Хоолны жор

Амтат солонгос хоолны хялбар жорнуудаас гэртээ хийж сурцгаая

1. Чихэрлэг соустай тахианы мах

Орц:

– Тахианы мах – 500гр
– Өндөг – 1 ширхэг
– Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
– Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
– Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
– Соус: Крахмал – 3 хоолны халбага
– Сое соус – 2 хоолны халбага
– Кетчуп – 1 1/2 хоолны халбага
– Венегар – 1/2 хоолны халбага
– Гүнжидийн тос – 1/2 цайны халбага
– Сахар – 2 хоолны халбага
– Ус – 200гр

Хийх арга:

  •  Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ нэг ширхэг өндөг хийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна.
  •  Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /
  • Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал, сое соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.
  • Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин нэг минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана. Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/

2.Тагтуритан

Орц:
1. Тахиа (1 ш)
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Гүчү Жан
9. Улаан перц

Хийх арга:

Тахианы махаа том хэмжээтэй хэрчнэ. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд таван минут буцалгана. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. Шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэмж хийгээрэй.

3. Галби Жим 

Орц:
-үхрийн хавирга 500-600 гр
-ус 4 цайны аяга
-сонгино 2-3 ширхэг
-сармис 3-4 хумс
-ногоон сонгино 50-60 гр
-алимны цуу 1/4 цайны аяга
-элсэн чихэр 3 хоолны халбага
-гүнжидийн үр 2 хоолны халбага
-нунтаг сармис цайны халбага
-лууван 2 ширхэг
-цагаан лууван 2 ширхэг
-төмс 3 ширхэг
-улаан чавга 50-60 гр
-сое соус 1/2 цайны аяга
-зөгийн бал 2 хоолны халбага
-хар перц 1/2 цайны халбага
-хар мөөг 40-50 гр

Хийх арга:

  • Өөх багатай /өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
  • Махаа тогоонд хийж дээрээс нь дөрвөн цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, сармисыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
  • Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавирга, бусад ногоогоо шүүж аван шөлийг сэрүүн газар тавьж хөргөөнө.
  • Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
  • Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцайх талтай.
  • Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Дараа нь галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана.
  • Шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод бэлэн болгоно.

4. Догбуги

Орц:
-Каре дог  350гр
-лууван 20гр
-бөөрөнхий сонгино 80гр
-нитари мөөг 100 гр
-үхрийн мах 100 гр
-дэвтээсэн пюүги мөөг 70гр
-сүгжү 50гр
-өндөг 1ш
-бага зэрэг хушны самар
-ясны шөл 1 аяга
-Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага
-Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс , чамкрым бага зэрэг,
-Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбаг, бяцалсан сармис 1 халбага, цуу 1/2 халбага, чамкрым 1/2 халбага, гүнжидтэй давс 1/2 халбага
-Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс 1/2 халбага, перц баг зэрэг орно.

Хийх арга:

  •  Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосоныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.
  • Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.
  • Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.
  • Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндэсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийж амталсаны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.
  • Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулны тавганд чамкрым хийсэний дараа Доггоо хийнэ.
  • Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.
  • Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсэний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!