Гоо сайхан

Хуурамч үнэртэй усыг хэрхэн ялгах вэ?

Үнэртэй ус худалдан авахдаа анхаарвал зохих, хуурамч үнэртнийг хэрхэн ялгах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
 Хуурамч бүтээгдэхүүн авах нь ямар үр дагавартай вэ?
Мэдээж та хуурамч бүтээгдэхүүн авснаар мөнгөө үр ашиггүй үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдэхүүнд ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул таны арьсыг түлэх, харшил өгөх, мөн та өөртөө түрхсэн үнэртнээр амьсгалж байдаг тул хортой химийн бодисоор амьсгалах, улмаар амьсгалын замаар таны харшил өгөх аюултай. (Европ болон Хойд Америкт албан ёсны үнэртэй ус хийдэг том ба жижиг фирмүүд бүгд бүх бүтээгдэхүүнээ маш өндөр эрүүл ахуйн стандартаар шалгуулсны дараа худалдаанд гаргадаг) Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав!

Хуурамч үнэртнийг хэрхэн таних вэ? Та сүрчиг худалдан авахын өмнө дараах зүйлсийг анхаараарай.

Үүнд:

1. ДЭЛГҮҮР. Зөвхөн баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Үнэртэй ус бол ер нь тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой. Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний үнэртний хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бөөний сүлжээнээс авч цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн үнэртнийг ямар оронд ямар дэлгүүрт худалдаалж байгааг нягтлан шалгах боломж багатай байдаг. Харин Chanel гэх мэт тансаг хэрэглээний компаниудын болон зөвхөн тэр брэндийн exclusive/private collection буюу жирийн сүрчгүүдээс нь илүү өндөр үнэ, чанартай тусгай, хувийн цуглуулгын үнэртнийг зөвхөн тэр брэндийн boutique буюу нэрийн дэлгүүрт зардаг. Жишээ нь Hermиs-ийн Hermessence гэсэн цуглуулгад багтсан сүрчгийг жирийн дэлгүүрт бус зөвхөн Hermиs-ийн boutique-д борлуулдаг. Niche буюу тусгай сонирхлын брэндийн үнэртнийг зөвхөн тэр компанитай гэрээтэй дэлгүүрт зардаг учир тэр брэндийнх нь вэб хуудаснаас ямар улсад зөвхөн ямар дэлгүүрт зарж байгааг интернетээс харж болно. Жишээ нь Frederic Malle гээд фирмийн үнэртнийг аль улсад ямар хотод ямар дэлгүүрт зарж байгааг вэб хуудсан дээрээс нь холбоо барих хаягтай нь хамт харж болдог.

2. ИНТЕРНЕТ. Онлайн дэлгүүрээс үнэртэн худалдан авах бол зөвхөн баталгаатай үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын вэб хуудаснаас авах хэрэгтэй. Тэр онлайн дэлгүүрүүдэд өгсөн хэрэглэгчдийн rating буюу хараат бус хөндлөнгийн үнэлгээг заавал шалгах хэрэгтэй. Мөн бараа буцаах журам (return policy)-тай нь сайн танилц. Мөн Youtube дээр хуурамч үнэртнийг ялгах тухай видео олон бий, сүрчгийнхээ нэрээр хайгаад үз.

3. ХАЙРЦАГ, ШИЛ САВ БА УСНЫ ѲНГѲ, КОД, ГУУРС. Сүрчгийн хайрцаг ба сав шил нь маш цэвэрхэн, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байх ёстой. Үнэртэн хийдэг фирмүүд нь мэргэжлийн дизайнерын компаниудаар хайрцаг, сав шил, баглаа боодлыг бүтээлгэдэг тул ямар нэгэн болхи, мэдээжийн нэр, үг үсэглэлийн алдаатай байх ёсгүй. Хайрцгийн гадуурх сэлфань бүрхүүл нь ямар нэгэн өө сэвгүй, хайрцаг ба шил савны хэлбэр, лого, бичилт тэмдэглэлийн хэвлэлт, өнгө будаг, цавуу наалт нь болхи, чанар муутай биш байх ёстой. Бас шүрших, цацах даралттай механизм нь ямар нэгэн саадгүй ажиллах ёстой. Үнэртэн нь тунгалаг жигд өнгөтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн, хэт өтгөн биш байх ёстой. Хэрэв та хаа нэгтэйгээс авах гэж байгаа үнэртний оригинал нь ямар харагдаж, мэдрэгдэж үнэртдэгийг мэдэхгүй бол жинхэнийг нь зардаг дэлгүүр дээр очоод харьцуулж үз. Сүрчгийн оригинал эсвэл хуурамч гэдгийг нь кодыг нь хараад мэдэж болно эсвэл оригинал үнэртний гуурс нь тэгшхэн байдаг зэрэг нь буруу ойлголт юм. Үнэртний бортого дээр ч бай, гаднах хайрцаг дээр ч бай, тухайн код (barcode) бол зүгээр л тоо. Ямар ч үйлдвэрлэл явагдаж байгаа газар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тоолж бүртгэж авах нь тодорхой асуудал. Интернет дээр тэр үнэртний кодыг оруулаад оригинал эсэхийг нь шалгадаг гэх веб хуудас, аппликэйшн байдаг ч эдгээр программуудын ажиллах зарчим нь тун энгийн, тэр нь үнэртний компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллийг таны оруулсан кодтой харьцуулна гэсэн үг. Таны оруулсан кодыг тэр вэб хуудас танилаа гэж бодоход зөвхөн тэр тоо нь бүртгэгдсэн байна л гэдгийг илэрхийлж байгаа болохоос бус таны гарт байгаа үнэртэн нь оригинал эсэхийн баталгаа болж чадахгүй. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тэр үнэртэн, бортого, хайрцаг савыг дуурайлган хийж чадаж байгаа ч хэдхэн тоог хуурамчаар хийж чадахгүй гэж үү.

