Амьдрал

Ж.Уранчимэг: Би залуу насандаа амьдралын уйтгар гуниг, хагацал зoвлoнг хангалттай амссан. яг л энэ амьдралыг хүсч хайж эрж явсан

1970,1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгийг Эх үрсийн элбэрэл Ханийн дуу, Оюутны намар дуугаар нь ард түмэн андахгүй.

Тэрээр 50 насны босго хэдийнэ давсан ч залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиж явна.Та сүүлд хоёр дахь амьдралаа зохиосон. Энэ амьдрал тань зовсны эцэст жаргадаг гэдгийг харуулсан гэдэг?

Би ертөнцийн эзнээсээ гуйсан. Хоёр охин маань том болж байгаа болохоор сайхан ханьтай болчих юмсан гэж бодож явсан. Гэтэл бурхан надад дуучин, драмын жүжигчин хөтлөгч сайхан хань заяасан. Тиймээс би агуу бурхандаа үргэлж талархаж явдаг. Бид 2005 онд ханилаад 2009 оноос уран бүтээл маань ид цэцэглэж анх хүмүүнлэгийн тоглолт хийж эхэлсэн.

Эмзэг бүлэг, асрамжийн газар, хүүхэд, өндөр настан, хорих ангиар явж алдаж эндсэн хүмүүст амьдрах итгэл, урам зориг өгөх зорилгоор эх орны хил, алс баруун хязгаараар явж хоёр жил тоглолтоо хийсэн.

Би тэднийг Та нар маань сэтгэлээ битгий гундаа, та нарыг хань ижил, үр хүүхдүүд тань хайрлаж байгаа, нийгэм чинь хүлээж байгаа гэж тэднийг дандаа зоригжуулж урмын үг хэлж дуу хуураараа баясгадаг байсан. Үүний дараа нийгмийн ажилтнууд нь манай хүмүүжигчид үнэхээр оюутан залуу насаа дурсч байна, анхны захидал, анхны хань, үр хүүхдээ дурсч байна гэж ярьдаг. Эндээс бид ч өөрсдөө урам авдаг. Тийм учраас бурхнаас өгсөн авьяасаараа бусдад хайр энэрэл бэлэглэж хүмүүнлэгийн тоглолт хийж яваадаа сэтгэл хангалуун байдаг.

-Хань тань таны сэтгэлийг юугаараа илүүд татсан бэ? -Бид хоёр тоглолтоор явж байгаад танилцаж байлаа. Дахиад урлагийн ханьтай болно гэж бодоогүй. Бид хоёрын сэтгэл санаа үзэл бодол нийлдэг. Яагаад гэвэл нэг бурханд итгэдэг, бурхнаас эмээж амьдардаг. Тийм учраас манай гэр бүлийн амьдралд завхайрал, архидалт, бухимдал, худал хуурмаг байхгүй. Үүн шиг амар тайван амьдрал алга. Би яг л энэ амьдралыг хүсч хайж эрж явсан. Хамтдаа бусдын хайрын төлөө үйлчилж бурхнаас өгсөн авьяасаараа ажиллаж амьдарч байна.
Хөдөө гадаа, Европын орнуудаас Оюутны намар дууг дуулдаг Урнаа гавьяат болж гэнэ, ирж тоглохгүй юм уу гэсэн хүсэлтүүд байнга ирдэг. Тийм учраас бид хоёрын тоглолт үргэлжлээд л байх болно. Өмнө нь би залуу насандаа амьдралын уйтгар гуниг, хагацал зовлонг хангалттай амссан.

Миний анхны хань Соёл эрдэнэ хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч н.Дамдин гэж хүн байсан. Энэ үед бид хоёр гадаад, дотоодоор олонтаа явж тоглолтоо хийдэг байлаа. Хань маань Эрдэнэт хотын Горняк соёлын ордонд ажиллаж байхдаа арав гаруй дуу зохиосон. Бидэнд эндээс байр өгсөн. Ингээд л амьдрал ид цэцэглээд бага охин маань ой хүрээгүй, том охин маань дөнгөж гурван нас хүрч байхад хань маань 31-хэн насандаа бөөрний дутагдлаар хорвоог орхисон. Энэ үед жирийн нэгэн дуучин надад амьдралын хүнд цохилт болсон. Ханийнхаа зохиосон дуу болгоныг дуулаад үнэхээр сайхан байлаа.

Хоёр охиноо урлагийн хүн болгоно гэж мөрөөдөж ярьдаг байсан. Гэсэн ч би тэр бүхнийг даван гарч, хүүхдээ Соёлын яамны ясли, дотуур байраар дамжуулж сургасаар байгаад өдий зэрэгт хүргэсэн. Бидний жаргалтай мөчүүд богинохон ч гэлээ маш их зүйл үлдсэн байдаг.
-Хатанбаатар дуучин та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл? Бурхан хүнийг зөв ариун шударга амьдар гэдэг шүү дээ. Түүн шиг бусдыг уучлах, хүнийг хайрлах, амар тайван амьдрал энэ л хамгийн чухал. Энэ хайраар л бид хөглөгдөж явна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!