Эрүүл мэнд

Нойр булчирхайн үрэвсэл яагаад, юунаас болж үүсдэг вэ?

Нойр булчирхай гэдэг нь ходоодны ард байрлах, дасан зохицох чадвартай холимог булчирхай бөгөөд хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл, нүүрс ус болоод илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулах үүрэгтэй.

Нойр булчирхайн үрэвсэл нь архаг болон цочмог гэсэн хоёр хэлбэр бөгөөд цочмог үрэвсэл нь хүнд хэлбэртэй байдаг. Зуны улиралд цочмог үрэвслийн тоо илт нэмэгддэг ба учир нь өдөр тутмын хоолноос өөр хурц хоол хүнс буюу хорхог, архи, айраг, тостой хоолыг гэнэт их хэмжээгээр хэрэглэдгээс болдог байна.

Ерөнхийдөө нойр булчирхайн үрэвсэл цөсний буруу ажиллагаанаас шалтгаалдаг ба энэ нь тэр чигтээ бидний амьдралын хэв маягтай холбоотой юм. Вирус, эмийн хордлогоос үүдэлтэй байж болох ч энэ нь маш бага хувийг эзэлдэг аж.

Харин нойр булчирхайн архаг үрэвсэл:
– Ажлын ачаалал
– Хэт их стрес
– Хөдөлгөөн багатай
– Хүчил төрөгчийн хомсдолтой байснаас болж удаан хугацаанд цөс буруу ажилласнаас буюу амьдралын буруу хэмнэлээс үүддэг.
Харин цочмог үрэвслийн үед:
Нойр булчирхайн цочмог үрэвслийн өвдөлт нь зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвддөг. Цочмог үрэвслийн үед хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах, бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах, хоолны дуршил буурах шинж илэрнэ. Хүнд хэлбэрт хүрвэл богино хугацаанд хэвлийгээр хүчтэй өвдөх (шоконд орсноор ухаангүй болох), бөөлжих, амьсгалын дутагдалд орж, уушгины стрес хам шинж илэрнэ. Яваандаа бөөрний дутагдалд хүргэж, нойр булчирхайн суваг гэмтэнэ, идээлнэ, уйланхай үүсэх ба гэдэс түгжирч, хэвлийд шингэн үүсч хожуу үүеийн хүндрэлүүд үүсэж болно.
Үрэсвлийг илрүүлэх гол шинжилгээ:
Хэвлийг эход харна. Цусны шинжилгээ хийж үрэвслийн шинж илрүүлнэ. Цөсөнд чулуу байгаа эсэхийг эхо, MRI шинжилгээгээр мэднэ. Нойр булчирхай эмчлэгддэг ч хүнд хэлбэрийн үрэвсэл бүрэн эдгэж, эрүүл нойр булчирхайтай ижил ажиллаж чадахгүй аж. Үрэвслийг илрүүлэх урьдчилсан сэргийлэх шинжилгээ гэж байхгүй ба гол нь цөсөө сайтар анхаарч, амьдралын хэв маягаа зөв удирдаж байх хэрэгтэй юм. Тухайлбал:
– Архины хэрэглээг багасгах
– Ходоодыг тайван байлгах буюу халуун ногоотой, чихэр ихтэй хүнсийг бага хэрэглэх.
– Өглөөний цайгаа сайн уух, орой 7,8 цагаас хойш хурц хоол ихээр идэхгүй байх
– Ижил цагт унтаж, босох
– Өлсөх эсвэл хэт их идэхгүй байх
– Хөдөлгөөний хомсдлоос сэргийлж дасгал хийх
– Таргалалт, чихрийн шижин зэргээс сэргийлж байвал зохино.
Ямар хоол хүнснээс татгалзах вэ?
– Гурилан бүтээгдэхүүн
– Цагаан будаа
– Халуун ногоо
– Өөх тостой хоолны араас хүйтэн зүйл уухгүй байх
– Архи, пиво
– Тамхи /Тамхи нь ходоодыг их ажиллуулдаг бөгөөд үүнийг дагаад нойр булчирхай цочирдог./
– Хоолыг шарж хайрж, хэт их амтлагч хийх нь муу.

Үрэвссэн тохиолдолд өвдөлт намдаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж хоол сойгоод эмнэлэгт хандах нь зөв юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!