Мэдээ

Ковид-19-ийн үед ахмад настнуудынхаа сэтгэл зүйг дэмжээрэй

Ковид-19 цар тахлаар 65 наснаас дээш насныхан болон ужиг хууч өвчтэй хүмүүс өвчлөх, амь насаа алдах эрсдэл өндөр байгаа. Та бидний аав ээж, ахмад настангууд маань цар тахлын улмаас айж эмээн, түгшиж байгаа энэ үед тэднийг илүү ойлгож, сэтгэл санааг нь дэмжин туслаарай.

Юуны өмнө 65-аас дээш насныхны бие махбод болон сэтгэл зүйн онцлогийг мэдэх нь зүйтэй. Үүнд:

  • Өтөл насныхны бие бялдрын хувьд булчин шөрмөс суларсны улмаас хурд хүч буурдаг. Бие махбодын өөрчлөлтөөс болж хүчгүй, сул дорой мэдрэмж төрдөг.
  • Ясны сийрэгжилт, хөдөлгөөний эвсэл алдагдсанаас болж бэртэж гэмтэх магадлал өндөрсдөг.
  • Дархлаа муудсан байдаг тул өвчлөмтгий болдог.
  • Өтөл настнууд тэтгэвэрт гарч хамт олны харилцаанаас хөндийрснөөс үүдэн гансарч, ганцаарддаг.
  • Нийгэмд эзлэх байр суурь нь өмнөх үетэй нь харьцуулахад буурсан мэт мэдрэмж төрүүлдэг.
  • Санхүүгийн боломж багасах болон хараат болдог. Үүнээс үүдэн хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэмж төрж, сэтгэлээр унах, гутрах нь их болдог.
  • Үе тэнгийнхэн, найз нөхөд, ханиа алдах нь их байдаг тул гашуудах, гансрах, ганцаардах мэдрэмж хүчтэй мэдэрдэг.
  • Өнгөрсөн амьдралаа эргэж бодож, харамсах, өөрийгөө буруутгах эсрэгээр өөрөөрөө бахархах, баярлах мэдрэмжүүд төрдөг.
  • Ирээдүйдээ итгэл багатай болох, айдас түгшүүрт автах, сэтгэл гутралд орох нь ихэсдэг.
  • Сэтгэл гутралаас үүдэн хоолны дуршил багасах, нойргүйдэх, байнга ядарч сульдах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
  • Настнуудад бие физиологи, сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд бий болж байгаа энэ үед гэр бүл, ойр дотныхны халамж, анхаарал ихээхэн чухал нөлөөтэй.

Тэдний сэтгэл санааг хэрхэн дэмжих вэ?

  • Яриаг нь анхааралтай сонсох
  • Дурсамжаа ярих боломж олгох
  • Талархлаа илэрхийлэх
  • Гэр бүлийн чанартай цаг гаргах
  • Чухал, үнэ цэнэтэй гэдгийг нь мэдрүүлэх
  • Чаддаг зүйлээр нь гэр бүлийн үйл ажиллагаанд туслуулж, оролцуулах
  • Урамшуулан, магтах
  • Хэрэгцээ шаардлагыг нь мэдэж, хангах
  • Цэвэр агаарт гарах
  • Амьдрах орчин, гэр орон нь тав тухтай байх
  • Тусдаа амьдардаг бол ойр ойрхон уулзах болон холбоо барих.
  • Сэтгэл санаа өөдрөг байх нь дархлааг сайжруулж, өвчин тусах магадлал багасдаг тул та гэр бүлийнхээ ахмад настай хүмүүсийн сэтгэл санааг дэмжээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!