Амьдрал

Эх оронч О.Дашбалбарын том хүү Гангабаатар түүний замналыг ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ. Гаднаа ямагт даруу бай, гайхуулах хэрэггүй ТЭНГЭР МЭТ АГУУ бай

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2021.09.20-ны өдрийн хуралдаанаар МУИС-ийн Хуульзүйн сургуулийн профессор Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон байна. Дашрамд сонирхуулахад, Гангабаатар нь төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт найрагч О.Дашбалбар агсны хүү юм.

Яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга гэдэг газар мэндэлсэн. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургууль төгссөн. Тэрээр Оддын аялгуу, Жаахан шарга, Гэрэлт хайр, Гол ус намуухан урсана, Зүүдний мөнгөн шувуу, Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Эдгээр номд түүний Талын хөх чоно, Дарьганга аялгуу, Тэнгэр шиг бай, Янжинлхамыг баясгах дуулал зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтсан байдаг.

1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байлаа. Нэрт яруу найрагчаас гадна О.Дашбалбар монголын улс төрд өвөрмөц төрхтэй нэгэн байлаа. УИХ-аас гаргах гэж буй хуулиудыг эх орончийн нүдээр харан шүүмжлэн, жинхэнэ эх оронч сэтгэлээр үгээ цогтой хэлдэг байлаа. Монгол дээл өмссөн, урт үстэй улс төрийн гэхээсээ эгэл, ерийн нэгэн монгол төрхтэй тэрээр парламентын дугуй танхимын индэр дээрээс Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол зөвшилцөж улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг, Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй гэж хэлж байж.

Их найрагч маань 1999 оны 10-р сарын 16-нд дөнгөж 42 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний Амьддаа бие биенээ хайрла, Дүү нартаа зэрэг шүлгүүд нь бидэнд ухаарал хайрласан ч өөрийгөө хайрлуулж амжилгүй өөд болсон юм.

 Үлгэрийг би мэднэ. Аль хэдийн яруу найрагчийн сэтгэл өвс ногооны үнэртэй холилдон салхин биед нэгдэж үдшийн торгомсог агаарт уусахдаа ямархан нэг үл тайлагдах Үлгэр эхлүүлэв .Яруу найрагчийн сэтгэлийн нууцлаг түлхүүрээр л онгойх тэрхүү үлгэр-т нэгэн ер бусын совин билиг далд оршин үлдэв. Харин үлгэрийг би мэднэ хэмээн яруу найрагч өөрийн ертөнц дотор бол нээлттэй орших тэр нууцлагт ирээдүйн бүх О.Дашбалбар байсан юм. О.Дашбалбар 1978.7.24-нд Жигжидийн зусланд бичсэн энэ шүлгээ миний ажил дээр ирж бичгийн машинаар захидлын цаасан дээр хоёр хувь машиндаад өнгөн хувь дээр нь гарын үсгээ зураад надад дурсгасан нь хожмоо алтаар ч сольшгүй үнэт эрдэнэ болон үлдэх юм хэмээн бид хоёрын хэн нь ч санаагүй биз. Гэхдээ л цаг хугацааны үл тайлагдах үлгэр-ийн эхлэлийг совингоороо хэн хэн нь мэдэрсэн ч байж магадгүй. Аливаа сод бүтээлд он цагийн мэдрэмж, од гарагийн эрхшээл, оюун сэтгэлгээний совин бэлгэ, нар сарны солбицол, таталцал түлхэлцэлийн хүчин зүйл хамааралтай байдаг нь улам бүр тодорхой болж байна. Чухам ийм эрхшээлийн шалтгаанаар энэ шүлэг О.Дашбалбар хэмээх их мөрөн голын эх болсон ажгуу.

Яруу найргийн томоохон наадмын тайзан дээр Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ! хэмээн уншиж л байсан, харин сонсогчид жирийн л шүлгийн хэмжээнд хүлээж авдаг байсан. Яруу найрагч энэ шүлгээ өөрийн нэрийн хуудас хэмээн баттайяа итгэж ганц уншигч байсан ч цөхрөлтгүй хүргэсээр л байв. Ингэсээр нэг мэдэхэд мөнөөх шүлэг яруу найрагчийн цээжнээс хорин оны намар шувуудтай цуг нисэн нисэн одсон юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!