Энэ залруулгын логик нь мөн л үнэртний гуурстай холбогдох буруу ойлголтод хамаатай. Зах зээл дээр байгаа олон мянган үнэртнүүдийн дунд шулуухан гуурстай нь ч бий, далий нь ч бий. Хэрэв үнэхээр гуурсны шулуун эсэхээр таньж болдог байсан бол тэр хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тийм жижиг зүйл дээр алдана гэж үү. Код ба гуурс зэрэг нь ерөнхийд нь харах олон зүйлийн нэг хэсэг болохоос дангаараа ямар ч баталгаатай шинж тэмдэг биш.

4. ҮНЭ. Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч этгээдүүд мөнгө олохын тулд тухайн үед хамгийн их зар сурталчилгаа нь идэвхтэй явж байгаа эсвэл амжилттай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг. Тиймээс зах зээл өндөр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг танд үнэмшихээргүй үнээр санал болгож байгаа нь өөрөө сэжигтэй зүйл. Би дэлхийн дөч илүү орнуудад хэдэн зуун удаа нисэж, олон дути фри барааний дэлгүүр, өндөр үнэтэй сүрчгийн дэлгүүр орж байсан ба дэлхийн хаана ч нийтлэг хэрэглээний үнэртэй усны үнэ нь ерөнхийдөө тогтвортой байдгийг ажигласан. Дэлгэрүүлбэл нийтлэг хэрэглээний брэндийн үнэртнүүд 1 мл нь 1 ам.доллар байдаг ба гэхдээ хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 хувиар хямдарна. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцоогоор 50 доллар ба 100 мл нь 75-80 доллар байх жишээтэй. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй. Тиймээс үнэмшмээргүй хямдхан бол хуурамч байх магадлал өндөр. Ялангуяа хувь хүнээс гар дээрээс хямдхан авах нь өндөр эрсдэлтэй. Гэхдээ энд албан ёсны томоохон дэлгүүрүүдийн улирлын шинжтэй эсвэл баярын хямдралыг тооцохгүй. Жишээ нь Европ болон хойд Америкт улирлын болон баярын хямдралаар үнэртэн 50-70 хувь хүртэл хувь хямдардаг.

Эдгээр нь хамгийн наад захын таних тэмдгүүд ба одоо танд хамгийн чухал таних аргыг зааж өгье.

5. ҮНЭР. Орчин үед бүх зүйлийг компьютероор хийдэг болсон үед ямар ч хуурамч барааг хүний нүд ялгахгүйгээр үйлдвэрлэж байна. Ийм зөвхөн хараа ба хүрэлцэхүйн мэдрэмждээ найдаж үнэртэй ус авах нь эрсдэлтэй. Тиймээс таны хуурамч үнэртний наймааны эсрэг хамгийн найдвартай зэвсэг тань таны үнэрлэх мэдрэмж юм. Иймээс үнэртэхгүйгээр хэзээ ч битгий үнэртэй ус худалдаж аваарай. Эхлээд үнэртээд үз. Арьсан дээр цацахад үнэр нь чанартай үнэртэхээс гадна үнэрээ барих, үнэрээ түгээх чанар сайтай, таны арьсан дээр ямар нэгэн харшил өгөхгүй, арьсанд зөөлөн шингэж байх ёстой.

Тиймээс хэрвээ таны сонирхлыг татсан үнэртэн таарвал эхлээд тэр сүрчгээс юу үнэртэхийг судал. Ингэхийн тулд үнэртэй усны лавлах ном, интернет дээрээс тухайн үнэртний ноотуудыг хараад таны тэр сонирхсон сүрчгээс яг тэр ноотууд үнэртэж байгаа эсэхийг шалгана. (Ноот гэдэг нь нэгж үнэт тосноос гаргаж буй үнэр юм. Жишээ нь уг үнэртэнд сарнай цэцэг, зандан мод, хүдрийн заарны ноот орсон бол эдгээр ноотууд яг энэ дэс дарааллаараа л үнэртэх ёстой.) Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг этгээдүүд хайрцаг сав шилийг дуурайлгаж хийж чадах ч тэд хэзээ ч мэргэжлийн үнэртэй усны мастеруудын найруулсан үнэрний ноотуудыг, тэр сүрчгийн бүтэц, тэр үнэртнийг бүтээхэд гаргасан уран сэтгэмжийг дуурайлгаж чадахгүй. Жишээ нь хамгийн их мэдээлэлтэй зах зээл дээр гарсан бүх л усны ноотнуудыг зурагтай нь хамт нарийвчлан харуулсан вэб хуудас бол Fragrantica.mn юм. Танаас шалтгаалах зүйл гэвэл та үнэрний ноотнуудыг ялгаж сурах нь зүйтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!