Эрүүл мэнд

Дугархүү эмчийн цөс угаах заавар

Хүний биед цөс нь ямар үүрэг гүйцэтгэх вэ? Бидний идсэн хоолны өөх тос нь ходоодноос 12 хуруу гэдсэнд орох тэр агшинд цөсний цорго нээгдэж өөх тосыг задлах үүрэгтэй байдаг.

Дам буюу зохиомлоор цөсний гэрийн агшилтыг нэмэгдүүлж, ялгаран гарах хугацааг богиносгон дээд гэдсэнд цөс түрэн орох үйлдлийг түргэсгэн улмаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээр гүйлгэж эхлэхийг цөс угаах гэнэ.

Энэ нь цөсний гэрийн цөс бүрэн суллагдах бололцоог бүрдүүлж байгаа хэрэг юм. Цөсийг угааснаар өөх тосны солилцоо зөв явагдаж цөсний зогсонгишлыг бүрэн арилгаж, шар усны зохицуулалт хэвийн явагдсанаар өнгө зүс сайжирна. Монголчууд цөсийг хэд хэдэн аргаар угаадаг. Шар сүү ээдэм, дасгал хөдөлгөөн, зондоор угаах зэрэг арга бий. Сүүлийн үед хэрэглэж буй рашаанаар угаах аргыг зөвлөе. Юуны түрүүнд хэвлийгээ эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.

Цөсийг угаахдаа урд өдөр нь хөнгөн шингэн хооллож маргааш өглөө нь босоод бие засч, амаа сайтар угаах хэрэгтэй. Дараа нь өлөн элгэн дээрээ буюу 7-8 цагийн хооронд угаана. 200 гр Кука курортная эсвэл Оргил рашааны аль нэгэнд магни сульфат хийж хутгаж найруулаад гашуун амтыг амтлахгүйгээр том балгаж ууна. Араас нь 500-600 гр рашаан ууж, баруун хажуугаараа буюу цөсний хүүдий оршдог талаар баруун хөлийг нугалж баруун хавирганы нуман дагуу бүлээн жин тавьж 30-40 минут нумарч хэвтэнэ.

Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг.

Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөс угаасны дараа 3-7 хоног өөх тостой хайрсан, хуурсан, хоносон хоол идэхгүй эмчийн зааврын дагуу 5-7 хоногт давтан угааж болно. Улирал бүр жилд хоёроос доошгүй удаа цөсөө угааж байх нь таны эрүүл аж төрөхөд тустай.

Их эмч Дугархүү

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!