Ан амьтад

3 сартай бамбарууш айлын хотонд иржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.
Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь 1 сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.
/Гэрэл зургийг Г.Баярбатын цахим хуудаснаас/

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!