадаг.

Шалтгаан

Чонон хөрвөс өвчний шалтгаан, сэдээгч хүчин зүйлүүд олон янз. Үүнд: Эм, химийн бодисууд: Үрэвслийн эсрэг дааврын бусбэлдмэлүүд (Индометацин, метиндол, салицилат) зэрэг оношилгооны тодосгогч бодисууд, хар тамхины гаралтай өвчин намдаагч бэлдмэлүүд, инсулин, пенициллин зэрэг антибиотикууд

Хүнсний зүйл: Газрын болон модны самар, хушга, шар буурцаг, өндөг, сүү, гурил, жимс, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн

Физикийн хүчин зүйл: Туяа, механикдаралт, үрэлт, халуун, хүйтэн,

Халдварын хүчин зүйл: Амьсгалын дээд замын халдварыг үүсгэгч вирус, нян, мөөгөнцөр, шимэгч гэх мэт

Агаарын харшил төрүүлэгчид: Гэрийн тоос, агуулахынхачиг, ургамлын тоос, тоосонцор, мөөгөнцөр гэх мэт

Зонхилон тохиолддог өвчнүүд: Дотоод шүүрлийн булчирхай, бамбай булчирхайн өвчин, вирусын шалтгаант элэгний үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл гэх мэт

Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин аналгетик болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.

Урьдчилан сэргийлэлт

  1. Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.
  2. Хэрэв өвчилсөн бол мэргэжлийн арьс, харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Юунд харшилдгаа мэддэг байхнь чухал.
  3. Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй эмчлэх гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдээс мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.
  4. Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг өвчний шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэнэ. Мөн Харшлын сорилууд (бэгнүүрэн сорил, хатгах сорил) тавиулж болно.
  5. Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, амьдралын буруу хэвшлээс татгалзах, бие махбодын өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

Хориглох хоол хүнсэнд:

  • Спирт агуулсан бүтээгдэхүүн /Архи болон бүх төрлийн согтууруулах ундаа, айргийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй/
  • Халуун ногоо /хар улаан перец, цагаан гаа, сармис, шанцай гэх мэт/
  • Амттан /Шоколад, зөөлөн чихэр, өндөг, сүү, лаазалсан бүтээгдэхүүн/
  • Жимс, жимсгэнэ /Чацаргана, апельсин, мандарин, манго, хан боргоцой зэрэг исгэлэн жимснүүд /
  • Хүн өөрийн гэр, ажлын орчныг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчныг бүрдүүлэх, архи, тамхи хэрэглэхгүй байх, биеэ чийрэгжүүлэх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!