Гоо сайхан

Борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд цайруулах шилдэг аргууд

Хөдөө гадуур зугаалж, аялж, амарсан хүмүүс арьсаа хэрхэн цайруулж, хуучин хэвэнд нь оруулах талаар асуудалтай болчихсон хүмүүстээ арьс цайруулах хамгийн үр дүнтэй аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд цайруулах шилдэг аргууд

1. Нимбэгний шүүс түрхэх
Нимбэгний шүүсийг олон жилийн турш арьс цайруулах өвөрмөц арга болгон хэрэглэж ирсэн билээ. Энэ нь таны үхжиж, түлэгдсэн бор арьсыг гуйжуулж, цайруулах үйлчилгээтэй юм. Та нэг ширхэг нимбэгийг шахаж, шүүсийг нь аяга устай хольж, арьсныхаа борлосон хэсэгт түрхэх бөгөөд 15 минут болсны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Мөн та долоо хоногт хоёроос гурван удаа тус аргыг хэрэглэвэл зохилтой бөгөөд нимбэгний шүүсээр биеэ арчсаны дараа чийгшүүлэх тосыг түрхэж байгаарай. Энэхүү арга нь ердөө 2-3 долоо хоногийн дараа гэхэд л үр дүнгээ өгч эхлэх юм.

2. Сүү, нимбэгтэй ус
Та эхлээд ванндаа бүлээн ус хийж, үүндээ аяга сүү, хэрчсэн нимбэгийг хийж өгөөрэй. Усаа сайтар хутгаад усандаа орж, 20 минут тайван хэвтэх ёстой юм. Энэ нь арьсыг тань цайруулахаас гадна зөөлөг торгомсог болгох аж. Долоо хоногт нэг удаа ийн усанд орсноор сарын дараа гэхэд л үр дүнд нь мэдрэгдэж эхлэх бөгөөд хэт халуун усанд орж болохгүй гэдгийг анхаараарай.

3. Тараг, зөгийн балтай маск
Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй болохыг бид бүгд мэднэ. Харин үүнийг зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнгээ түргэн шуурхай үзүүлэх нөхцөл болдог аж. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. Үүнийгээ 15 минутын дараа угааж цэвэрлэх бөгөөд тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой юм.

4. Төмсөн маск
Төмсөө хальстай нь чанаад, арилгаж нухах бөгөөд үүний дээрээс 2 халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмж өгөх аж. Сайтар хутгаж, хольсны дараа нүүр, хүзүү зэрэгтээ түрхэж, 20-25 минут тайван хэвтэж амраарай. Харин товлосон цаг болмогц, нүүрээ халуун бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчих юм. Мөн эцэст нь арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч тос эсвэл лосьоныг түрхэж өгвөл илүүтэй үр дүн үзүүлэх аж.

5. Химийн найрлагатай бүтээгдэхүүн бүү хэрэглэ
Хурдан цайрах гэсэндээ химийн бодис агуулсан хүчтэй бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэж, хэрэглэж яавч болохгүй. Энэ нь арьсыг тань гэмтээж, үхүүлэхээс гадна хуурайшуулж, үрчлээ үүсэх гол тулгуур болж өгдөг юм. Хичнээн яаралтай цагаарч, өнгөлөг болохыг хүсч байлаа ч, химийн орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож болохгүй байна шүү.

6. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн
Борлосон арьсаа цайруулахад бас нэгэн чухал нөлөө үзүүлэх зүйл бол гоо сайхны бүтээгдэхүүн юм. Та борлосон байгаад гоо сайхны бүтээгдэхүүн тэр тусмаа крем, энгэсэг сонгох гэж байгаа бол яг одоо байгаа арьсныхаа өнгөнд тааруулж аваарай.

Эс бөгөөс нүүрний тань арьс хүзүүнээс хэт ялгарч, тун ч эвгүй харагдах бөгөөд ингэснээр будаг шингэхгүй байх талтай. Иймээс та цагаарч, буцаж хэвэндээ ортлоо ямартай ч арьсныхаа өнгөнд таарах, тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл зохилтой аж.

7. Арьсаа гуужуулах
Та усанд орохдоо биеийн скраб хэрэглэж, үхжиж, муудсан арьсаа гуужуулаарай. Энэ нь таны цайрах үйл явцад гайхалтай нөлөөг үзүүлэх бөгөөд түргэн хугацаанд үр дүнгээ үзүүлэх аж. Мөн усанд орж, бие болон нүүрнийхээ арьсыг гуужуулж, цэвэрлэсний дараа чийгшүүлэх тосыг түрхэж өгөхөө мартуузай.

8. Чийгшүүлэх
Арьсаа тогтмол чийгшүүлснээр цайрах явц түргэсдэг байна. Мөн тэр хэрээр арьс тань зөөлөрч, толигор болох аж. Хэрэв та цайруулах бүтээгдэхүүн, маск зэргийг тогтмол хэрэглэж байгаа бол сүүлд нь заавал чийгшүүлэх тосыг түрхэж хэвшээрэй. Учир нь цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн, маск зэрэг нь арьсыг хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол үр нөлөө үзүүлэх нь бүү хэл, эсрэгээрээ арьсыг гэмтээж орхих аж. Тиймээс цайрахыг хүсч байвал чийгшүүлэх тосыг дотны найзаа болгоорой.

9. Нарнаас зайлсхий
Та цагаарахыг хүсч байгаа боловч наранд гарахаас өөр аргагүйд хүрвэл нарны тосыг заавал хэрэглэж заншаарай. Энэ нь нарны хорт хэт ягаан туяанаас таны арьсыг хамгаалж, борлох, түлэгдэхээс сэргийлэх аж. Мөн ямагт малгай өмсөж, хүзүү биеэ хамгаалан, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!